Бие биедээ дайсагнасан Монтекки, Капулетти нарын гэр бүлийн тулаанаар “Ромео, Жульетта” жүжиг эхэлнэ. Дайн тулаантай энэ хэсэгт хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиосон хөгжим сүр хүч нэмж байлаа.
Дараагийн үзэгдэлд найруулагч Н.Наранбаатар “Энэ хэсгийн хөгжмийг илүү ритмтэй болгох хэрэгтэй юм байна. Чинбаад хэлнэ ээ” гэж хамтран ажиллаж буй уран бүтээлчидтэйгээ ярилцана.
Төрийн соёрхолт найруулагчаас ярилцлага авахаар биднийг очиход тэрбээр ид завгүй, хөшиг нээгдэхээс эхлээд гэрэлтүүлэг, тайз засалт, жүжигчдийн хөдөлгөөн, хэл ярианы өнгө гээд жижиг гэлтгүй бүх зүйлд санаа тавьж ажиллаж байв.
Хэсэг зуур завсарлах үеэр найруулагчаас ярилцлага авснаа хүргэж байна.
-Ромео Жульетта жүжиг нийгэмд юу “өгөх” вэ?
-Ромео, Жульетта хоёр бидний хүүхдүүд. Өсвөр насыг хүн бүхэн дайрч өнгөрдөг. Анхны харц, анхны дурлал, анхны үнсэлт, анхны хайр... Энэ бүхэнтэй өсвөр насны хүүхдүүд учирдаг. Тэд агуу их хайртай учрах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг.
Яг ийм үед нь эцэг эхийн анхаарал халамж, хандлага нь маш зөв байх ёстой. Тэднийг “хөлөөрөө толгой хийнэ үү үгүй юу хамаагүй” гээд хаячихвал их асуудалтай. Тэд амьдралын мөн чанарыг таньж мэдээгүй байгаа учраас алдаа гаргах их эрсдэлтэй. Төлөвшиж, ухаан бүрэн суугаагүй байдаг учраас хайр дурлалын төлөөх тэмүүлэл нь дүрэлзэж байдаг.
Нөгөөтэйгүүр хүн ямар ч орчинд өссөн бай хоёр биедээ хайр сэтгэлтэй л бол гэр бүл болох ёстой. Гэтэл өнөөдөр угсаа харж гэрлэх, баян айлын хүүхэд баянтайгаа суух ёстой гэсэн мессеж явж байна. Нийгэмд баян хоосны ялгаа хайр дурлалыг хүртэл ялгаж байна шүү дээ. Ийм муухай гажуудал байж болохгүй. Ингэвэл амьдралын үнэ цэнэ үгүй болно.
Хайр сэтгэл аливааг ялгаж үздэггүй биз дээ. Хүний таван мэдрэхүй, оюун сэтгэлгээ хэнийг таалмаар байна? Энэ чухал зүйлийг ялгаж байгаа цаг үед “Ромео, Жульетта” жүжиг ухаарал, хүмүүжил гээд маш олон ойлголт өгнө.
-Та сая бэлтгэлийн үеэр жүжигчдээсээ харийн юм шиг хөдөлгөөн шаардаж байна гэлээ. Сонгодог тавилтаас тэс ондоо, хувцасны загвар хүртэл их өвөрмөц. Та яагаад ийм тавилт хийж байна вэ?
-Нийгэм өнөөдөр парадокс болчихсон байна. Эрүүл хүн ховор байна. Харин жинхэнэ эрүүл хүн нь эрүүл бус харагдаад байна. Одоо хүн бүхэн амин хувиа хичээх гэсэн шинж чанартай болчихсон. Амин хувиа хичээсэн энэ цаг үед би “Ромео Жульетта”-д тоглосон бүх хүнийг хэвийн биш, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, харийн гэмээр болгож байгаа юм.
Бид өв уламжлагдаж ирсэн ээжийн энэрэл, аавын сайхан ачлалтай хүмүүс биз дээ. Энэ байхгүй болох гээд байна гэдэгт би эмзэглэдэг. Тийм учраас би тэр хүмүүсийг амьтанлаг, адгуусан шинж чанартай болгож байна. Хүн амьтан хоёрыг оюун ухаан, ухамсар ялгадаг. Гэтэл адгууслаг болчихвол юу болох вэ? Үүнээс сэргийлэх гэсэндээ энэ жүжгийг тавьж байна гэж ойлгож болно. Харин сонгодог тавилт гэж юуг хэлж байна?
-Дундад зууны үеийн хувцас өмсөхгүй байгааг, үйл хөдлөл нь өөр байгааг хэлээд байна л даа.
-Эрчүүдийн бариу өмд, эмэгтэйчүүдийн корсет бол тухайн зууных нь соёл. Тухайн үеийн зуунаар нь тавина гэж ярих хэрэгтэй. Жишээ нь энэ зохиол 14-р зуунд болсон үйл явдлыг харуулдаг. Тэгэхээр 14-р зууны үеийн хувцас, хүмүүсийн хоорондын харилцаагаар тавихыг л сонгодог жүжиг гэж хэлж болдоггүй. Сонгодог гэдэг нь жүжгийн зохиолдоо байдаг.
Орчин цагийн хэв маягт хувиргаад тавихаар сонгодог биш болох уу? Үгүй. Сонгодог гэж хөрсийг нь хэлээд байгаа юм. Зохиолд хэлэх гэсэн санаа нь 450 жилийн дараа ч бидэн дунд явж байгаа, үйл явдал нь давтагдаж, дүрүүд нь бидний дунд байгааг хэлээд байна.
Хэл яриа нь уран тансаг, яруу найргийн айзам хэм хэмнэлтэй, маш сайхан оновчтой үгтэй. Жишээ нь “Сарнай цэцгийн нэрийг нь сольсон ч сайхан үнэр нь байж л байдаг”. Энэ бол уран зохиолын гайхамшигтай зүйрлэл. Утга санаа нь зуун зууныг дамжсан ч байж байх тэр зохиолыг сонгодог гэдэг.
Үндэсний сонгодог зохиол ч бий. Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу”, “Тунгалаг тамир” бол сонгодог зохиол. Учир нь дүрүүд нь бидний амьдралд одоо ч байсаар байна. Хэлэх гэсэн санаа нь ч том.
-Та уран бүтээлчдийн багаа бүрдүүлэхдээ Монголын сор гэсэн хүмүүсийг сонгосон юм болов уу гэж санагдсан?
-Театр өөрөө нийлмэл урлаг. Олон авьяаслаг хүмүүсийг нэгтгэж, нэгэн чигт чиглүүлж явдаг хүн бол найруулагч. Хөгжмийн зохиолчоор энэ удаад би Б.Чинбатыг сонгосон. Чинбаа орчин цагийн хөгжмийн зохиолч. Тийм учраас модерн жанрт нийцэж байна. Зураачаар Д.Ариундэлгэр ажиллаж байна. Тайзан дээр жүжиг үзэхийн сацуу хувцасны зохицлын тансгийг олж харах хэрэгтэй.
Бид үзэгчдэд хамгийн түрүүнд гоо сайхны таашаал өгөх ёстой. Тийм учраас би авьяаслаг хамт олонтой ажиллаж байна. Өмнө нь би "Гамлет" дээр Ч.Сангидорж гуайн хүү С.Сансаргэрэлтэхтэй цуг ажиллаж байсан. Мундаг хөгжмийн зохиолч шүү дээ.
“Тэнгэрийн хүү” дээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Одтой ажилласан. Энэ бол найруулагчийн мэдрэмж. Хэнтэй ажиллах вэ гэдгээ тооцоолох ёстой. Энэ хүнтэй би тийм уран бүтээл дээр хамтарч ажиллавал зохицож чадах юм байна гэж бодно.
Энэ жүжигт дандаа залуу уран бүтээлчид оролцож байна. Бид айж л байна, гэхдээ хичээж явна. Өмнөх тавилтуудаас тэс өөр шинэчлэл хийх гэсэн хандлагатай байгаа. Зарим хуучинсаг хүн хүлээн зөвшөөрөхгүй ч байж магад. Хүн бүхэнд таалагдах албагүй. Бид театрын урлагт өвөрмөц, шинэлэг арга техниктэй юм хийх гэж оролдож байна.
-Жүжигчдийн сонголтын талаар ярихгүй юу. Жүжигчин Б.Шинэбаяраас хурц дүр төрх гарах юм шиг?
-Ромео бол тийм хурц хүн биш л дээ. Ромеог хотын дарга нь их зөөлөн, нүдэнд дулаахан, эелдэг, дөлгөөн харьцдаг, өстөн дайсныхаа гэр бүлд ч зөөлөн ханддаг гэж тодорхойлсон байдаг. Ромео хурц юм бага. Гэхдээ Ромео тулалдана, тэмцэлдэнэ.
Хүмүүс Б.Шинэбаярыг О.Гэрэлсүхтэй харьцуулаад байх шиг байна. О.Гэрэлсүх өндөр, сайхан, харин Б.Шинэбаяр арай хурц юм биш үү гэж яриад байна л даа.
Би муухай эрэгтэй хүн гэж байдаггүй, муу эр гэж байдаг гэж боддог. Эрэгтэй хүнийг сайхан гэдэггүй, харин эмэгтэй хүнийг сайхан гэж хэлдэг. Тийм учраас би О.Дөлгөөнийг сонгосон. Жульетта бол энхрий, ялдам, зөөлөн, хонгорхон байх ёстой. Бас дээр нь хөөрхөн байх ёстой. Тийм учраас би сонголтоо зөв хийсэн гэж бодож байна.
-“Ромео Жульетта”-гийн маш олон хувилбар байдаг. Та гадны тавилтуудыг үзэж байв уу?
-Би өөрийнхөө хийх гэж байгаа юмыг үзэх дургүй. Яагаад гэвэл хүн нэг үзчихээр заавал санаа авах гээд байдаг. Харин өөрийнхөө санааг бүрэн дүүрэн олоод зураглалаа бүрэн будсаны дараа үзэж болно. Минийх аль нэгнийхтэй төстэй болж уу гэж. Түүнээс өмнө огт үзэж болохгүй. Тэгэхгүй бол ямар нэгэн байдлаар хуулах гээд байдаг. Жүжигчдэдээ ч бас тэгж хэлдэг дээ.
-Энэ жүжгийг зөвхөн Монголдоо тавиад өнгөрөхгүй, цаашдаа олон улсад гаргах төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон.
-Тийм. Анхнаасаа бид тайз засалтаа хөдөлгөөнтэй авсаархан байх талаас нь бодолцож хийсэн. Жүжигчид нь өөрсдөө тайзны уур амьсгалыг бүрдүүлж явахаар тавилтуудыг хийж байна. Бид одоо гадагшлах хэрэгтэй, цаг нь болсон.
Танд баярлалаа. Амжилт хүсье.