Улаанбаатарын агаарын бохирдол энэ хотод амьдарч буй хүн бүрийн санаа зовох асуудал болсон. Гал түлдэг айлууд яндангаа буулгаж цахилгаан халаагуураар гэрээ дулаацуулж, байшинтай айлууд болж өгвөл зуух, цахилгаан хосолсон технологийн шийдлийг эрэлхийлж, эрвийх дэрвийхээрээ л утааг бууруулахыг хичээж буй.
Нөгөө талд төрийн албан хаагч,технологийн компани, банк гурав нэг санал санаачилгад нэгдэн утааг бууруулахад хувь нэмэртэй ажлыг эхлүүлж, үр дүнд хүрсэн сайн туршлага ч байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар болж 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “Eco heat pump” буюу эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос суурилуулсан байна. Санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн бол, айл өрхүүдэд суурилуулах, заавар зөвлөгөө өгөх ажлыг “Эко Сквер Энержи” ХХК гүйцэтгэжээ. Эерэг үр дүнд хүрсэн энэ ажлын талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа.

-ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж суурилуулжээ. Энэ ажил хэрхэн эхэлсэн болон төхөөрөмжийн талаар мэдээлэл өгвөл?
-Би дүүрэгт ажиллаж эхэлснээсээ хойш агаарын бохирдол, гэр хорооллын нүүрсний хэрэглээг хэрхэн бууруулах вэ гэдэгт шийдэл хайгаад л яваа. Судалж байгаад дулааны насос (Eco heat pump) гэдэг технологийн тухай мэдсэн. Товчхондоо, энэ нь агаараас дулаан гаргаж авдаг технологи. Үүнийг ашиглахад нүүрс түлэхгүй, утаа гарахгүй, гэр доторх агаарын чанар сайжрах, нэмээд эрчим хүчний хэмнэлттэй зэрэг давуу талтай нь олзуурхууштай санагдсан. Улс орнуудад, тэр дундаа манай урд хөршид түгээмэл хэрэглэдэг бөгөөд үүгээр хүйтний улиралд халаалтаа шийдсэн сайн туршлагууд байна.
Энгийнээр тайлбарлавал, “Eco heat pump” буюу эрчим хүчний хэмнэлттэй дулааны насосын ажиллах горим нь хөргөгчтэй адил, гэхдээ эсрэгээрээ. Хөргөгч бол доторх дулааныг авч гадагш гаргадаг. Харин дулааны насосын ажиллагаа үүний урвуу буюу гаднах агаараас дулаан авч дотогш оруулдаг.
“Eco heat pump” буюу эрчим хүчний хэмнэлттэй дулааны насосын ажиллах горим нь хөргөгчтэй адил, гэхдээ эсрэгээрээ.
Жишээ нь, өвөл -20°C байсан ч агаарт тодорхой хэмжээний дулааны энерги байдаг. Дулааны насос тэр энергийг хөргөлтийн бодисын тусламжтайгаар шингээж авдаг, үүнийг компрессороор шахан температурыг нь өсгөж халаалт болгон ашигладаг гэсэн үг. Тийм болохоор дулааны насос нь цахилгаанаар шууд дулаан үүсгэдэггүй. Зөвхөн төхөөрөмжийн жижиг сэнсийг ажиллуулахад л цахилгаан зарцуулдаг. Тэгэхээр айл, өрхүүд цахилгааны зардлаа хэмнэх боломжтой.
Мөн төхөөрөмжийг зундаа хүйтнээр үлээлгээд хөргөлтийн системээр ч ашиглаж болдог давуу талтай. Нэмээд түлээ, түлш зөөвөрлөх цаг хугацаагаа хэмнэчихнэ. Мөн гэр доторх агаарын чанар сайжрах зэрэг давуу талтай технологи юм. Үүнийг айл өрхүүдэд суурилуулан туршиж үзэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх хүсэлтийг Голомт банкны удирдлагуудтай уулзан тавьсан юм.
Ингээд Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд үүнийг санхүүжүүлье, 300 айлд суурилуулъя гэдэг зөвшилцөлд хүрч, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн гүйцэтгэгч “Эко Сквер Энержи” ХХК айл, өрхүүдэд төхөөрөмжийг суурилуулан заавар зааварчилгааг нь өгөхөөр болсон.
-Дулааны насос суурилуулах айлуудаа хэрхэн сонгосон бэ? Хэрэглэгчид ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Бид айлуудад санал тавьж, хүсэлт цуглуулсан. Нийт 300 айлын хүсэлтийг хүлээн авсан. Төхөөрөмж суурилуулах хүсэлтэй айлуудад нэг л шаардлага тавьсан, тэр нь гэрээ дулаалсан байх. Ер нь гэрээ л дулаалчихвал нүүрс түлэхээс өөр газ, нарны панель гээд хэрэглээний олон сонголт гарч ирнэ.
Би халаалтын асуудлыг шийдэхийн тулд дулаалгаа л шийдэх ёстой, ингэж байж сэргээгдэх эрчим хүч зэрэг технологиуд үр дүнтэй гэдэг зарчимтай. Дулаанаа алдаад, цоорхой шанага шиг байвал юу ч нэвтрүүлээд нэмэргүй л дээ. Тиймээс дулааны алдагдалгүй, монгол гэртэй, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөлийг харгалзан айлуудаа сонгосон. Нийт 300 өрхдөө 2025 оны өвлийн эхэн саруудад төхөөрөмжийг суурилуулж дуусгасан. Бид өвлийн улирал дуусахад айл, өрхүүдийн санал сэтгэгдлийг сонсож, ямар үр дүн гарав гэдгийг судаллаа. Тэд өвлийг өнөтэй, дулаахан давлаа гэдэг эерэг сэтгэгдэлтэй байна.
Хэрэглэгч өрхүүд хэд, хэдэн давуу талыг хэлсэн. Үүнд, цахилгааны зардлаа хэмнэсэн. Сард 50-60 мянган төгрөгийн хэмнэлт гарсан гэж байна. Мөнгөнөөс гадна нүүрс, түлээ зөөж авчрах, гал түлэх, шөнө босож галлах зэрэгт зарцуулах цаг хэмнэсэн гэдгийг гэрийн эзэгтэй нар тодотгосон. Энэ хэмнэсэн цагаа хүүхдүүддээ зарцуулах боломж үүссэн гэдгийг хэлж байна.
Түүнчлэн судалгаанд оролцсон айл, өрхийн 86 хувь нь гэрийн дотоод агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан гэдгийг онцолсон. Дулааны насосоос ямар нэг байдлаар утаа, тортог үүсэхгүй тул дотор агаарын чанар сайжирч гэр сууц цэвэрхэн болсон гэсэн үг. Энэ төхөөрөмж нь гадна талдаа шүүлтүүртэй. Тэгэхээр гаднаас орж ирэх агаар дахь утаа, тортгийг шүүгээд авчихдаг. Энэ шүүлтүүрээ 1-2 долоо хоног тутам аваад амархан цэвэрлэчих боломжтой юм билээ.
Мөн зуух ашиглах ямар ч шаардлагагүй. Төхөөрөмж шүүгээ шиг л хэмжээтэй тул ханандаа суурилуулах зэргээр айлууд ашиглаж байна. Ийм ажлыг бид өнгөрсөн өвөл Голомт банктай хамтран хэрэгжүүлээд “маш амжилттай” гэсэн дүгнэлтэд хүрээд цааш хэрхэн өргөжүүлж болох вэ гэдгийг үргэлжлүүлэн ярилцаж байна.
-Цахилгаанаар халаалтаа шийдэхэд эрсдэлтэй тал нь цахилгааны аюул. Мөн цахилгаан халаагуурууд агаар хуурайшуулдаг гэдэг сөрөг талыг хэрэглэгчид нэрлэдэг. Дулааны насосын тухайд?
-Дулааны насос нь цахилгаанаар шууд дулаан үүсгэдэггүй. Зөвхөн төхөөрөмжийн жижиг сэнсийг ажиллуулахад л цахилгаан зарцуулдаг тул аюул бага. Энгийн цахилгаан халаагуурууд цахилгаан гүйдлээр металл утсыг улайсган дулаан ялгаруулах зарчмаар ажилладаг бол дулааны насос өөр технологитой. Гаднах агаар дахь бага хэмжээний дулааныг татаж, түүнийг илүү өндөр температуртай халуун агаар болгон хувиргаж гэр доторхыг халаадаг. Тэгэхээр эрсдэл бага.
Бид энэ ажлаар далимдуулаад айлуудын цахилгааны утас стандарт, шаардлага хангасан эсэхийг шалгасан. Гэр хороололд гар аргаар цахилгааны утсаа холбосон амины орон сууц цөөнгүй бий. Тиймээс дулааны насосыг суурилуулах явцад айлуудын цахилгааны утасны стандартыг давхар шалгаж, болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлсэн.

-Үүнийг таван ханатай гэрт л ашиглах боломжтой юу? Байшингаа халаая гэвэл хүчин чадал нь хүрэх үү?
-Хамгийн жижиг хэмжээтэй нь 30-40 метр/квадратыг хамрах хүчин чадалтай. Монгол гэр 30 гаруй метр квадрат болохоор бид хамгийн тохиромжтой гэж эхний ээлжид сонгосон. Хэрэв байшинд ашиглавал дунджаар 60-90 метр/квадрат зай талбайг халаах шаардлага үүснэ. Тэгэхээр нэг өрөөнд нэг дулааны насос суурилуулах хэлбэрээр ажиллуулна. гэсэн үг. Нэгийн оронд хоёрыг авбал мэдээж үнэ өснө. Өрхийн санхүүд яаж нөлөөлөх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ асуудлуудаа судлаад бүтээгдэхүүн гаргахаар Голомт банкныхантай хамтран ажиллаж байна.
Нарны эрчим хүчийг өдөртөө авч хуримтлуулаад, үүгээр оройдоо дулааны насосоо ажиллуулаад явбал 100 хувь ногоон бүтээгдэхүүн болох юм.
Энэ бол шинэлэг технологи. Ямартай ч Монголын өвөлд хэрэглэхэд тохиромжтой байна уу, айл өрхийн хэрэгцээг хангаж байна уу гэдэгт хариулт өгөх судалгаатай, туршлагатай болчихлоо. Бидний дараагийн хийх ёстой ажил үүнийг улам өргөжүүлээд зах зээлийн бүтээгдэхүүн болгох юм.
-Зах зээлийн бүтээгдэхүүн гэдийг тодотгохгүй юу? Манайх ч бас суурилуулъя гэсэн айл, өрх байвал хэрхэх вэ?
-Бидний цаашдын зорилго уг туршлагыг зах зээлийн бүтээгдэхүүн болгон өргөжүүлэх. Үүний тулд Голомт банк Азийн хөгжлийн банктай хамтран ногоон санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ер нь манай банкнууд гаднаас ногоон эх үүсвэртэй санхүүжилт татаж чадаж байгаа. Үүнийгээ зээл хэлбэрээр олгоод явъя гэхээр бүтээгдэхүүн байдаггүй. Байлаа гэхэд бага оврын сэргээгдэх эрчим хүчний жижиг станцын зэрэг төсөл байдаг. Бүр олон хүн, олон өрх айлын амьдралд нөлөөлсөн бүтээгдэхүүн цөөн. Харин энэхүү дулааны насос сайн туршлага боллоо, иймд цаашид өргөжүүлээд банкны бүтээгдэхүүн болгоод явахаар ярилцаж байгаа.
Хэд хэдэн хувилбар байж болно. Эхнийх нь, цахилгааныг төвийн эрчим хүчнээс аваад дулааны насосыг дангаар нь ашиглаж болно. Нөгөө хувилбар нь нарны эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах. Төвийн эрчим хүчнээс шалтгаалахгүйгээр нарны эрчим хүчийг өдөртөө авч хуримтлуулаад, үүгээр оройдоо дулааны насосоо ажиллуулаад явбал 100 хувь ногоон бүтээгдэхүүн болох юм.
Нэмээд карбон кредит тооцох ажлыг зэрэг эхлүүлчихвэл маш чухал ач холбогдолтой. Дулааны насосыг ашигласнаар жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах тооцоо бий. Нэг айл яндан, зуух ашиглахгүй боллоо гэхэд нэг өвөлдөө 3-4 тонн нүүрс шатаахаас сэргийлж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах боломжтой юм. Үүнийг олон улсад карбон кредит гэж нэрлээд байгаа. Эдгээрийг судалж байна.
-Ярилцсанд баярлалаа.