Мөөг ургамал мөн үү? Түүнийг доод ургамал гэж зарим эрдэмтэн судлаач үздэг ч би бол биш гэж хэлнэ. Ямар ч ургамал ургахад хөрс, ус, шим тэжээлээс гадна нарны гэрэл зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл мөөгөнд нарны гэрэл, хөрсний шим тэжээл энээ тэрээ огт хэрэггүй. Түүнд зохих чийг дулааныг нь өгчхөд л өөрөө аяндаа хаана ч хамаагүй ургачихна. Уул тал, хөндий, ой мод, хад чулуу, барилгын хана тааз, бүр хүн амьтны үс толгой, арьсан дээр биен дотор нь хүртэл ургаж үрждэг гээд бод доо.
Ургамал биш бол амьтан юм болов уу? Бас л биш юмаа. Амьд амьтанд байдаг эд эрхтэн болоод бусад олон шинж чанар түүнд байхгүй. Тэгвэл амьтан ургамлын завсрын бодгаль гэвэл арай зохистой юм болов уу гэж бодогдоно. Мөөг бидний амьдралд ашиг тустай олон жишээг та мэднэ. Наад захын жишээ нь пенициллин байна. Мөөгнөөс гаргаж авсан энэхүү ачтай антибиотик мөн ч олон хүний аминд орсон доо. Далаад оны үед миний төрж өссөн хөдөөгийн бөглүү суманд үл мэдэгдэх айхтар өвчин гэнэт гарч, хэд хэдэн айлын хүүхэд яах ийхийн зуургүй эндсэн юм. Тэр үед АУДС-ийг дөнгөж төгсөөд ирсэн Сүхбаатар гэж залуухан эмч уг өвчнийг олонхийн таамаглаад байсан тарваган тахал биш “цахилгаан мененгит” гэдгийг тогтоож, энэ өвчин тусчхаад ухаангүй хэд хоног халуурч байсан миний охин дүүг пенициллинээр өдөр шөнөгүй нүдсээр босгоод ирсэн билээ.
Мод, бут, өвслөг ямар ч ургамалд байдаг хлорофилл гэгч эс түүнд байдаггүй учраас ногоон өнгөтэй мөөг хорвоод байдаггүй, хэрнээ улаан, цагаан, хар бор, цоохор саарал гээд зүсэн зүйлийн өнгө түүнд буй. Өөртөө хэрэгтэй шим тэжээлийн бодисоо хаанаас ч хамаагүй биедээ шууд шингээн авч “бэлэн хоолоор” хооллон үрждэг бодгаль бол мөөг. Нэгэнт ургамал биш болох тул түүнд ямар ч цэцэг навч, иш үндэс байхгүй.
Манай нутгийн хэллэгээр мөөгний толгойн хэсгийг далбан, далбаны доторхийг нь салбан, түүнээс доош иширхүү нарийхныг нь бариул гэдэг юм. Гэрийн буурин чинээ тойрогт хүрээлэн ургадаг хурган цагаан мөөгийг бид багадаа түүж, далбанд нь жаахан зөөхий дусаачихаад зуухны таган дээр шараад идэхэд мөн ч амттай байдагсан. Хатчихаараа салбан нь харлачихдаг учир манай нутагт шампаньон буюу элгэн хүрэн мөөгийг хар мөөг хортой гээд түүдэггүй байсан. Мөн бороо орсны дараа энд тэндгүй бамбайлдан ургадаг, хэд хоногийн нарны дараа хагалахад дотроос нь хамрын тамхи аятай нунтаг хүрэн зүйл цацарч пургидаг мөөгийг “тэнгэрийн дүлий” хэмээн нэрлэж идэх нь бүү хэл пи па болцгоодог байсан. Гэтэл энэ мөөгийг идэж болдгийг хожим нь би их Ренчин гуайн зохиолоос уншсаны ачаар л сая ухаарч билээ. Мөөгийг бидний өвөг дээдэс эрт үеэс хоол хүнсэндээ мөн эмчилгээнд хэрэглэж ирсэн билээ.
Тал хээрт бидний танил хурган цагаан мөөг ургадгийг бид ялгаж мэднэ. Гэтэл хүрэн мөөг, шар мөөг, хусны мөөг, хундган мөөг гээд ойд маш олон төрлийн мөөг ургадаг, тэр болгоныг нь ялгахгүй учир хордож үхэхээсээ айгаад зориглож ойртох нь ховор. Увсын Баруунтурууны САА-д услалтын систем барихаар ирсэн оросуудын ачаар хааяагүй ургадаг мөөгийг иддэг иддэггүйгээр нь нутгийнхан маань муухан ялгадаг болж билээ.
Борооны дараах мөөг шиг гэж ярьдаг даа. Шөнө нь бороо орсны дараа өглөө нь ойгоор явахад ганцхан шөнийн дотор зүсэн зүйлийн мөөг энд тэндгүй бөндийтөл ургасан байгааг харж болно. Мөнгө олоход хэцүү, мөөг шиг ургадаггүй, мөндөр шиг асгардаггүй гэж ярьдаг ч мөөг ургуулж, үржүүлж чадсан хүн баяжихад тун амархан бөлгөө. Та мөөгийг зөв технологиор тариад ургуулж чадах юм бол мөөг ургадаг шигээ богино хугацаанд таныг тэрбумтан ч болгож чадна шүү. Үнэмшилгүй санагдаж байвал ойрын ганц жишээ татъя.
Манай урд хөрш мөөг үйлдвэрлэлээрээ ч, мөн хэрэглээгээрээ ч дэлхийд толгой цохидог. Монгол хүн махгүйгээр нэг ч хонож чаддаггүй шиг хятад хүн өдөр бүр хоолныхоо цэсэнд мөөг оруулдаг. Нэг жунгаа хүн жил бүр 3 кг мөөг иддэг гэсэн тооцоо гарсанаас үзэхэд Хятадын тэрбум гурван зуун сая хүн жилдээ доор хаяж 4 сая тонн мөөг иддэг болж таарч байна. Тэд өнгөрсөн онд 15 сая гаруй тн мөөг ургуулан зах зээлд гаргаж, 10 тэрбум долларын борлуулалт хийжээ. Энэ нь дэлхийн мөөгний зах зээлийн 70 хувь болж байгаа юм.
Монгол оронд 400-гаад зүйлийн мөөг ургадаг. Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор, кали, кальци, төмөр, зэс... гээд байхгүй бодис бараг үгүй. Монголчууд мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгөнд 30-40 хувь уураг агуулагддаг нь махнаас дутуугүй учир мөөгийг газраас ургадаг мах гэж нэрлэж ч болох.
Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөөг цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Мөөгийг сүрьеэ, зарим халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Түүнчлэн элдэв үрэвслийн эсрэг идэвхтэй үйлчилж, дархлааг сайжруулдаг. Цагаан мөөгийг мөн шарх анагаахад хэрэглэж байсан талаар судлаачид бичсэн байдаг.
Талын цагаан мөөг /Tricholoma mongolicum/ манай нутагт хааяагүй ургадаг байсан цаг сайхан мэт. Цагаан мөөг шим тэжээл, амт чанараараа тасархай. Хятад хүүхнүүд эр нөхөртөө ар Монголын цагаан мөөгийг идэж үзэхсэн гэж ярьдаг гэнэ лээ гэж хууччуул ярьдаг байлаа. Өнгөрсөн зууны 80-аад онд хөрсний судалгаар явж байх үед Мааньтад байсан Оросын цэргийн ангийн ойролцоо том том бүрх малгай өмссөн орос хүүхнүүд уул толгодоор мөөг түүн тонголзон яваа нь алсаас тогоруу мэт харагддаг байж билээ. Тэр үед Оросын цэргийн ангийн бараа ачиж ирээд буцаж байгаа ачааны вагонуудад том том савтай дарсан мөөг дүүрэн байдаг байсан гэж тэр үед Сэлэнгийн гаальд ажиллаж байсан танил маань хуучилж байсан юм. Тэр үед хааяагүй хүрээ татуулан ургадаг байсан цагаан мөөг одоо ховордсон нь байгаль экологийн өөрчлөлт, орчны бохирдолтой холбоотой. Мөн хүмүүс мөөг түүхдээ үндсээр нь сугалан нэг дороос юу ч үлдээлгүй түүх болсон нь ховордоход нөлөөлсөн.
Цагаан мөөгийг уламжлалт анагаах ухаанд хүүхэд нялхас болон эхчүүдийн савны халуун, дотор халуун бууруулахад, элэгний өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн булчингийн агшилтыг сайжруулж, тамир тэнхээ оруулдаг учраас амаржсан эх болон хагалгаа хийлгэсэн хүн хэрэглэхэд нэн сайн гэдэг. Цагаан мөөг артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг эрдэмтэд саяхан нээн илрүүлсэн бөгөөд бодисын солилцооны хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлж, савханцрын эсрэг антибиотик агуулдгийг тогтоожээ. Дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биенээс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Урьдаас ихээр орж ирж байгаа мөөгийг муутгахгүйн тулд элдэв химийн бодис цацчих нь энүүхэнд. Ийм мөөгийг дэлгүүр захаас хүмүүс тэр болгон анзааралгүй өндөр үнээр худалдан авч байгааг харахад харамсалтай санагддаг.
Сүүлийн үед цөөхөн газар шампиньон, хясаан мөөг тариалдаг боловч манай зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөөг өргөнөөр тариалж, хэрэглээг нэмэгдүүлбэл тэр хэмжээгээр хүмүүсийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.
Эцэст нь мөөгний сөрөг чанарын талаар өөрийн мэдэх зүйлээс хуваалцъя. Монгол оронд хортой мөөг цөөнгүй тааралддаг. Хортой мөөгийг өнгөөр нь таньж болно. Мөөг хэдий л хурц өнгөтэй гоё өнгөтэй байх тусмаа хортой байх магадлал өндөр.. Мөн хортой мөөгийг хагалж наранд тавихад хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч эхэлдэг. Эсвэл хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийж үзэхэд харладаг шинж чанараар нь бас таньж болно. Мөөг хөгшрөхөд түүнд агуулагдаж буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.
Хортой мөөгийг дотор нь хэд хэд ангилж үздэг. Хоол боловсруулах эрхтнийг хордуулдаг мөөгний хордлого цагийн дотор илэрч, долоо хоног хүртэл үргэлжлэх бөгөөд сул биетэй нэгнийг тэр доор нь чад хийлгэж ч мэднэ. Мэдрэлийн системд нөлөөлдөг хортой мөөг идвэл тэр дорхиноо мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Хор нь цусны сийвэнд нөлөөлдөг мөөг бас бий. Ийм мөөгний хордлого тэр дорхиноо илэрдэггүй учраас маш аюултай.
Мөөгний хэрэглээ сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөж байна. Мөөгийг шинэ зууны хүнс гэдэг. 2050 он гэхэд дэлхийн хүн амын уургийн хэрэгцээний гуравны нэгийг мөөгөөр хангана гэсэн тооцоо буй.
Ш.Пүрэвсүрэн