2018 онд жуулчны хувиар Монголд анх удаа ирсэн ч үзэсгэлэнт байгалийг нь бишрэн, нутгийн ард түмний эелдэг зочломтгой занд дассан АНУ-ын иргэн Брианна Вилсон удалгүй бүр суурьшихаар ирснээс хойш даруй найман жил өнгөрчээ.
Тэрбээр Гүржээс Монгол хүртэл Ланд Крузер автомашинтай ганцаарчилсан аяллыг өмнө нь хийж байв. Монгол оронд "дурласан", эмэгтэй соло аялагчийн энэ хүртэлх аялал, амьдралын сонирхолтой адал явдлынх нь талаар бид ярилцсанаас гадна Монголд амьдарч буй гаднын хүний нүдээр бидний эх орон хэрхэн харагддагийг сонирхохоор "Гаднынхны нүдээр Монгол" буландаа түүнийг урьсан юм.
Иргэншил: АНУ
Монголд амьдарч буй хугацаа: 8 жил
Одоогийн эрхэлж буй ажил: Аялагч-сэтгүүлч
"МОНГОЛ ОРОН НАМАЙГ ҮНЭХЭЭР АЛМАЙРУУЛСАН"

-Та Монголд анх хэзээ ирсэн бэ?
-Би 2018 оны зургадугаар сард ирсэн. Эхэндээ жуулчны хувиар л Монгол оронтой танилцахаар ирж байв. Тухайн үед би Монголын талаар тийм ч сайн мэдэхгүй, үнэндээ ямар ч төсөөлөл, хүлээлтгүй ирсэн. Гэхдээ Монгол орон намайг алмайруулсан.
Өргөн уудам газар нутаг, хүмүүс нь, цаатан ахуйтай танилцаж, мориор аялсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Анхны аялал миний амьдралыг өөрчилсөн туршлага болсон. Анх ирсэн дурсамж маань энэ.
Энд ирэх хүртэл ийм зочломтгой занг өмнө нь мэдэрч байгаагүй юм билээ.
- Та яагаад Монголд үлдэхээр шийдсэн бэ? Монголын амьдралд хэрхэн дасан зохицов?
- Дасан зохицоход мэдээж хэцүү байсан. Би 2018 онд хоёр долоо хоног ирээд, 2019 онд зургаан сарын хугацаатай буцаж ирэхээр шийдсэн. Тэр үед найзтайгаа 30 жилийн настай шаахай мотоцикл худалдаж аваад, Монголын төв хэсэг рүү богино аялал хийсэн. Миний мэргэжил аяллын сэтгүүлч учраас тухайн үед би Монголын талаар цөөнгүй нийтлэл бичсэн. Азид хэзээ ч амьдарч байгаагүй надад маш шинэлэг туршлага байв.
Би энд амьдрах дуртай. Улаанбаатар бол амьдрахад үнэхээр амар хот. Хэт их хэрэгцээ шаардлага байгүй, их энгийн. Хотоос хөдөө гарахад амархан. Ердөө нэг цаг яваад л хүнгүй мэт уудам тал нутагт оччихдог. Тиймээс би энд амьдрах дуртай. Би зун бүр эргэж ирдэг байж байгаад одоо энд бүтэн цагаар ажиллаж, амьдарч байна. Тиймээс одоо энэ бол миний гэр.
- Монголд амьдарснаар аливааг харах өнцгийг тань өөрчилсөн үү?
- Мэдээж. Монгол хүмүүстэй харилцах нь өөр хаана ч мэдэрч байгаагүй онцгой мэдрэмж төрүүлдэг. Тэд маш зочломтгой, аливаад чин сэтгэлээсээ, бас эелдэг. Гудамжинд сая нэг хүн "Би зүгээр л таныг инээмсэглүүлэх гэсэн юм" гэхийг та сая хараа биз. /Биднийг ярилцлагын зураг авч байхад нэг эрэгтэй түүнийг инээлгэхийг оролдож байв. Сурв./
Энэ л монгол хүний онцлог. Энд ирсэн эхний өдрүүдэд сэрүүхэн байсан тул хангалттай зузаан хувцасгүй, хөдөө явахад нэг нь надад дээлээ өгнө, эсвэл зузаан гутал өмсүүлээд, "Манай гэрт ор, дулаац" гэх... Тэр эелдэг байдлыг би өмнө нь өөр олон оронд харж байгаагүй, ялангуяа миний амьдардаг Америкт.
Өөрөөр хэлбэл би энд ирэх хүртэл ийм зочломтгой занг өмнө нь мэдэрч байгаагүй юм билээ. Энэ надад маш онцгой санагдсан учраас би хөдөө гарч, монгол соёлтой бүр сайн танилцаж, бас бусдад түүнийгээ хуваалцах гэж нүүдэлчин ахуйд цагийг өнгөрөөхийг эрмэлзэх болсон.
"ЗАРИМ ЗҮЙЛСИЙГ ЗӨНД НЬ ОРХИХ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГОСОН"

- Та Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маягаас ямар үнэтэй сургамж авсан бэ?
- Хамгийн сайн ойлгосон зүйл бол заримдаа бүхнийг өөрийн хүслээр удирдах гэж хэт хичээх хэрэггүй. Зарим үед зүгээр л урсгалаар нь өрнөх боломжийг олгох хэрэгтэй байдаг. Хөдөө ямар нэг зүйлийг албадвал хэзээ ч төлөвлөснөөр болдоггүй. Амьдралд зарим зүйлсийг зүгээр л зөнд нь орхих хэрэгтэй.
Ингэвэл хэт төлөвлөж, хүчилснээс илүү сайнаар эргэх ч тохиолдол байдаг. Тиймээс би олон зүйлийг хэт хянаж, хатуу төлөвлөхөө больж, юу ч болбол болог гэдэг болсон. "Монгол цаг" гэж байдаг даа. Тэр их зүгээр. Завсрын жижиг мөчүүдэд ч онцгой зүйлс бий.
Жишээ нь нэг хөндийд айл гэрээ барьж байхад нь та гүйж очоод тусална, эсвэл хүлээж байхдаа өөр хүмүүстэй танилцаж, яриа өрнүүлнэ. Энэ бүхэн надад хяналтаасаа салж, амьдралыг удаашруулж, өмнө нь анзаарч байгаагүй жижиг зүйлст анхаарлаа хандуулан үнэлж сурахыг заасан.
- Улаанбаатар амьдрахад их таатай бөгөөд амархан гэлээ. Агаарын бохирдол, түгжрэлийг хэрхэн даван туулж байна вэ?
- Би хаашаа ч явган явдаг, машин барих шаардлага бараг байхгүй.
Би шинэ адал явдлуудыг эрэлхийлж, түүнийгээ мэдрэх бүрдээ бусдад санал болгодог, сонин сайхнаа хуваалцдаг.
Хэрэв би өдөр бүр машинтай явдаг байсан бол бодол маань өөр байх байсан болов уу. Энд машинтай явна гэдэг хар дарсан зүүд, зогсоол ч мөн адил. Би амьдралын хэв маягтаа дасан зохицсон. Оффис гэрээс холгүй, ихэнх газар руу алхчихдаг. Энд найз нөхөдтэй болох, гоё зоогийн газар, кофе шоп олох амархан.
Улаанбаатарт гоё кофе шоп олон. 2018 онд анх ирэхэд тийм биш байсан. Энэ утгаараа амьдрахад "амар" хот. Гэхдээ өвлийн агаарын бохирдол, бараг 6-7 сар үргэлжлэх замын түгжрэл хэцүү. Хүйтэн цаг агаар, цасан шуурга надад бэрхшээл биш, харин замын түгжрэл, утаа бол жинхэнэ сорилт.
Гэхдээ би Улаанбаатарт дуртай. Мэдээж төгс хот биш ч надад сайхан санагддаг. Улаанбаатар өөрийн гэсэн онцлогтой. Би аливаад дасан зохицож сурсан минь азтай.
-161228-871172488.jpeg)
- Таны Монгол дахь хамгийн мартагдашгүй аялал, адал явдал юу вэ?
- Адал явдал бүрдээ би "Энэ бол хамгийн мартагдашгүй нь..." гэж хэлдэг, тэгэхээр бүх аялал маань мартагдашгүй сайхан байдаг. Гэхдээ хамгийн их нөлөөлсөн болоод ч тэр үү, энд анх ирсэн үе минь онцгой санагддаг. Тэр аялал миний нүдийг хамгийн их нээсэн.
Майханд унтаж, хэдэн өдөр морь эсвэл цаа буга унаж, цаатан ястнуудтай уулзсан тэр аяллыг би хамгийн их эргэн санадаг. Ер нь аялалд гарах бүрдээ би шинэ туршлагыг бий болгож байдаг. Бүс нутаг бүр харилцан адилгүй өөр, ялгаатай угсаатнууд, хосгүй зан заншилтай. Би шинэ адал явдлуудыг эрэлхийлж, түүнийг мэдрэх бүрдээ бусдад санал болгодог, сонин сайхнаа хуваалцдаг.
Би сүүлийн үед зүүн аймгуудад цагийг их өнгөрүүлсэн, жуулчдад Хэнтийг зорих хэрэгтэй гэж зөвлөдөг. Маш гайхалтай. Тэндхийн түүх, Чингис хааны төрсөн нутаг, түүний амьдарч байсан мөрөөр, нуур, рашаан, уул толгодыг, зарим зан үйл, ёслолуудыг дэргэдээс нь харах, хамтдаа хийх нь үнэхээр гайхалтай.

- Та хэдэн аймагт очсон бэ?
- Одоогоор бүгдэд нь биш ч энэ зуны сүүл гэхэд бүх 21 аймагт очно гэж бодож байна. Энэ бол миний зорилго. Би зүүн тийш Сүхбаатар аймагт очих хэрэгтэй байна. Мөн баруун болон өмнөд нутгийн олон аймгаар дайран өнгөрсөн. Энэ удаа зарим аймагтай илүү сайн танилцана.
- Та жуулчдад зориулсан аялал зохион байгуулж, санал болгодог уу?
- Тий ээ, би Meanwhile in Mongolia нэртэй Монголын аяллын блог хөтөлдөг. Эндхийн орон нутгийн түншүүдтэй хамтарч, тодорхой аяллын төрлүүдийг санал болгодог. Говийн болон Төвийн аймгуудад нүүдэлчин айлын ахуйтай танилцах, бас Баян-Өлгийн бүргэдчидийн ангийн аяллыг танилцуулдаг. Үндсэндээ бид гаднынханд өөрийнхөө мэдэрсэн, үзсэн тэр гайхалтай туршлагаа мөн мэдрүүлэхийг хүсдэг.
Өөрөөр хэлбэл монгол хүмүүстэй уулзаж, тэр харилцааг мэдэрч, бусдыг ч мөн Монгол ямар онцгой болохыг хараасай гэж хүсдэг.

- Очих дуртай газар танд бий юу? Юу нь тийм онцгой болгодог вэ?
- Би Архангай аймагт их очдог. Тэнд миний мэдэх нэг гайхалтай гэр бүл бий. Тэд яг л миний гэр бүл шиг минь болсон. Би тэднийг харж, хийж буй зүйлсийг нь ажиглан, сүү саалийн цагаар, эсвэл ямаа самнах, хонь хариулах, аргал түүх, бууц цэвэрлэх, нүүдэл суудлын үеэр нь бас тусалдаг.
Тэдний ажил дуусна гэж үгүй, тиймээс би тэдэнд туслах дуртай. Би ихэнхдээ жуулчид эсвэл найзуудтайгаа хамт очдог. Тэд ч мөн тусалж, нүүдэлчин ахуйн хэв маягаас биечлэн суралцдаг. Бид гол төлөв дулаан улиралд аялал зохион байгуулдаг ч өвлийн аялал эхлүүлж магадгүй.
Машин маань л "больё оо" гэхгүй бол би явсаар, аялсаар л байх болно.
- Монголд заримдаа нэг өдөрт дөрвөн улирлыг нэг дор харж болдог шүү дээ. /Биднийг ярилцсан зуны өдөр цас ороод удаагүй байв/
- Тийм ээ, тэр нь маш гайхалтай. Би энд ирэх гэж байгаа хүмүүст зузаан хувцастай ирээрэй гэдэг юм. Гэнэт юу болохыг хэзээ ч таамаглах аргагүй. Өчигдөр цаг агаар сайхан байсан ч, дараа өдөр нь би цастай зураг тавихад хүмүүс "Гэхдээ чи саяхан л сайхан, нартай өдөр байна гээ биз дээ!" гэдэг юм. Тийм ээ, гэхдээ энэ Монголд үүнийг урьдчилан тааварлашгүй. Энд та бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй.

- Та Гүржээс Монгол хүртэл Тоёота Ланд Крузерээр ганцаараа аялал хийсэн гэсэн. Тэр аяллын туршлагаас бидэнтэй хуваалцаач?
-Би Тбилисид Тоёота Ланд Крузер 78 худалдаж аваад, арын хэсгийг ор, гал тогоо, хөргөгчтэй болгож өөрчилсөн. Аялж, дотор нь амьдрахад хэрэгтэй бүхнээ багтаасан юм. 2023 оны дөрөвдүгээр сард гараад, Азербайжанаар дамжин гурван долоо хоног зарцуулж энд ирсэн.
- Чухам яагаад ганцаараа аялахаар шийдэв?
- Цар тахал эхлэхэд би Тбилисид гацсан, хөл хорионд орсон. Тухайн үед Монголд амьдардаг байв. Хил нээгдсэний дараа би тэндээс худалдаж авсан машинаа засаж, Монгол оронтой илүү их танилцаж, аялахаар шийдсэн.
Гэхдээ би машинаа үлдээх үү, эсвэл аваад явах уу гэдгээ мэдэхгүй байсан ч эцэст нь импортолж, энд бүртгүүлсэн. Түүнээс хойш Монголоор автомашинтайгаа аялдаг болсон, машин маань л "больё оо" гэхгүй бол явсаар, аялсаар л байх болно.
- Ганцаараа хэцүү байсан уу? Замаасаа төөрөх, машин эвдрэх, шантрах гэх мэт саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ?
- Урт аялалд багагүй бэрхшээлтэй таарч болох ч, хөдөө нутаг бол миний аз жаргалын газар. Гадаа цаг агаар таагүй байсан ч гайхалтай өдөр минь байдаг. Түлшний шүүлтүүр бөглөрч, хэн ч үгүй газар хий сигналаа дарж, дугуй хагарч шалчийх ч тохиолдол байсан.
Ютүбээс сурсан зарим зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх боломжтой нь сайн хэрэг. Одоо надад Starlink бий, тиймээс ямар нэг зүйл ноцтой болбол хэн нэгэн рүү залгаж эсвэл юу хийхээ интернетээс хайж болно. Мэдээж ганцаараа гацвал хэцүү. Замаа сонгохдоо маш болгоомжтой ханддаг. Шавар, зарим эрсдэлтэй газраас зайлсхийдэг.
Тухайн нөхцөл байдлыг өөрөө туулсны дараа л юу мэдэх хэрэгтэйгээ ойлгодог. Жаахан төвөгтэй санагдаад эхлэхээр би завсарлачихдаг. Жишээ нь Дорнодод хэдэн өдөр амарч, сайхан унтаж, шүршүүрт орж тайвширсан. Өөрөөр хэлбэл хэт их ачааллаас зайлсхийхийн тулд удаан аялах тохиолдол бий. Машин эвдэрвэл тэр газартаа хоноод, маргааш өглөө нь асуудлаа шийдээд л замдаа гардаг.
"МОНГОЛ БОЛ ХҮН БАЙГАЛЬТАЙГАА ХОЛБОГДОЖ БОЛОХ ГАЙХАЛТАЙ БОЛОМЖ"

- Та үзэж туулсан туршлагаараа Монголын тухай ном гаргах төлөвлөгөөтэй юу?
- Хэзээ нэгэн цагт магадгүй. Надад Монголд анх удаа ирж буй хүмүүст зориулсан цахим ном бий. Энд юу хэрхэн ажилладаг, мэдэхэд илүүдэхгүй чухал зүйлсийг тайлбарласан. Харин хэвлэмэл номын тухайд, хэзээ нэгэн цагт хэвлүүлж магадгүй юм.
- Монголчууд өөрсдөө тийм ч их ач холбогдол өгдөггүй ч, яах аргагүй бахархах ёстой зүйл юу гэж боддог вэ?
- Монголчууд өв соёлоо хадгалах, бахархах тал дээр нэлээд сайн гэж боддог. Тэд одоо байгаа зүйлсийнхээ үнэ цэнийг илүү ойлгодог болсон юм шиг санагддаг. Гэхдээ би аялагчдад монгол ахуйн жижиг зүйлсийг зааж өгөх дуртай. Жишээ нь гэрийг тойруулан бүсэлсэн, морины дэлээр хийсэн олс.
Монголчууд үүнийг үнэ цэнтэй гэж өдөр бүр боддоггүй байж болох ч яах аргагүй хүндэтгэлтэйгээр хийдэг, өв соёлын нэг хэсэг юм. Орчин үеийн хөгжлийн ачаар захаас зориулалтын энгийн олс авах илүү хялбар болсон ч монгол нүүдэлчид хэдэн зуун, мянган жилийн турш ийм аргаар хийж ирсэн гар хийцийн олсыг ашигладаг хэвээр байгаа нь гайхалтай.
Би тэдэнд үүнийг маш гайхалтай гэдгийг нь хэлдэг. Тэд ч өв соёлоо бахархалтай нь танилцуулж, хэрэглэж буйгаараа бахдалтай байдаг нь илэрхий байдаг. Жижиг гэлтгүй эдгээр өв соёл, уламжлалууд маш онцгой. Монгол бичгийг дахин сэргээж буй нь сайшаалтай. Залуу үеийнхэн эдгээр биет бус өвийн үнэ цэнийг ухамсарлаж, алдагдахгүй, мартагдахгүй байлгахын төлөө хадгалан хамгаалахыг хичээж байна.

- Та Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүйд ямар боломжууд бий гэж харж байна вэ?
- Хөгжиж байгаа, адал явдалт аялал жуулчлалд асар их боломж бий. Ажил амьдралын онцлогоос шалтгаалж цахимд их цаг өнгөрөөдөг хүмүүс тэрхүү орчноос салан энд ан амьтан, нүүдэлчин амьдралын хэв маяг харж, байгальтайгаа дахин холбогдох боломжтой.
Энэ бол хамгийн том давуу тал. Монгол орон бол хүн өөрийн долгионоо дахин "тохируулах", оффис, компьютерээс зугтаж, хүн төрөлхтний байх ёстой газар болох байгальд, нүцгэн хөлөө газарт, гараа голын усанд хүргэж, бороог алгаараа мэдрэх гайхалтай боломж юм.
Анх Монголд ирсэн цагаасаа л би халуун дулаан угталт, зочломтгой зан, цахимаар олон эелдэг найрсаг зурвас, тусламж дэмжлэг авсаар ирсэн.
- Энэ салбарт ажиллаж буй хүний хувьд улсаас ямар бодлогоор, бизнесийн байгууллагууд аялал жуулчлалын салбарыг хэрхэн анхаарах хэрэгтэй гэж боддог вэ?
- Маш "том" асуулт байна. /инээв/ Энэ их төвөгтэй. Гэхдээ өвийг хадгалж, өвлүүлж, бүгдэд хүртээмжтэй байх нь чухал. Зөвхөн их мөнгө зарцуулж чадах гадаад хүмүүст биш. Зуны зусланд хүүхдүүд хөдөө гарч, нүүдэлчин айлд түр хугацаанд амьдрах нь гайхалтай. Энэ нь зөвхөн жуулчдад биш, бүх Монголчуудад хүртээмжтэй байх ёстой.
- Ингэхэд та хэдэн улсаар аялсан бэ?
- Би тоолж үзээгүй, 40 эсвэл 50 гаруй байх. Тэдгээрээс би Монголыг сонгосон. Их аялах боломж олгодог ажилтай байдагтаа би маш азтай.
- Магадгүй миний асуугаагүй, таны хэлмээр байгаа зүйлээр энэхүү ярилцлагаа өндөрлөе?
- Монголын ард түмэнд болон намайг дэмжсэн, дэмждэг бүгдэд талархлаа илэрхийлмээр байна. Анх Монголд ирсэн цагаасаа л би халуун дулаан угталт, зочломтгой зан, олон эелдэг найрсаг зурвас, тусламж дэмжлэг авсаар ирсэн. "Би энд гацчихлаа, тусламж, зөвлөгөө хэрэгтэй байна" гээд мэдээлэл тавихад туслах сайхан сэтгэлт Монголчууд үргэлж бэлэн байдаг.
Энэхүү сайхан чанар, өгөөмөр сэтгэлд би чин сэтгэлээсээ талархдаг. Монголчууд энэ сайхан сэтгэлээ бусадтай ч хуваалцсаар байна гэж найддаг. Би бусадтай Монголын тухай түүх ярьж, туршлагаа хуваалцсаар байх болно, ингэснээр олон хүн энэ үзэсгэлэнт орноор ганцаар аялагч эмэгтэй хүнд аялах нь ямар байдгийг харах боломжтой.
- Ярилцсанд баярлалаа. Таны алтан шар зам өлзийтэй байх болтугай.
Брианна Уилсоны инстаграм хуудаст зочлох бол ЭНД дарна уу.