“Ойлголт гэдэг үргэлж тайлбар байдаг” Ханс-Георг Гадамер
Бидний амьдрал эх бичвэрийн утгыг ойлгох, тайлбарлах үйл явцын онол болох херменевтикийн эргүүлгэд орчихсон мэт дүр зураг хаа сайгүй ажиглагдана. Ойлголт хийгээд эх бичвэрээс үл хамаарах зүйл ховор болж. Энэ талаар Францын философич Жак Деррида “Текстээс гадуур орших зүйл үгүй” хэмээсэн байдаг.
Текст гэдэг нь зөвхөн бичвэр биш утга агуулга бүтээдэг бүх системийг хэлдэг ба ойлголт бүр тайлбарын системээр дамжина. Текстийн хүрээ нь хэл, утга, тайлбар, хам сэдэв, мэдлэг бүтээх хэлний тогтолцоо, семиотик, бэлгэ тэмдэг, уншигч, зохиогч, эрх мэдэл, түүх, уламжлал, субьектив ба обьектив байдал гээд олон зүйлтэй холбоотой.
Орчин үед ямар нэг ойлголтыг тайлбарлах, тайлбарлуулах хэрэгцээ өсөж түүнээс шалтгаалан тайлбарлахуйн ачаалал үүссэнээр ойлголтыг хэрхэн яаж тайлбарлах өрсөлдөөний талбар, өвөрмөц “зах зээл” бий болсон.
Шинэ ойлголт хаа сайгүй үйлдвэрлэгдэн тайлбарлахуйн эргүүлгэнд улам бүр өртөж, текстийн орчил дунд нэвчсээр. Ойлголт бүхэн орон зай хийгээд цаг хугацааны хувьд давтамжтай гэж үзвэл бидний оюун сэтгэлгээ херменевтик тойргийн эргүүлгэнд нэгэнт автжээ.
Нэг. ТАЙЛБАРЛАХУЙН ТҮҮХЭН АЧААЛАЛ
Херменевтик (Hermeneutics) нь грек хэлний “орчуулах”, “тайлбарлах” хэмээх үгнээс гаралтай. Эртний грекчүүд хэл бол үнэн рүү ч, худал руу ч хөтөлж болох тэмдгийн тогтолцоо гэж үздэг байв.
Харин “херменевтик тойрог”-ын хөгжлийн үндэс нь эртний Библийн тайлбар судлалд байдаг боловч орчин үеийн философийн утгаар Германы философич, орчин үеийн херменевтикийн үндэслэгчдийн нэг Фридрих Шлейермахер (1768–1834) анх системтэй томьёолсон.
Түүний тайлбарлахуйн арга нь аливаа эх бичвэрийг тайлбарлахын өмнө түүнийг ойлгох нь зайлшгүй чухал үе шат хэмээдэг. Ойлголт нь хэсэг ба бүхлийн хооронд дахин дахин эргэлдэх тойрог хөдөлгөөнөөр явагдсаар “тайлбарлахуйн тойрог” буюу “херменевтикийн тойрог” хэмээх ойлголт үүсдэг.
Тэрээр “аливаа текстийн бүхэл утгыг ойлгохын тулд хэсгийг ойлгох хэрэгтэй. Харин хэсгийг ойлгохын тулд бүхлийг ойлгох хэрэгтэй” хэмээх санааг хөгжүүлсэн. Энэ нь херменевтик тойргийн үндсэн зарчим.
Нэг өгүүлбэрийг бүтэн номын утгаар ойлгоно, харин номын утгыг бүрдүүлж буй өгүүлбэрүүдээр нь ойлгоно гэсэн санаа. “Тойрог” хэмээх зүйрлэл нь хэсэг болон бүхлийг дахин дахин шинэ нөхцөлд авч үзэх, өөрөөр тайлбарлан эргэн ойлгох замаар ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлэн өөрчилдөг үйл явцыг дүрсэлдэг.
XIX–XX зууны херменевтик нь “ойлголтын онол” болон хөгжсөн. Текст уншихад эхлээд таны урьдчилсан ойлголт (танин мэдэх чадвар, туршлага) өгүүлбэрүүдийн утгатай хавсарч шинэ ойлголт бүрэлдэн улмаар тайлбарлахад нөлөөлнө. Хэсэг бүрээс авсан ойлголт текстийн бүхэл утга руу нөлөөлж, дараагийн унших явцад таны өмнөх ойлголтыг өөрчилж байдаг.
Ингэж ойлголт давтагдах хэмнэлээр хэсэг ба бүхлийг хооронд нь холбож гүнзгийрнэ.

Шлейермахер аливаа тайлбар нь ойлголтын асуудал байдаг ба херменевтик бол “буруу ойлголтоос зайлсхийх урлаг” гэж үзсэн бол Вильхельм Дильтей (1833–1911) зөвхөн Библийн тайлбар бус бүх хүмүүнлэгийн ухааны танин мэдэхүйн арга (эпистемологийн херменевтик) болгон өргөжүүлсэн.
Вальтер Бенжамин (Walter Benjamin) болон Фредрик Жеймсон (Fredric Jameson) нар марксист херменевтикийн төлөөлөгчид. Жеймсоны үзлээр тайлбар бол түүхэн үйлдвэрлэлийн хэлбэрүүдтэй холбоотой, бүх текст улс төрийн далд ухамсрыг агуулдаг хэмээн “Улс төрийн далд ухамсар (The Political Unconscious) бүтээлдээ өгүүлсэн нь буй.
Мартин Хайдеггер (1889–1976) харин оршихуйн философитой холбон гүнзгийрүүлж онтологийн түвшинд (онтологийн херменевтик) шинэчлэн хүн ертөнцийг ямар ч угтал ойлголтгүйгээр ойлгодоггүй, ойлголт бүхэн тодорхой урьдчилсан төсөөллөөс эхэлдэг хэмээж байв.
Мөн тэрээр херменевтикийг зөвхөн тайлбарлах арга биш оршихуйн үндсэн хэлбэр гэж үзсэн. Түүний хувьд ойлголт бол танин мэдэх арга биш, харин хүний оршихуйн хэлбэр. Түүний “Хэл бол ахуйн орон гэр” (“Language is the house of Being.)” гэж хэлсэн нь херменевтикийн хамгийн алдартай өгүүлбэрүүдийн нэг болсон.
Харин Ханс-Георг Гадамер (1900–2002) орчин үеийн философийн херменевтикт текстийг урьдчилсан ойлголттойгоо уулзуулан тайлбарлах үйл явцад ойлголт байнга шинэчлэгддэг хэмээх хандлага бий болгов.
Тэрээр Хайдеггерийн санааг үргэлжлүүлэн хөгжүүлж ойлголт хэзээ ч тогтмол биш, үргэлж шинэчлэгдэж байдаг, “бид уламжлалаасаа хэзээ ч бүрэн гарч чаддаггүй” гэж үзсэн.
Хоёр. УНШИЖ ОЙЛГОХУЙН ТӨЛӨВШИЛ
Бичгийн соёлын үндсэн талбаруудын нэг болсон сэтгүүл зүйн практикт л гэхэд тухайн сонин, сэтгүүл, сайт мэргэжлийн хүрээнд төрөлжсөн л биш бол бүрэн дүүрэн ойлгож уншигдахуйц товч, тодорхой байж нэг өгүүлбэр дэх үгийн тоог чухалчилдаг.
Тухайлбал, онлайн мэдээнд дунджаар 10–16 үг, сонин, сэтгүүлд 15–20 үг, дундаж уншигчдад зориулсан бичвэрт 14–20 үг тохиромжтойд тооцогддог ба 25-аас дээш үгтэй өгүүлбэр ойлгохуйн түвшинд хүндэрч эхэлнэ.
Уншигдах чадварын судалгаа (readability studies)-нд өгүүлбэрийн урт нь уншигчийн ойлголтод шууд нөлөөлдөг гэж үздэг. Хамгийн алдартай нь Рудольф Флеш (Rudolf Flesch, 1911–1986)-ийн 1948 онд боловсруулсан Флэшийн уншихад ойлгомжтой байдлын индекс (Flesch Reading Ease Index) юм. Өгүүлбэр урт байх тусам ойлгоход хэцүү, үг олон үеэс бүтэх тусам уншигдах чадварт нөлөөлж ойлгоход илүү төвөгтэй болдог гэсэн зарчимд энэ онол тулгуурладаг.
Флэшийн индекс нь текстийг уншихад хэр хялбар эсвэл хэцүүг хэмждэг хамгийн түгээмэл онолуудын нэг ба өгүүлбэрийн дундаж урт болон үгийн үеийн тоонд үндэслэн текстийн уншигдах хялбар байдлыг тооцоолдог.
Нэг өгүүлбэр дэх дундаж үгийн тоо (Average Sentence Length), нэг үг дэх дундаж үеийн тоо (Average Syllables per Word) гэсэн хоёр чухал үзүүлэлтийг авч үзнэ. Ялангуяа орчин үеийн сэтгүүл зүйд “25 үгээс урт өгүүлбэрийг уншигч алдаж эхэлдэг” хэмээх бичгийн дүрэм шахуу ойлголт түгээмэл бий.
Эдүгээ үед дижитал сэтгүүл зүйд өгүүлбэрийн урт улам богиносож, дэлхий нийтийн чиг хандлагад 8–18 үгтэй өгүүлбэрийг хурдан гүйлгэн уншихад болон гар утсаар мэдээлэл хүлээн авагчдад хамгийн тохиромжтой хэлбэр гэж үзэх болсон.
Мөн 1952 онд боловсруулсан Ганнингийн уншихад хүндрэлтэй байдлын индекс (Gunning Fog Index) гэж бий. Текст хэр ойлгомжтой эсвэл бүрхэг утгатайг хэмждэг уншигдах чадварын онол. Энэ онолын үндсэн санаа нь урт өгүүлбэр, олон үе бүхий үг ихсэх тусам текст төвөгтэй болж ойлгоход хэцүү болдог гэсэн ойлголт дээр тулгуурладаг.
Харин энэ онолыг хожим олон судлаач шүүмжилж, богино өгүүлбэр ч ойлгомжгүй байж болохын зэрэгцээ урт өгүүлбэр маш цэгцтэй, логиктой байж чадна мөн гурваас дээш үе бүхий үг болгон заавал “хэцүү” гэсэн үг биш гэдгийг онцолдог. Иймээс энэхүү индекс нь бичвэрийн уншигдах байдлыг хэмжих хэрэгсэл боловч утга, бүтэц, нөхцөл, уншигчийн мэдлэг зэрэг илүү нарийн хүчин зүйлсийг бүрэн илэрхийлж чаддаггүй тал ч ажиглагддаг.
Унших чадвар, уншсанаа бүрэн дүүрэн ойлгох чадвар, ойлгосноо тайлбарлах чадвар гэж бий. Өнөө үеийн хэт их мэдээлэл хүмүүсийн унших чадварт сөргөөр нөлөөлж буй. Унших чадварын хамгийн чухал хэсэг нь уншсан зүйлээ ойлгох.
Сошиал орчинд гэхэд зөвхөн гарчиг хараад мөн эх бичвэрийн ганц өгүүлбэр уншаад бүгдийг нь ойлгочихсон мэт ханддаг уншигчид олон болсон. Угтаа ойлголт гэдэг нь тасалж авсан нэг утга бус, харин хэсэг ба бүхэл, өнгөрсөн ба одоо, уншигч ба эх бичвэрийн хооронд тасралтгүй явагдах харилцан үйлчлэлийн илэрхийллийн үр дүн.
Жишээ нь, нүүрномын тасралтгүй үргэлжлэх скролл хийгээд мэдээлэл байнга солигдох үйл явц нь гүн ойлголт, төвлөрөл, уншиж ойлгох чадварт сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Судалгаагаар (Parry, D. A., & Masur, P. K., 2026, Fleeting Attention While Scrolling: Dwell Time and Exposure in Social Media Feeds) нийгмийн сүлжээний мэдээллийн урсгал дахь ихэнх постыг хүмүүс зарим тохиолдолд нэг секундээс ч бага хугацаанд хардаг.
Маш цөөн хэсэг нь л анхаарлаа удаан хандуулдаг болохыг тогтоожээ. 42,000 гаруй постын үзэлтийг шинжлэхэд анхаарал ихэнхдээ "түр зуурынх" байсан байна.
Ийн дүгнэж үзвэл нэг постыг 1–3 секундэд, нэг минутад 20–60 пост, 10 минутад 200–600 пост гүйлгэж хардаг (бүрэн уншдаг биш гүйлгэж хардаг). Ийн гүйлгэж харах туршилтуудад хүмүүс олон зуун контент үзсэн ч дараа нь санах ой, агуулгын таних чадвар маш бага байж. Скроллыг зориудаар саатуулсан үед хүмүүсийн мэдээлэл санах чадвар мэдэгдэхүйц сайжирсан дүн гарч.
Өөрөөр хэлбэл хүн 300 пост харлаа гэхэд 300 мэдээлэл авч байгаа мэт боловч бодитой боловсруулсан мэдээллийн тоо үүнээс хавьгүй бага байдаг. Энэ нь уншихуйн бүрэн ойлгох чадварт нөлөөлдөг. Дэлгэцэн дээр хурдан гүйлгэж унших үед хүмүүсийн анхаарал илүү их сарнидаг, оюун ухаан нь тэнэж, мэдээллээс мэдээллийн хооронд огцом үсчиж эхэлдэг ба гол санааг ойлгох нь буурч мэдээллийн боловсруулалт багасдаг болохыг тогтоосон.
Мөн нийгмийн сүлжээний хариу үйлдэл, сэтгэгдэл зэрэг тасралтгүй өдөөлт нь ойлгохуйн ачааллыг нэмэгдүүлж, улмаар мэдээлэл ойлгох чадварыг бууруулдаг. Хэрэв ном уншихыг херменевтик тойргийн үйл явц гэж үзвэл уншигч хэсгээс бүхэл рүү, бүхлээс хэсэг рүү эргэн очиж утга бүтээдэг.
Харин нүүрномын скролл бүхэл бүтэн өгүүлэмжгүй, тасархай контекстүүдээс бүрдэж нэг постоос нөгөөд шилждэг. Иймээс херменевтик ойлголтын үндэс болсон үргэлжилсэн анхаарал ба утгын нэгдэл, угтал ойлголт зэрэг сарнидаг гэж тайлбарлаж болно.
"Сошиал сүлжээний скролл соёл нь мэдээллийг богино хугацаанд их хэмжээгээр хүлээн авах боломж олгодог давуу талтай ч херменевтик ойлголт, тунгаан нягталж унших, утга бүтээх чадварыг сулруулж буй. Ийм үед тайлбарын тойрогт төөрөх, утгын эргүүлэгт автах улмаар энэ нь утгын давталтад живж утгын төөрөгдөлд хүргэдэг.
Хайдеггерын үзлээр хүн ертөнцийг “хоосон” байдлаар ойлгодоггүй харин соёл, хэл, оршихуйн онцлогоороо дамжуулан урьдчилан ойлгодог. Энэ үүднээс ойлголт нь хүний оршихуйн бүтэцтэй салшгүй холбоотой үйл явц.
Тиймээс Хайдеггерийн херменевтик нь зөвхөн текст тайлбарлах арга биш оршихуйн үнэн хийгээд ертөнцтэй харилцах бүхэл бүтэн философи болон өргөжсөн. Хожим Гадамер энэ ойлголтыг улам хөгжүүлж, өмнөх херменевтикийн уламжлалаас тодорхой хэмжээнд тасарч гарсан шинэ чиглэл бий болгон бодит байдлын бүхэллэг шинэ ойлголт руу тасралтгүй дөхөх давталтат үйлдэл гэж тодорхойлов.
Түүнийхээр ойлголт нь хэлээр зуучлагддаг. Хүмүүс хоорондын яриа, харилцан ойлголцлоор дамжин бодит байдлыг хамтдаа шинжилж, эцэст нь шинэ ойлголтод хүрдэг. Өөрөөр хэлбэл, ойлголт гэдэг нь ганцаардмал субъектийн дотоод үйл явц биш, харин яриа ба харилцааны дунд үүсдэг хамтын үйл явц юм.
Өнөө үед херменевтик тойргийн төлөвшил, херменевтик тойргийн суурь хүмүүжил илт үгүйлэгдэж байна. Херменевтик төлөвшил гэдэг нь зөв ойлгож унших, уншиж ойлгосноо зөв тайлбарлах төлөвшил. Харин херменевтик тойргийн төлөвшил нь эх бичвэрийг бүхэл ба хэсэг, хэсэг ба бүхлийн харилцан үйлчлэлд нь ойлгож уншиж, тайлбарлах. Ойлгохуйн ачаалал, ойлгохуйн тойргийн ачаалал, утгын төөрөгдөл, уншихуйн төөрөгдөл, суурь хүмүүжил бүгд орно.
Өнөөгийн туйлшрал давамгайлсан нийгэмд “буурьтай уншигч” бэлдэх гарцаагүй хэрэгцээ үүссэн. Туйлшралын үед хүмүүс зөвхөн өөрийн бодсоноо зөв гэж тухайн хүрээнд хамааралтай бүхнээ хамаатуулан өмөөрдөг, сонсож ойлгох соёл үгүй болж, зөвхөн өөрийн хүрээний асуудлаа зөвтгөдөг.
Тиймээс маргахаас илүүтэйгээр мэтгэлцэх, туйлшрахаас илүүтэйгээр харилцан ярилцах соёл чухал. Өөрөөр хэлбэл ялахын тулд биш, ойлгохын тулд ярилцаж харилцан ойлголцох соёлыг хөгжүүлэх.
Түүнчлэн зөвхөн текст биш “дижитал херменевтик” гэж хүртэл яригдаж эхэлсэн алгоритм уншиж сурах хэрэгцээ үүссэн. “Би ямар мэдээлэл ихэвчлэн уншаад байна?”, “уншсан мэдээллээ би хэрхэн ойлгож байна?”, “яагаад надад энэ контент гарч ирэв?”, “яагаад энэ мэдээ цахим орчинд богино хугацаанд өргөн тархав?” гэх мэт асуудлыг сонирхдог байх.
Оюун санааны дотоод төлөвшилгүй хүн гаднын янз бүрийн тайлбарт амархан “живдэг” гэж үздэг. Буурьтай уншигчийн гол чадварууд гэвэл их мэдээлэл мэддэгтээ биш, элдэв цуурхалд автахгүй байх. Тайлбар ба баримтыг ялгаж чаддаг, нэг хүрээнд гацдаггүй төвлөрөл удаан, утга санааг уншиж бүрэн бүтэн ойлгох чадвартай уншигч.
Практикт өдөр бүр 30–60 минут унших, агуулга гүн урт эсээ, философийн ном унших, нэг эх бчивэр дээр удаан бодох, тэмдэглэл хийх зэрэг төвлөрч унших чадвартай байх нь зүй. Мөн эргэцүүлэн бодож, задлан шинжилж нэгтгэн дүгнэж унших эх бичвэрүүд чухал. Сошиал медиа мацаг барьж сахилга баттай байхыг ч шаардана.
Гурав. ТАЙЛБАРЛАХУЙН ӨРСӨЛДӨӨН БА МЭДЭЭЛЛИЙН САВЛАГАА
Гадамер “Эцсийн тайлбарлал гэж нэгээхэн ч үгүй”, “ойлголт хэзээ ч төгсдөггүй” хэмээн дүгнэж, херменевтикт ойлголт хэзээ ч бүрэн төгс дуусдаггүй, тайлбарлал үргэлж үргэлжилдэг гэж үздэг. Аливаа текст шинэ цаг үе, шинэ уншигч бүрт дахин тайлбарлагддаг.
Энэ нь Гадамер, Деррида нарын херменевтик ба постструктуралист уламжлалыг товчлон илэрхийлсэн санаа. Деррида мөн “эцсийн утга гэж үгүй”, “тайлбарлалаас ангид зүйл гэж үгүй” хэмээсэн нь бий. Ямар ч тайлбарлал хоосноос эхэлдэггүйчлэн тайлбар нь ойлголтыг бүтээж, ойлголт нь тайлбарыг бүтээдэг байна.
Бид тайлбарлахуйн систем дунд амьдардаг. Үүнийг дагаад тайлбарлахуйн өрсөлдөөн, тайлбарлахуйн зах зээл хэмээх үзэгдэл бий болсон. Орчин үеийн хамгийн том өөрчлөлт бол нийгэм нийтлэг үнэнээс “өрсөлдөж буй тайлбаруудын зах зээл” рүү шилжсээр.
Өмнө нь нийгэмд нэг үнэн, нэг зөв тайлбар байдаг хэмээх үнэт зүйлс байсан бол өнөөдөр хүмүүс нэг үйл явдлыг олон өөр өнцгөөс тайлбарлаж, тэдгээр тайлбарууд хоорондоо өрсөлдөх болсон.
“Нэг үнэн”-ий оронд “олон өрсөлдөгч тайлбар” давамгайлж, үнэний талаарх нийтлэг ойлголт суларч байна. Үүний үр дүнд үнэн олон хэлбэртэй мэт харагдах, нийтээр хүлээн зөвшөөрсөн нэг үнэн сарних, мэдлэгийн хямрал өрнөж уншигчид юунд итгэхээ мэдэхээ байх зэрэг үзэгдлүүд бий болсон.
Мэдлэг, мэдээллийн тайлбарын савлагаа хүмүүсийг улам бүр цуцаан ядрааж буй. Тайлбарлахуйн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлст мэдээллийн бохирдол буюу хэт их, замбараагүй мэдээлэл, худал, ташаа мэдээлэл, хэлний бохирдол, хэлний буруу хэрэглээ, буруу зөрүү тайлбарууд орно. Мэдээлэл болон тайлбарын “савалгаа” гэдэг нь мэдээлэл хэт хурдан өөрчлөгдөх, үнэн байнга маргаантай болох, нэг үйл явдлыг олон өөр хүрээгээр тайлбарлах, хүмүүсийн анхаарал тогтворгүй болох үзэгдлүүд.
Энэ савлагаанд үнэнийг хайсан хүмүүсийн чин горил, төөрөгдүүлсэн олон өнгө аяс бүхий тайлбаруудын хувилбарууд улам бүр туйлдуулах мэт боловч хүмүүсийн философи сэтгэлгээ, үнэнийг ялган таних чадварыг шалгаж байдаг.
“Юу бодох”-ыг заахаас илүү харин “яаж бодох”-ыг заадаг. Зөв хариу өгөхөөс илүү зөв асуулт тавихыг сургадаг. Энэ нь туйлшралын эсрэг маш чухал дадал, төлөвшил.
Философи сэтгэлгээ төлөвшүүлэх нь уншигчдыг нухацтай сэтгэх, нягталж унших, тайлбар ялгах, сэтгэн бодох, туйлшралд автахгүй байх, асуулт тавих дадлыг төлөвшүүлэн анхаарлын төвлөрөл, танин мэдэхүйн хэмнэлийг өөрчилж, оюуны суурь чадварыг хөгжүүлдэг тул орчин үеийн мэдээллийн нийгэмд хамгийн чухал салбаруудын нэг гэж олон судлаач үздэг.
Мөн яаран дүгнэлт гаргахгүй байх, тодорхойгүй зүйлийн үнэнийг тодорхой болох хүртэл магадлах, мэдлэгийн чухал ба чухал бусыг асуултаар тодруулж тодорхой болгох, учир шалтгаан хайх, шүүмжлэлт болоод бүтээлч сэтгэлгээ, эргэцүүлэн бодож зөв шийдвэр гаргах сэтгэлгээ, эргэлзэх, өөр өнцгөөс харах, өөрийн бодлоо цэгнэх чадвар зэргийг юун түрүүн хөгжүүлдэг.
Философийн текстүүд шууд хариу өгдөггүй, текстийг ахин дахин уншихыг шаарддаг. Жишээ нь Плато, Нагаржунай, Хайдеггэр нарын текстийг хурдан гүйлгэн уншиж ойлгох боломжгүй. Ийм уншлага анхаарал тогтоох, төвлөрөх, давхар утга ялгах, өөрийн ойлголтоо шалгах дадал үүсгэнэ.
“Юу бодох”-ыг заахаас илүү харин “яаж бодох”-ыг заадаг. Зөв хариу өгөхөөс илүү зөв асуулт тавихыг сургадаг. Энэ нь туйлшралын эсрэг маш чухал дадал, төлөвшил. Учир нь туйлширсан орчин түргэн хариу үйлдэл, өөрийн зөв гэснээ буруу байсан ч өмгөөлөн зөвтгөх хандлагатай.
Ялангуяа мэдээллийн хэт их ачаалал, нийгмийн сүлжээний сайн муу үр дагаврыг ялгах, хиймэл оюунаар бүтээсэн контент ихсэх, туйлшрал улам газар авсан үед философийн боловсролын үнэ цэнэ улам өсөж байна.
Одоо цагт дуулиан шуугиан, цуурхал, сэтгэл хөдлөл давамгайлсан, худал мэдээлэл илүү хурдан тархдаг ба чанартай мэдээлэл, чанаргүй мэдээллийн ялгаа бүдгэрдэг. Тиймээс худал мэдээлэл “үнэн” гэж бодогдсоноороо биш, анхаарал татсанаараа ялдаг. Өөрөөр хэлбэл “үнэн” биш “анхаарал татах чадвар” давамгайлж эхэлдэг.
Мэдээллийн савлагаа өсөхөд төр, хэвлэл, шинжлэх ухаанд итгэх итгэл суларна. Учир нь хүн “хэнд итгэхээ” мэдэхээ больдог. Мэдээллийн болон тайлбарын савлагаа нь айдас түгшүүр, үл итгэх хандлага, хардлага сэрдлэг, сэтгэл санааны туйлдалт, сэтгэл зүйн тогтворгүй байдлуудын нэг эх үүсвэр.
Ингээд “юу үнэн бэ?” гэхээсээ “юунд итгэх вэ?” гэдэг асуудал давамгайлдаг. Улс төрд мэдээллийн савалгаа нь популизм, хуйвалдааны онол, үзэл санааны туйлшралыг нэмэгдүүлдэг.
Эерэг тал гэвэл олон ургалч үзэл дэлгэрч, хуучин ноёрхсон тайлбарууд шүүмжлэгдэж, шинэ утгат боломжийг нээн, эрх мэдлийн монопол задрах боломжтой. Өөрөөр хэлбэл мэдээллийн олон урсгал нь эрх чөлөөний боломж ч болно. Гэхдээ хэт их савалагаа нь эмх замбараагүй байдал, нийтлэг ойлголтын задрал үүсгэх эрсдэлтэй.
Иймд уншигчид мэдээлэл болоод тайлбарлалын элдэв савлагаанд автахааргүй оюун санааны дархлаатай байхыг өнөө үе шаардаж байна. Автахгүй байх чадвар суухад философийн боловсрол суурь болж өгдөг. Сократаас эхлээд орчин үеийн ардчиллын онолчид хүртэл эргэцүүлж чаддаг иргэнгүй ардчилал амархан туйлширдаг гэж үздэг.
Тиймээс философи нь зөвхөн академик мэдлэгийн салбар бус, нийгмийн дархлааны нэгэн тулгуур хэмээн үнэлэгддэг.