Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойн өдөр 2026 оны 3-р сарын 22-нд болно. Энэ түүхт ойг тохиолдуулан “Сансрын юм ярилцъя” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр /2026.03.19/ “Чингис хаан” музейд боллоо.
Сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3 дугаар сарын 22-нд ЗХУ-ын сансрын нисгэгч В.Жанибековын хамт "Союз-39" хөлгөөр сансарт ниссэн. Тэд найм хоногт дэлхийг 124 удаа тойрохдоо 32 туршилт, судалгаа хийжээ. Үүний 70 орчим хувийг Монголын Сансар судлалын секторын багийнхан санаачлан боловсруулсан. 30 орчим нь Оросын сансрын багийнхны өмнөх туршилтуудын үргэлжлэл байжээ. Тэдгээр судалгаа, туршилтаас шууд үр дүнгээ өгсөн ажил нь зайнаас тандан судлах ажил хэмээн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Д.Рэгдэл онцолж байв.
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаатай цөөн хором ярилцлаа.
-Хүн сансарт нисэхийн үр дүн, ач холбогдлыг Та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?
-Сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойг бид тэмдэглэж байна. 45 жилийн хугацаанд нийт дүнгээр нь авч үзвэл дэлхийн сансрын судалгааны ажил өргөн дэлгэр хөгжжээ. Дэлхийн тойрог замд өнөөдөр олон улсын станцууд зогсолтгүй ажиллаж, судалгааны ажил хийсээр байна. Хэдхэн орон биш, олон улс орон өөрийн хүч боломж, хөрөнгө чинээний хэрээр энэ ажилд оролцож байна.
АНУ, ОХУ, Европын холбоо болон Япон зэрэг улс орнууд өөр өөрийн сансрын модулийг боловсруулсан байна. Сансарт нэгдсэн журмаар лаборатори байгуулж, тэндээ ээлжлэн ажиллаж байна. Тиймээс судалгааны үр дүн өдөр бүр, цаг тутамд гарч байгаа.
Хүн төрөлхтөн нэг зүгт харах хамгийн гол чиглүүлэгч нь сансар болох ёстой гэж би боддог. Сансрын уудам хүн төрөлхтөнийг ямар нэг утгаар нэгтгэж байна. Олон улсын станцууд дэлхийн тойрог замд ажиллаж байна.
Харин газар дэлхий дээр зөрчилдөөн, будилаан үргэлж байна. Том эдийн засагтай улс орнууд бие биедээ хориг саад тавьж, эдийн засгийн болон цэрэг, улс төрийн арга хэмжээ үргэлж явагдаж байна. Тэгэхэд энэ хориг сансрын судалгаанд үйлчлэхгүй л байгаа. Сансрын арга хэмжээг аль нэгэн улс орон эсэргүүцэхгүй, хамтарсан судалгааны ажлууд саадгүй үргэлжилж байна.
![]()
-Хоёр дахь монгол хүнийг сансарт нисгэх талаар яригдаж эхэлсэн. Энэ ажил хэр урагштай байгаа бол?
-Дараагийн монгол хүн сансарт нисэх нь мэдээж ач холбогдолтой. Монголын ард түмэнд баярлаж, бахархах сэтгэгдэл төрөх байх. Түрүүчийн хийсэн туршилт судалгааны ажлуудыг үргэлжлүүлж, үр дүнг нь гаргах байх. Хүн сансарт ниснэ гэдэг зүгээр баяр ёслолын төдий зүйл биш. Судалгааны өргөн хүрээтэй ажлууд хийж, үр дүнг нь харж, харин тэр үр дүнгээр баярлаж бахархаж байх ёстой юм.
Дараагийн монгол хүнийг сансарт хөөргөх тухай төр засгийн түвшинд яригдан, төлөвлөгдөж байгаа зүйл бий. Манай Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр дараагийн монгол хүнийг сансарт нисгэе гэсэн улс төрийн шийдвэр гарсан гэж бид ойлгодог.
Юуны өмнө хүнээ сонгож авах ёстой. Тэр хүний сансарт хийх судалгааны ажлын хөтөлбөрийг бэлэн болгох хэрэгтэй. Дадлага, сургуулилтаа хийгээд сансарт нисэх ёстой доо.
-Монголын олон мянган залуусаас шилэгдэж, шалгарсан дөрвөн залуу сансрын нислэгийн бэлтгэлд орсон байдаг. Бэлтгэл сургуулилтыг хэр удаан хийсэн бэ?
-Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн бэлтгэлийг бид гурван жил хийсэн. Тэр хугацаанд монгол хүнийг сансарт нисгэхээр бэлдэж байгаа тухай ярьж, илтгээд байгаагүй юм билээ. Би “Оддын хотхон”-д байсан учир улс орондоо болсон үйл явдлыг сайн мэдэхгүй. Гэхдээ сансрын бэлтгэл хийж байгаа тухай мэдээлэл сонин хэвлэлд бага байсан шиг байдаг. Тэр үеийн нийгэм өөр байж. Өргөн дэлгэр ярихгүй гэсэн төрийн бодлого ч байсан байх. Одоо бол бүх зүйл ил тод болсон. Хүн сонговол ”Тэр сонгогдлоо, бэлтгэлд орлоо” гээд мэдээлээд эхлэх байх аа.
-Танд дахин сансарт нисэх санал ирвэл нисэх үү? Хэрэв дахин нисвэл та юу хийх вэ?
-Сансрын тойрог замд би найм хоног ажилласан. Миний 80 наснаас найм хоногийг та нар хасах гээд байна аа даа /инээв/. Тэр бол миний амьдралын хамгийн ачаалалтай долоо хоног байсан. Бидний үйл ажиллагаа, үйл хөдлөл минутаар хэмжигдэх хөтөлбөртэй. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө орос нөхөдтэйгөө хамт зүтгэсэн. Хэдийгээр хүнд хүчир цаг, минутууд байсан ч гэсэн миний амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүд байв. Монгол хүмүүс ч нийтээрээ баярлах, бахархах сэтгэл дүүрэн байсан цаг хугацаа байжээ.
-Та дахин сансарт нисэх үү?
-Нисгэмээр байна уу? /инээв/ Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Боломж олдвол хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхийг л боддог. Дараагийн нэг сонирхолтой алхам бол сар юм. Сарны хөтөлбөрөөр сансарт нисээч гэвэл, тэр боломжгүй л дээ. Гэхдээ мөрөөдөж болно. Би оролцоход бэлэн байна. Дээхнэ үед Зөвлөлтийн сансрын нисгэгч найз нөхдөөсөө асууж байв. “Чамд ямар хүсэл мөрөөдөл үлдэв ээ? Би бол сарны хөтөлбөрт оролцмоор байна. Саран дээр хөл тавимаар байна” гэхэд Зөвлөлтийн сансрын нисгэгч Н.Н.Рукавишников “Хүүе, би бас тэгж боддог. Тэгэхээр хүн бүхэнд байдаг бодол юм байна” гэж байсан шүү /инээв/.