Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, тус сургуулийн дэргэдэх нейромаркетингийн судалгааны “Аксон Нейролаб” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа. Их сургууль нь сургалт, судалгааны төв, шинэ мэдлэг үйлдвэрлэгч байх топ их сургуулиудын жишгийг Монголдоо авчрахаар ажиллаж байгаа залуу багш нарын нэг. Басхүү эзэмшсэн мэргэжлээ бизнесийн эргэлтэд оруулж, багш нартайгаа хамтарч нейро судалгааны орчин үеийн загварыг боловсруулан амжилттай ажиллаж оюун хөдөлмөрөө үнэлүүлж буй бизнес эрхлэгч.
-Танд юуны өмнө хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хэд дэх жилдээ багшилж байна вэ?
-Баярлалаа. СЭЗДС-ийг 2003 онд маркетингийн удирдлага мэргэжлээр төгсөхөд сургуульдаа багшаар үлдэх урилга өгсөн. Ингээд 2003-2004 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 21-хэн настай, конспектоосоо хоёр алхам холдоход ярих гэж байгаагаа мартах хэмжээний хүн л багшлах гараагаа эхэлж байжээ /инээв/. Тэр үеийнхээ шавь нараас “Хичээлээ сайн зааж чадаагүй бол уучлаарай” гэж уучлалт гуймаар санагддаг шүү. Тэгж хоёр жил ажиллаад, мэргэжлийнхээ зах зухыг ч ойлгодог болж эхэлсэн дээ. Би анх Маркетингийн үндэс, Хүний нөөцийн хичээл зааж байлаа.
-Анхны мультимедиа хичээл санаачлан гаргаснаараа салбарынхандаа нэлээд танигдсан гэж дуулсан юм байна?
-Хэдэн жил багшлаад мэргэжлээ ч дажгүй ойлгов. 2008 онд сургалтын арга барилаа арай шинэлэг болгоё гэж Маркетингийн удирдлага, Маркетингийн судалгаа, Борлуулалтын удирдлага гэж хичээлээр DVD гаргаж, сургалтдаа ашигласан. Энэ хичээлүүд маань одоо Youtube-д бий. DVD хичээлүүд их хэрэг болсон тухайгаа хэд хэдэн багш надад хэлж байсан. Нэг залуу багш “Таны СD-г сонсож сонсож хичээлдээ ордог байлаа” гэж билээ.
-Та Австралийн Үндэсний их сургуульд мастерийн зэрэг хамгаалсан байх аа?
-Тийм ээ. Би магистрын зэргийг хоёр удаа хамгаалсан. Эхлээд Санхүү эдийн засгийн дээд сургуульдаа Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Таван жил багшилж арга барилаа ч оллоо, гэхдээ эндээ худгийн мэлхий шиг байх нь сүүлдээ утгагүй санагдаж эхэлсэн. Эхнэр, хүүхэдтэй боллоо, үүрэг хариуцлага ч нэмэгдлээ. Гадагшаа явж сурахгүй л бол сүүлдээ нойр ч хүрэхээ байлаа. Ингээд сургуулийнхаа захирал Батжаргал багшид “Гадагшаа явж англи хэл сурмаар байна. Та сургалтын төлбөр даагаад өгөөч” гээд орлоо. Багш чимээгүй л яваад байсан.
Нөгөө DVD хичээл гарч, хүмүүст гайгүй хүрсэн бололтой. Батжаргал багш “Сургалтын төлбөрийг чинь даая, нэмж цалинг чинь өгье, сураад ир” гэсэн. Малайзын English language school /ELS/-д долоон сар сураад ирсэн. Хэл сурахад сургуулиас өгсөн дэмжлэг миний амьдралд их тус болсон. 2009 онд сургуульдаа буцаж ирээд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн эрхлэгч хийж байхдаа IELTS-ын шалгалт өглөө. Дотроо ч айдастай л байлаа, тэгсэн харин гайгүй 7 оноо авчихсан. Тэр үед хоёр сургуульд материалаа өглөө. Фулбрайт-д зургаан хүн авахаас наймд ороод жаахан сэтгэлээр уначихсан байтал Австралийн тэтгэлэгт найман хүн авахаас зургаад орж, 2010 онд Австралийн үндэсний их сургууль/ANU/-д маркетингийн удирдлагаар хоёр жил сурсан.
Миний нэг онигоо бий. Австралид сурч байхдаа гэртээ оройн хоолоо идчихээд эхнэртээ “Хайр нь одоо харья дөө” гэж өөрийн мэдэлгүй хэлсэн байдаг. Номын санд гэрт байхаас олон цаг өнгөрүүлдэг байсан хэрэг.
-Тухайн үед Австралид сурдаг оюутан харьцангуй цөөн байв уу?
-Манай сургууль /ANU/ 10 гаруй монгол оюутантай байсан. Тухайн үед ANU рейтингээрээ дэлхийн Топ-100 их сургуулийн 14 бил үү, 15 дугаарт, Стэнфордын их сургуулийн өмнө эрэмбэлэгдсэн санагдаж байна. Тэнд очоод судалгаа яаж хийхийг жинхэнэ утгаар нь сурсан даа. Би Австралийн үндэсний их сургуулийн Монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Манай холбооныхон сургуульдаа анх удаа Монголын соёлын өдөрлөг зохион байгуулж, хуушуур, буузаа хийлээ.
“Ингэн нулимс” киног оюутнууддаа үзүүлж Монголоо сурталчилдаг байлаа. Бас баяр наадмаа хийчихнэ, хорхогоо иднэ. АNU-даа бүртгэлтэй учир манай холбоонд үйл ажиллагааны санхүүжилт өгдөг. Тэр үед Ерөнхий сайд С.Батболд Австралид албан ёсны айлчлал хийсэн. Манай холбооныхон сургууль дээр ирэх анги танхимд хүлээн авах арга хэмжээг зохион байгуулсан. Аав нь хүүхдүүдээ эргэж байгаа юм шиг гоё л байдаг юм билээ. Дараа нь Монголын Элчин сайдын яаманд хүлээн авалт болоход оюутнууд дайчлагдаж, зөөгч хийхээс эхлээд ойр зуурын ажилд нь тусалдаг байлаа. Дараа жил нь Asia Pacific Youth Organization гэж Ази, Номхон далайн орнуудын залуусын төрийн бус байгууллагад гадаад харилцааны асуудлыг хариуцаж ажилласан.
-Нийгмийн идэвхтэй оюутан байжээ?
-Хичээл, бие даалтууд маш ихтэй учир би хичээлтэй үедээ давхар ажил хийдэггүй, бүх цагаа хичээлдээ зориулдаг байлаа. Манай эхнэр ажил хийж намайг дэмждэг. Тэгэхээр би бусдаасаа арай илүү завтай байж. Эхний жилд хичээл маш ихтэй, амаргүй байсан даа. Унших бичих хичээл ихтэй, маркетинг бол олон талт чадвар шаарддаг, бас л чанга шүү. Миний нэг онигоо бий. Гэртээ оройн хоолоо идчихээд эхнэртээ “Хайр нь одоо харья дөө” гэж өөрийн мэдэлгүй хэлсэн байдаг. Номын санд гэрт байхаас олон цаг өнгөрүүлдэг байсан хэрэг. Ийм маягаар хоёр жил сурч, Австралийн Үндэсний их сургуулийн Маркетингийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
ШИНЭ МЭДЛЭГИЙГ ХУРДТАЙ ӨӨРТӨӨ ШИНГЭЭЖ АВАХ ЧАДВАР ХАМГИЙН ЧУХАЛ
-Гадаадад сураад мэдэж авсан гол зүйл тань юу байв?
-Мэргэжлийн чадвар талаасаа судалгааны арга зүйг сайн ойлгож авсан юм болов уу. Хөгжлийн явцад ямар ч шинэ зүйл гарч ирж болно. Тэр шинэ мэдлэгийг маш хурдтай, өөртөө шингээж авах чадвар хамгийн чухал гэж боддог юм. Мэргэжлээсээ илүү нийгэмд болж буй үзэгдэл, шинэ ойлголтыг хурдан ойлгож тусгаж авах нь миний сурсан гол зүйл гэж боддог. Австралиас 2012 онд эргэж ирээд удаагүй байхад намайг Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр томилсон. Тэнд сурсан зүйлээ сургуульдаа аль болох нэвтрүүлэхийг хичээсэн. Манай сургуулийн тэнхим болгоны үүдэнд оюутнууд бие даалтаа үлдээдэг хайрцаг бий. Тэрийг анх манай тэнхим гаргаж ирсэн. Оюутан бие даалтын ажлаа заавал багшид өгөх, багш байхгүй бол хүлээж цаг алдахгүйгээр коридорын жижигхэн нүхээр шургуулчихна. Тэрийг туслах ажилтан авч, тамгалаад бүртгэдэг болсон зэргээр жижиг сажиг гэлгүй хэрэгтэй зүйлүүдийг тусгахыг эрмэлзэж байлаа.
-Маркетинг гэж чухам юуг хэлж байна вэ. Маркетингийг мэргэжил биш гэж шүүмжлэх хэсэг ч бий?
-Миний хувийн тодорхойлолтоор хүний зөв сонголт хийхэд тусалдаг шинжлэх ухаан. Амьдралд маш олон янзын шийдвэр гаргах хэрэг гардаг. Маркетинг бол маш олон шинжлэх ухаануудын заагт бий болдог. Хүн яаж шийдвэр гаргадаг, ямар шийдвэр нь тухайн хүндээ илүү нийцтэй байх вэ гэдгийг судалдаг шинжлэх ухаан юм даа.
Маркетер хүн юуны өмнө тоо, чанарын өгөгдөлтэй ажиллаж чаддаг маш сайн судлаач байх хэрэгтэй. Стратегийн алсын хараатай байж, бизнесийн зөв моделийг гаргаж ирдэг байх хэрэгтэй болно. Сэтгэл судлал, хүн хэрхэн яаж шийдвэр гаргадгийг мэдэх хэрэгтэй болно гэсэн үг. Бас судалгааны арга зүй сайтай байвал ямар ч шинжлэх ухааныг сайн ойлгож болно.
Маркетинг бол миний хувийн тодорхойлолтоор хүний зөв сонголт хийхэд тусалдаг шинжлэх ухаан.
-Нейро маркетингийн судалгааны компанийг сургуулийнхаа багш нартай хамтарч байгуулсан уу?
-Манай багш нарын баг 2003 оноос хойш янз бүрийн судалгаа хийж байсан л даа. Сургуулийн дэргэд Бизнесийн зөвлөгөө өгөх төв ажилладаг. Төвөөр үйлчлүүлэх харилцагчдын тоо ч нэмэгдлээ. Бизнесийн зөвлөгөө өгдөг хэр нь харилцагчдаа тэнхимдээ хүлээж аваад байх нь биш санагдаад тусдаа оффистой, компани байгуулахаар боллоо. Тэгээд бид 2016 онд сургалт, судалгаа, зөвлөгөө өгөх чиглэлээр “Аксиом инк” компаниа байгуулж, сургуульдаа ойр гэж Архитекторчдын ордонд 48 ам.метр талбайтай жижигхэн байранд компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн.
Манай компани жижигхэн ч харилцагчид маань ХААН банк, Мобиком гэх мэт том компаниуд байв. Үйл ажиллагаа өргөжсөн тул сургуулиас дэмжиж өнгөрсөн дөрөвдүгээр сараас СЭЗИС-ийнхаа өргөтгөлийн долоодугаар давхрыг гаргаж өгсөн. Дэлхийн том том сургуулиуд хажуудаа нейро шинжлэх ухааны лабораториудтай болох чиг хандлага бий болсон. Манай захирал Б.Мөнхбаяр маань бидний саналыг нааштайгаар хүлээж авсан. Шинээр байгуулагдсан нейромаркетингийн судалгааны “Аксон Нейролаб” компани маань Аксиом Инк болон СЭЗИС-ийн хөрөнгө оруулалттай компани гэж явдаг. Бид тавдугаар сараас хойш Лэнд.мн, Говь ХК, гадаадын нэг компаний захиалгат нейромаркетингийн судалгаануудыг хийлээ.
ИХ СУРГУУЛИЙН БАГШ ХҮН ЗААДАГ МЭРГЭЖЛЭЭРЭЭ ӨӨРӨӨ АЖИЛЛАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ
-Тэгэхээр танай Аксиом инк компанид СЭЗИС-ийн багш нар давхар ажиллаж байна гэсэн үг үү?
-Өөр сургуулийн багш нар ч бий. АШУҮИС-ийн нейро шинжлэх ухаан/neuro science/-ы доктор Зэсэмдорж, манлайллын хичээлийг хошууч генерал Баярмагнай багш заах жишээтэй. Хүн гэдэг биологийн амьтан учир анагаахын талын мэдлэг хэрэгтэй юм байна гэж бидний мэдлэгийг тэлж өгч байгаа юм. Дараа нь генералаар хичээл заалгаад эхлэхэд цэргийн ухаан гэж юу байдгийг ойлгож эхлэх жишээтэй. Ер нь бизнесийн сургуулийн багш нар өөрсдөө бизнес хийдэг, цонхны цаадах амьдралтай хутгалддаг байх ёстой гэж боддог. Зөвхөн ном уншаад хичээл заагаад байвал багш хүн зөвхөн дамжуулагч болж байгаа юм. Нөгөө талаас өнөөдөр боловсролын салбарт эрэгтэй хүн ажиллах хэцүү.
-Яагаад?
-Цалин хөлсийг нь хар л даа. Би багшлахгүй өөр нэг компанид газар хэлтсийн даргаар ажиллавал багшийн цалингаас илүү 3-4 дахин илүүг авна шүү дээ. Гэхдээ гомдоллоод сууж болохгүй, цаг байгаа юм чинь ажиллах шаардлага гарч байна л даа. Барууны их сургуулиудад багш нар зөвлөгөө өгдөг маркетингийн компанитай байдаг. Заавал бодит кейс дээр ажиллаж, бизнесийн байгууллагатайгаа харилцдаг. Асуудлыг бодитоор шийдвэрлэдэг, тэр нь хичээлээ заах бодит жишээ болдог. Дараа нь оюутнууддаа ийм асуудал гарахад би ингэж шийдсэн гэж яривал оюутанд ч илүү итгэл үнэмшилтэй. Тийм учраас надад багш нарыг бизнесийн байгуулагад ажиллуулах сонирхол их байдаг. Шоглоод хэлэхэд хүмүүс их сургуулийн багш гэхээр амьдралдаа жаахан арчаа муутай, ном уншихаас өөрийг мэдэхгүй, бодит амьдралын асуудлыг мэддэггүй гэх байдлаар хардаг. Намайг ч гэсэн багш гэхээр ингэж л хүлээж авдаг. Бид нар тэр тогтсон хэв маягийг эвдэх ёстой. Боловсролын салбарт сайн багш нар ажиллавал дагаад гарах шавь нар нь хүчтэй хүмүүс болно шүү дээ. Багш мэргэжлийн үнэлэмж нэмэгдэнэ.
Одоогийн оюутнууд бүх цаг үеийн хамгийн их мэдээлэлтэй оюутнууд. Энэ их мэдээллийн эрин зуун багш түрүүлж уншчихаад оюутнуудад ярьж өгдөг систем аль хэдийнэ нурж унасан.
-Үнэндээ багш мэргэжлийн үнэ цэнэ боловсролын аль ч салбарт унаад байна. Багш хүний үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Хамгийн муу оюутан багш болоод, оюутнуудынхаа элэг доог болоод байвал тэндээс ямар сайн мэргэжилтэн төрөх вэ дээ. Манай соёлын өнцгөөс харахад багш хүн эдийн засгийн сонирхолгүй, зөвхөн хүүхдийн төлөө явах ёстой ч юм шиг ойлгогддог. Өөрөө эхлээд амьдралынхаа асуудлыг шийдсэний дараа оюутныг хэрхэн хөгжүүлэх талаар бодох ёстой биз дээ.
-Тэгвэл Та багш мэргэжилдээ дуртай юу, бизнесийн ажил нь илүү сонирхолтой байна уу?
-Мэдээж багшийнхаа ажилд маш дуртай. Цалин хөлс гэхээс илүү сэтгэл шаарддаг гоё мэргэжил. Есдүгээр сарын 1 болгонд “үл мэдэх цэцэгхэн хотхонд” гэдэг шиг учраа мэдэхгүй хөөрхөн хүүхдүүд ирдэг. Тэр хүүхдүүдийг хөгжүүлээд, мэргэжилтэй болгоод, ажил төрөлтэй, нийгэмд эзлэх байр суурьтай болсон яваа оюутнуудаа харах сайхан байдаг. Энэ багш хүний ажлын үр дүн.
Ер нь багш хүн мэргэжлээрээ өөрөө ажиллаж чаддаг байх ёстой. Жишээ нь, би маркетингийн мэргэжилтэй, бизнесийн удирдлагын багш хүн өөрөө бизнес хийдэг л байх ёстой. Тэрийг чадахгүй байж заана гэж юу байх вэ. Анагаахын багш нар хичээл заадаг ч хүнийг эмчилдэгтэй адилхан. Ер нь бизнесийн сургуулийн багш нар өөрсдөө бизнес хийдэг, бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, бизнесийн зөвлөгөө өгчихдөг л байх ёстой. Манай сургуулийн бусад багш нар ч эдийн засаг, нягтлан гээд чиглэл чиглэлээрээ компани байгуулаад бизнес хийх гээд оролдож байгаа нь гоё санагддаг. Барууны их сургуулиудын профессорууд нь том том компаниудад зөвлөх, ТУЗ-ийн гишүүн, өөрийн гэсэн зөвлөгөө өгөх компанитай, том том газруудад төлбөртэй лекцүүдээ уншаад явдаг. Профессор бол “тэнгэрийн амьтан” шүү дээ. Манайд ч гэсэн одоо зүг чигээ олох байх л даа.
-Аксиом компани Ахоn болж өргөжсөн талаараа сонирхуулаач. Axon гэж юу вэ?
-Аксиом-ыг анх 2016 онд байгуулснаас хойш боломжийн амжилттай ажиллаж байна. Анх Аксиом-ыг байгуулахдаа гурван гол төсөл төлөвлөж байсан. Нэг нь Axon. Маркетингийн салбарт сүүлийн 10-аад жилд нейромаркетинг эрчимтэй хөгжиж байна. Хүний зан төлөв, биометрик үзүүлэлтүүдэд үндэслэн хүнийг судлах технологийн боломж нь нээгдсэн. Энэ боломжийг Монголдоо хийгээд үзэхээр шийдсэн. Судалгааны аргачлал нь зөвхөн санал асуулга төдий биш, ахисан түвшний судалгааг хийе гэсэн юм. Ингээд би 2018 оны гуравдугаар сард Neuromarketing Science and Business Association (NMSBA) гэж Голландад төвтэй байгууллагын гишүүнээр элсэж, Сингапурт тэр байгууллагын хуралд анх удаа сууж үзлээ. Монголоос ирсэн гэж хэлэхэд хүмүүс гайхах маягтай, манайхыг хоцрогдсон гэж л бодож байгаа бололтой.
Тэр хурлаас нейромаркетингийн талаар анхны ойлголтуудыг авч, нейромаркетингийн судалгааны платформыг гаргасан компаний Азийн салбартай нь анх холбогдсон. Нейро маркетингийн судалгааны тоног төхөөрөмж, судалгааны програм хангамж их үнэтэй EEG (тархины идэвхжил хэмжих төхөөрөмж) аппарат 16 сувагтай нэг аппарат гэхэд л 14-15 сая төгрөгийн үнэтэй. Нейро маркетингийн чиглэлээр ажиллах лаборатори байгуулбал иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр байгуулна гэсэн зорилготой. Тэгэхээр бидэнд нэлээд их санхүүжилт хэрэгтэй болно. Аксиом-ын үйл ажиллагаанаас хуримтлагдсан ашгаараа нейромаркетингийн судалгаа хийх иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг авч суурилуулсан. Хажуугаар нь энэ чиглэлээр ном хэвлэл уншиж, нейромаркетингийг нэлээд судаллаа.
Австралийн эрдэмтэний бичсэн номонд “Та Улаанбаатарыг хот гэж мэдэх ч хаана байдгийг мэдэхгүй” гэсэн өгүүлбэр таарсан. Тэгэхээр нь би тэр эрдэмтэн рүү хандаж “Сайн байна уу, та. Би тэр Улаанбаатар хотоос чинь бичиж байна. Би нейро маркетингийг судалж байгаа юм аа. Та надтай хамтарч ажиллаж болох уу?” гэж бичиж, холбоо тогтоосон. Дараа нь Питер Стиедл эрдэмтэн надад “Neuro branding” номондоо шүүмж бичих эрх өгсөн. Номыг хэвлэгдэхээс нь өмнө уншаад сэтгэгдлээ бичлээ, “Чиний бичсэн шүүмж болж байвал, нэрийг чинь номондоо оруулна аа” гэж хэлэхэд нь миний нэр орохгүй л байлгүй дээ гэж бодсон. Тэгсэн оруулсан байхад нь баярласан шүү. “Neuro branding” ном саяхан хэвлэгдсэн. Амазон-оор бидэн рүү гурван ширхэгийг явуулсан. Энэ номыг Америкийн хэд хэдэн сургууль үндсэн сурах бичгээр ашиглаж байгаа.
БОЛОВСРОЛЫН САЛБАРАА Л САЙН ХӨГЖҮҮЛБЭЛ БУСАД САЛБАР АЯНДАА ЦЭГЦЭРНЭ ДЭЭ
-Нейро маркетингийн тоног төхөөрөмжүүдээ ашиглаад Улсын аварга Э.Оюунболдын допингийн талаарх мэдэгдэлд нүүрний хувирлын шинжилгээ /facial expression analysis/ хийсэн. Үнэн бодитойн магадлалын талаар асууж байна л даа?
-Бидний ашиглаж буй нүүрний хувирлын шинжилгээний програм нь 5.3 сая хүний нүүр царайн анализ хийсэн хүчин чадалтай. Хомо сапиенс л бол орос, англи, америк хүн байхаас үл хамааран ижил нүүрний хувирал үзүүлнэ гэж үздэг. Тэгэхээр нүүрний хувиралд хамгийн оновчтой дүгнэлт хийх хүчин чадалтай орчин үеийн төхөөрөмжийг бид ашиглаж байна. Сонирхолтой байх үүднээс бид Оюунболд аваргын мэдэгдэлд нүүрний хувирлын шинжилгээ хийсэн. Тэр бичлэгийг өмнө нь бэлдэж байгаад хийлгэсэн байх л даа, зэвүүцэх, гайхах сэтгэл хөдлөл маш бага хэмжээгээр илэрсэн байсан.
-Бид цаасан дээр санал асуулга бөглөх төдийгөөр судалгааг төсөөлдөг байсан бол орчин үед тоног төхөөрөмж ашиглан хүний сэтгэл хөдлөл, зан төлөвийг илүү нарийн, бодитой судлах боломж бүрджээ дээ?
-Тийм ээ. Уламжлалт асуулгаар авдаг судалгаа бол санаа бодлын судалгаа. Тэр нь юу гэхээр жишээлбэл, Та ямар өнгөнд дуртай вэ? гэхэд өнгөний сонголтуудаас дуртай өнгөө хэлнэ. Тэгээд дүнгээ нэгтгээд нийт судалгаанд оролцогчдын 50 хувь нь улаан өнгөнд дуртай гэсэн учир энэ бүтээгдэхүүнийг улаанаар хийе гэх мэтээр дүгнэж болно. Үүнийг санаа бодлын судалгаа гэж хэлдэг. Харин Аксон бол хүний зан төлөв, нейро судалгаа хийдэг. Тэрийг сонгодог судалгааны арга барилуудыг нэгтгээд авч болно гэсэн үг. Жишээ нь, арьсан дээр ямар өөрчлөлтүүд гарсан, хөлөрсөн эсэх, зүрхний цохилт ямар байсан, нүдний хараа яг хаана байна, тархины аль хэсэгт идэвхжил үүссэн, нүүрний хөдөлгөөн яаж өөрчлөгдөв гэсэн гол хүчин зүйлийг аваад хэмжиж байгаа юм. Хэмжихдээ өдөөгч өгөх буюу дэлгэцэн дээр ямар нэг өдөөгч (зураг, бичлэг) үзүүлж тухайн хүнд ямар өөрчлөлтүүд гарч байгаад дүгнэлт хийнэ. Ийм судалгаа хийх орчин үеийн тоног төхөөрөмжийг бид суурилуулсан.
-Зарим судалгааны дүнг уншихад санал нийлэхээргүй үр дүнгүүд гарсан харагддаг нь ямар учиртай вэ?
-Тийм ээ, санаа бодлын судалгааны сул тал нь тэр л дээ. Нийгэм, эдийн засгийн чиглэлийн гол судлагдахуун нь хүн өөрөө. Хуучин зөвхөн үнэ гэх мэт рациональ хүчин зүйлд суурилж худалдан авалт хийдэг байсан бол одоо өөр болсон. Түүний цаана хүн, хүний сэтгэл хөдлөл бий. Хэрэв бүх зүйлийг санаа бодлын судалгаагаар судалж болдог бол маш амархан. Гэхдээ бид нар юу бодож байгаагаа хэлдэггүй, хэлсэн зүйлээ хийдэггүй. Түүгээрээ санаа бодлын судалгаа сул талтай. Манай компани дэргэдээ чанарын судалгааны төвтэй. Яагаад гэдэг асуултад хариулт өгөх судалгаануудыг хийнэ гэсэн үг. Төхөөрөмж дээр сууна. Ярилцана. Хариу үйлдлийг нь хэмжинэ гэх мэтээр судалгааны маш нарийн аргачлалууд бий болсон.
Хамгийн муу оюутан багш болоод, оюутнуудынхаа элэг доог болоод байвал тэндээс ямар сайн мэргэжилтэн төрөх вэ дээ.
Аксиом бол маркетинг, менежментийн сургалт, зөвлөгөө өгдөг харин Аксон бол нейро болоод маркетингийн ахисан түвшний судалгаа хийдэг. Нейро маркетингийг ашиглаад бизнесийн хамгийн оновчтой шийдлийг гаргаж ирж болно. Жишээ нь, гурван төрлийн реклам байлаа гэхэд энэ гурвын аль нь хүнд хамгийн сайн хүрч байгааг нейро маркетингийн үүднээс шинжлэх ухааны үндэстэйгээр хэлж өгч чадна гэсэн үг. Үүгээрээ л илүү давуу талтай.
-Их сургууль бол мэдлэг үйлдвэрлэгч үү, дамжуулагч уу?
-Миний нэг шавь Гомбожав гэж “Шок номлол” номыг орчуулсан мундаг залуу бий. Гомбожав Чехэд мастераа хамгаалж ирээд нэг уулзсан чинь “Багш аа, манай их сургуулиудад нэг асуудал байна аа. Бид нар бол мэдлэгийг дамжуулагч хийж байна. Түүнээс шинэ мэдлэгийг үйлдвэрлэхгүй байна” гэж хэлсэн нь надад хүндээр туссан. Бид нар “Тэр эрдэмтэн тэгж хэлжээ, энэ эрдэмтэн ингэж хэлжээ” гээд л хичээлээ заадаг нь үнэн л дээ. Тийм ч учраас нейро маркетинг гэх харьцангуй шинэ чиглэл рүү эрт орсон учир энд бидэнд ажиллах орон зай байна гэж харсан. Бид нар цаашдаа нейро-гийн чиглэлээр гранттай судалгаанууд хийж, шинэ мэдлэг үйлдвэрлэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсдэг. Хүний зан төлөв гэдэг монгол, орос, америк байхаас үл хамааран нийтлэг зүйл.
-Багш хүн зөвхөн дамжуулагч байхгүйн тулд тасралтгүй суралцах шаардлага гарч байна уу?
-Мэдээж тийм. Манай багш нар багшилна, энд бизнесийн зөвлөгөө өгч давхар орлого олно. Ер нь багшилж мөнгө олно гэдэг хүнд. Олон цагийн хичээл орж, нэг хичээлээ дахин дахин заана. Тэр ажлаа хийхийн хажуугаар өөр ажил хийж, шинэ мэдлэг чадвар олж авах нь дээр гэж би боддог. Багш хүн тасралтгүй хөгжиж байх ёстой. Одоогийн оюутнууд бүх цаг үеийн хамгийн их мэдээлэлтэй оюутнууд. Хүссэн зүйлээ гүүгл, википедиа-гаас ороод харчихна. Энэ их мэдээллийн эрин зууны хүүхэд, оюутнуудад хичээл заахын тулд багш туршлагатай байх болно. Түрүүлж уншчихаад оюутнуудад ярьж өгдөг систем аль хэдийнэ нурж унасан.
МОНГОЛ ХҮН XXI ЗУУНЫ МАШИН УНАСАН Ч СОЁЛЫН ХОЦРОГДОЛ НЬ ХЭВЭЭРЭЭ БАЙНА
-Та “Говь” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний ажилтай. Энэ ТУЗ-д ямар ажил хийж байна вэ?
-Манай Гэрэлмаа багш Говь-ийн ТУЗ-ийн гишүүн байсан. 2016 оны наймдугаар сард Гэрэлмаа багш залгаад, “Говь-ийн ТУЗ-д хараат бус гишүүн шалгаруулж байна. Чи ярилцлаганд ороод үзээч” гэсэн. Тэгээд анх Баатарсайхан захирлын ярилцлаганд орсон. Би тухайн үед старт-ап компани байгуулаад амжилтгүй болсон хэдий ч энэ талаар багагүй ойлголттой болсон байж. Судалгааны болон зөвлөх ажлууд хийж байсан тухайгаа ч танилцууллаа. Тэгээд есдүгээр сард нь хараат бус гишүүнээр сонгогдсон. Тэр үед “Говь” өсөлтийнхөө гараан дээр байсан. Түүнээс хойш Баатарсайхан захирал барааны нэр төрлүүдийг буулгаад, зөвхөн пальтонд гол төвлөрлөө чиглүүлж, оновчтой менежмент хийсэн дээ.
Би маркетингийн зөвлөгөө өгнө. 2018 оноос “Говь”-ийн Эрсдэл аудитыг хороог удирдах болсон. Тулгарч болох эрсдэлүүдийг тодорхойлно. Асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирнэ. Мөн хөндлөнгийн аудитын компанийг хүлээх биш байгууллагын дотоод аудит хийнэ. “Говь” маань миний ажилд их том туршлага болж байна. Монголоос гадагшаа гарч байгаа нэмүү өртөг шингэсэн цор ганц бүтээгдэхүүн бол Говь-ийн бүтээгдэхүүн. Монгол хүний ур ухаан, технологи шингэсэн ганц бүтээгдэхүүн. Баатарсайхан захирал миний мэдэх хамгийн хурдтай, маш зоригтой, дээр нь дэндүү ажилсаг. Ийм гурван чанар нэг хүнд цогцлоод ирэхээр ямар ч боломжгүй зүйл гэж байхгүй болчих юм билээ.
Би маркетингийн мэргэжилтэй, бизнесийн удирдлагын багш хүн өөрөө бизнес хийдэг л байх ёстой. Тэрийг чадахгүй байж заана гэж юу байх вэ.
-Монголчууд ноолууран бүтээгдэхүүн, ноосон хивснээсээ бусдыг гаднаас худалдаж авч байна. Таны бодлоор үйлдвэрлэл хөгжүүлэхэд бидэнд юу дутагдаж байна вэ?
-Өрсөлдөөний давуу талын онол гэж байдаг. Улс орон бүхэн өөр өөрийн гэсэн өрсөлдөөний давуу талуудтай.
-Тэгвэл манай давуу тал юу юм?
-Наад зах нь уул уурхай, байршил. Бид дэлхийн хамгийн том зах зээлийн хажуу бөөрөнд байна.
-Давуу талаа ашиглаж чадахгүй байна шүү дээ?
-Хүн нь бэлэн болоогүй цагт ямар ч бодлого хэрэггүй юм байна гэж бодсон. Монгол хүн XXI зууны машин унасан ч соёлыг хоцрогдол нь хэвээрээ байна. Бидний тархи матеариллаг зүйлсээсээ хоцорч байна. Бид үндэстнийхээ хувьд арай бэлэн болоогүй байна.
МОНГОЛЫНХОО ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДООГУУР ҮНЭЛЖ БОЛОХГҮЙ
-Дээд боловсролын салбарын өнөөгийн байдлын талаар ямар бодолтой байна вэ. Манай дээд сургуулиуд үнэндээ сургалтын төлбөрөөрөө л амьдарч байх шиг?
-Нэгдүгээрт сайн боловсрол эзэмшье гэвэл их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэрийг төсвөөс үү, сургалтын төлбөрөөс авах уу, судалгааны ажлынхаа үр дүнгээс олох уу? Аль нь ч хамаагүй, сайн боловсрол олгоё гэвэл хамгийн сайн багшийг хөлсөлж авах хэрэг гарна, сургалтын орчин бүрдүүлэх хэрэгтэй гэтэл сайн багш, чанартай орчин хямдхан биш. Тэгэхээр үүнийг л сайн ойлгомоор байна л даа. Жишээ нь, нэг эрдэм шинжилгээний өгүүлэл татаад уншъя гэхэд 20 доллар төлнө. Нэг сэдвээр боломжийн бие даалтын ажил хийе гэвэл 10-15 эх үүсвэр унших хэрэг гарна. Хэрэв төлөөд уншъя гэвэл 200-250 доллараар мэдээллийн боломжтой болно. Манайхан тэрийг ойлгох ёстой юм л даа. 5 сая төгрөг буюу 2000 доллар төлөөд 30-40 мянган долларын боловсрол нэхэх боломжгүй. Сайн сурах бичиг гэхэд 100 доллар гээд бодоод үзэхэд зарим хичээлийг сурах бичгийнхээ үнээр сурч байна. Тэгэхээр төрөөс татаас өгөх замаар санхүүжилтээ шийдэх үү? ямар ч байсан дэмжлэг хэрэгтэй.
-Тэгвэл Монголынхоо боловсролд итгэхгүй, гадаадад дээд боловсрол эзэмшихийг шүтэх хандлага газар аваад байна шүү дээ?
-Гадаадад сурахыг буруутгахгүй. Гэхдээ Монголд сурах хэрэггүй мэтээр боловсролын салбарын дорд үзэхийг би хүлээн зөвшөөрдөггүй. Би Монголдоо дээд боловсрол эзэмшээд Австралийн үндэсний их сургуулийн мастерт сурч болж байна гэдэг Монголын боловсрол дэлхийд гологдохгүй байгаагийн л шинж. Жишээ нь, манай Нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөр АССА-ийн мэргэшсэн нягтлангийн сургалтын I, II чанарын зэргийг авсан. Тэгэхээр манай нягтлангийн ангийн оюутан Англи, Австралийн сургуульд энэ мэргэжлээр сурсантай чанарын хувьд ижил болж байна.
Ажиглаад байхад гадаадад мастер хамгаалсан хүмүүс тэр сургуулиа л яриад Монголынхоо сургуулийг огт дурддаггүй юм билээ. Монголынхоо дээд боловсролын чанарыг хэт доогуур үнэлж болохгүй. Миний хувьд мэдлэг боловсролынхоо дийлэнхийг Санхүү эдийн засгийн их сургуулиас л олж авсан. Дараа нь ANU-д сурч, мэдлэгээ хөгжүүлсэн нь үнэн. Санхүүд сурсан бакалавр, мастерийн зэрэгтээ түшиглэн гадаадад боловсролоо дээшлүүлсэн. Манай дотоодод тааруухан сургуулиуд бий ч, МУИС, ШУТИС, Санхүү гэх мэтээр сайн сургуулиуд байна шүү дээ.
-Гадаадын сургууль бүхэн сайн биш байх, тийм үү?
-Тийм ээ. Гадаадад сурах хүсэлдээ хөтлөгдөөд Америк, Англи, Хятад, Тайванийн тааруухан сургууль сонгоод, олигтой ч сурсан юмгүй төгсвөл харамсалтай. Ер нь боловсролын салбараа л сайн хөгжүүлбэл бусад салбар нь дагаад л цэгцэндээ орно доо. Боловсролд өгөх үнэлгээгээ өсгөөч гэж л хэлмээр санагддаг.
Манай соёлын өнцгөөс харахад багш хүн эдийн засгийн сонирхолгүй, зөвхөн хүүхдийн төлөө явах ёстой ч юм шиг ойлгогддог. Өөрөө эхлээд амьдралынхаа асуудлыг шийдсэний дараа оюутныг хэрхэн хөгжүүлэх талаар бодох ёстой биз дээ.
-Өсгөж байна гээд сургалтын төлбөрийг нэмчихвэл ямар эсэргүүцэл тулгарахыг Та мэднэ дээ?
-Тэгэхээр ядуу айлын хүүхдүүд сурах боломжгүй болно гэж үнсгэлжингийн түүх ярьдаг. Тэгвэл тэтгэлгийн сан үүсгэж болно. Ядуу айлын хүүхдүүдийг сургах гээд боловсролын салбараа доош нь татаж болохгүй. Боловсрол хүссэн ч эс хүссэн ч дээр л байх ёстой. Тэнд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манай том эгч Солонгосын Чонгнамын их сургуульд багшилдаг. Тэдний сургуулийн нэг профессорын судалгааны ажлын жилийн төсөв нь бараг манай сургуулийн эрдэм шинжилгээний ажлын төсвөөс хэд дахин давсан байсан. Гадныхан хөрөнгө хаяж байж л боловсролоо хөгжүүлж буйг харах жишээ олон.
-Монгол шиг 3.2-хон сая хүн амтай улсад 100-гаад их, дээд сургуулийн шаардлага байна уу. Дээд боловсролтой залуус ажилгүйчүүдийн эгнээнд элсэн байна?
-Хүн бүхэн дээд боловсрол эзэмших албагүй. Гэхдээ надад нэг зөрүүд бодол байдаг. Монголчууд цөөхөн учир илүү сайн боловсрол эзэмшиж, оюуны хөдөлмөрөөрөө амьдармаар санагддаг. Хүсвэл цэвэрлэгээгээ филиппинчүүдээр, машин засвараа вьетнамуудаар, замаа хятадуудаар тавиулъя л даа. Хар ажлуудыг тэдэнтэй булаацалдаад яах юм. Тэрний оронд хүүхдүүддээ илүү сайн боловсрол эзэмшүүлж, оюуны хөдөлмөр эрхэлдэг өндөр түвшний мэргэжилтэн болгосон нь дээр шүү дээ.
-Сурлага сайтай хүү байжээ. Санхүү эдийн засгийн дээд сургуульд урилгаар орсон гэж дуулсан?
-Би Ирээдүй цогцолборын 86 дугаар сургууль төгссөн. “Эрэл” компанийн “Залуучууд хөгжил дэвшил сан”-гаас есдүгээр ангийн сурагчдад эдийн засгийн боловсрол олгох хөтөлбөрийг Монголд анх хэрэгжүүлсэн. Жилийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн дунд улсын олимпиад зохион байгуулдаг. Би тэр олимпиадад гуравдугаар байранд орж, СЭЗДС-д сурах урилга, нэг жилийн сургалтын төлбөрөөр шагнуулсан. Тэр бол тухайн үед миний хувьд маш том зүйл байлаа.
-Есдүгээр ангид байхдаа сурах сургууль, сургалтын төлбөрөө шийдчихсэн хэрэг үү?
-Тэгсэн. Би анхнаасаа л СЭЗДС-д орох бодолтой байсан. Манай аав энэ сургуулийг төгссөн. Их сургуулийн хоёрдугаарт курст мэргэжил сонгоход маркетингийн тухай анх сонсож байлаа. Маркетинг тухайн үед шинэ зүйл байлаа. Хоёрдугаар курст байхад манай Түвшинзаяа багш бидний дөрвөн оюутнаар Монфрэш-ийн нэг жүүсний маркетингийн судалгааг хийлгэсэн. Маркетингийн анх судалгаа тэндээс эхэлж байлаа. Энэ нь ч цаашинд маркетингийн мэргэжил сонгоход нөлөөлсөн л дөө.
-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс