-Цүрэмийн Мухарын хоёр ном хэвлэгдлээ -
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор зохиолч Цүрэмийн Мухар далаад оноос эссе, нийтлэл, хүүрнэл зохиолын роман, тууж, туурь, өгүүллэгээр бичиж, гаршиж олны танил болсон билээ.
Тэрээр хоёр роман, дөрвөн тууж, өгүүллэг туурь болон эссе нийтлэлээр 12 ном бичжээ. Ц.Мухарын “Амь”, “Амьдрал бас Амьдрал”, “Хүний хөрөг миний зураг”, “Дөрвөн ойрадын гурван нутаг”, “Хүн:Нийгэм, сэтгэл, сүнс”, “Дарьгангын тууж” ном “Торгуудын их нүүдэл” эссе-романыг уншигчид нааштай хүлээн авч өдөр тутмын хэвлэлд 10 гаруй шүүмж, судалгаа гарсан байна.
Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол түүний “Зангиа”, “Жолом”, “Нагацын эмээл”, “Цөөх хайрхан”, “Төөрсөн зээ” зэрэг туурь, өгүүллэгийг өндөр үнэлж мөн “Яргаж, ургаж, жаргаж бичиглэхийн учир” зэрэг өгүүллэг, туурь, нийгмийн түүхийг уран сайхнаар бүтээдэг зохиолч, шинжлэх ухааны үүднээс тэрэлдэг түүхчдээс дутахгүй зурагладаг ... гэж үнэлжээ.
Ц.Мухар саяхан “Торгуудын бага нүүдэл” гэдэг эссе роман, “Намрын шар наран дор” гэдэг туурь, өгүүллэгийн ном бичжээ.
Доктор Цүрэмийн Мухарын “Торгуудын бага нүүдэл” романы “Төгсгөл” гэсэн харууслын дууллын, “Дөрвөн ойрадын эцэслэл”, “Монголын мөхөл” гэдэг өчлийг толилуулъя.
Монгол хүн болгон энэ харууслын дууллыг сонсоод их, багагүй, дээр, доргүй нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай билээ.
ТӨГСГӨЛ
-Харууслын дуулал-
“Торгуудын бага нүүдэл” миний хоёрдох роман. Нэг дэх “Торгуудын их нүүдэл” шигээ энэ номоо өөдрөг сэтгэлээр дуусгая гэж бодсон боловч санаандаа хүрч чадсангүй. Би дахин ойрад түмний амьдрал-түүхээр томоохон бүтээл бичихгүй болов уу. Тийм учраас номоо үүлгүй хөх тэнгэр шиг сайхан жаргаахсан гэж санавч түүхэн үнэнээс тойрох аргагүй байдалд хүрлээ.
Нэг. Дөрвөн ойрадын сүйрэл
Торгуудын их, бага нүүдэл эр зориг баатарлаг туульс, нийгмийн хоцрогдол, үндэстний эмгэнэлийн туйлдал болсноороо монгол үндэстний орших эс оршихын гэрч болж өглөө гэж хэлхээс эмээсэнгүй.
Зүүн гарын хүчирхэг хаант улс (1409-1758) байхаасаа эхлэн нэгдсэн их монгол улс байгуулах гэж манж-халхын гурван зуу гаруй мянган цэрэгт арваад жил (1688-1697) дараалан хиар цохиулсан Галданбошготын хаант улс нэг сая орчим ам бүлтэй байж. Зүүн гарын хаант улсын дотор хагарал гарч цагаан хаант Орос улсын зүүн өмнөт хязгаарт Ижил мөрөн Зай голын малын бэлчээртэй, өвс хадлан арвин ус нууртай, зөөлөн цаг ууртай их тал нутаг бараадан хоёр зуун тавин мянган хүн ардаа дагуулан (1608-1624) гарсан торгуудын Хоо Өрлөг ноёны их санаа нэг зуун дөч гаруй жилийн дараа (1771) “Их нүүдэл”-ээр сүйрч мөхсөн.
Хоо Өрлөг ноён монголын газар шороон дээр Чингэсийн Их Монгол улс дахин сэргэх найдваргүйг ухаарч Ижил мөрний хязгаарт шинэ монгол улсыг тунхаглах холын далд санаархалтай байсан болов уу.
Халх Монгол, Зүүн гарын монгол гэсэн хоёр улс бий болж, бие биений эсрэг сөрөн зогссон нь манж их гүрний зууш болохыг ухаарсан хүний нэг Хоо Өрлөг ноён.
Ижил мөрөнд Шинэ Монгол улс байгуулж өөртөө Хасаг, Киргиз зэрэг лалын шашны олон Шах, Султаан нарыг нэгтгэн улмаар Баруун, Зүүн гарын монгол аймгийн хан ноёдыг араасаа дагуулж чадвал цагтаа Европ, Кавказ, Дундат Ази, Монгол хаадын довтолгоонд баруун, хойт, урд талаараа дайтаж хүч нь суларсан хаант Оросыг буулгаж авахаар Хоо Өрлөг ноён тооцоолсон.
Галданбошгот хаан, Хоо Өрлөг ноёны их санаархалын сүйрэл дөрвөн ойрадыг мөхөлд оруулж, зүүн гарын монголчууд манжийн их цэрэгтэй бараг хагас зуун жил тулалдсан сөргөлдөөний эцэст хагас сая хүрэхгүй, үгүйтэй болтлоо цөөрч тараан бутаргасан.
Ижил мөрөнд нэг зуун дөчин жил амьдарсан торгууд, дөрвөд, хошууд нар Хаант Оросын дайнд шилдэг цэргийн анги болон Швед, Кавказ, Балтийн болон Францын дайнд олон мянгаараа амь алдаж байсан боловч хагас сая болтлоо өсөөд 1771 оны их хар нүүдлээр дайн, өлсгөлөн, өвчин тахлаар бараг хоёр дахин хорогдож, эрэлхэг, дайчин хувь заяа нь гайтсан.
Одоо дэлхийд нэг сая орчим ойрадууд байна гэсэн мэдээлэл бий. Дундат улсын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, өвөрмонголд хоёр зуун мянгаад, ОХУ-ын Халимаг-Тангач улс, монгол улсын баруун хязгаарт тус бүр нэг зуун наян мянга гаруй ойрадууд амьдарч байна.
Буриадууд эртний ойн иргэдээс гаралтай ойрадын тасархай. Дугаржавын Дамдинжав гэдэг судлаач буриад барга ястны тухай олон цуврал бүтээлийн нэг “Эрт үеийн буриад монголчууд” (2007) номдоо, XV-XVII зуунд Байгал нуурын чанд руу, ойрадаас (ойн иргэд) салж нүүсэн буриад зон дөрвөн ойрадын тасархай төдийгүй илюдэр буриад торгууд-халимаг гаралтай гэж баталжээ. Монголын Хотгойд нар ойрад удмынхан гэж үзвэл, дэлхийд байгаа ойрадууд нэг саяас халина.
Энэ цөөхөн ойрадын мөхөл ойртжээ. Тэд Монгол, Хятад, Орос гурван улсад, гурван хэлээр ярьж, гурван бичгээр гэгээрч, гурван амьдралаар аж төрж байна. Хоёр зуу, сайндаа гурван зуун жил өнгөрөхөд дөрвөн ойрад гэдэг нэр, тод монгол бичиг, ойрад хэл зөвхөн түүх, шашдарт л үлдэх хувь заяа биднийг хүлээж байгаа нь үнэн.
Зуу, зуун түмэн торгууд, зуун зуун жилийн түүхийн нугачаанд зориг баатарлаг үйлс, золбоо хийморио гайхуулж, сумын зэв дор, буун суман дор мянга, мянганы их, бага нүүдэл хийж жаргаж зовсон амь, амьдралыг нэхэн хөөж, эргэн харцгаая даа.
Гурван улс, таван тивд тарж бутарсан ойрад-торгууд гэдэг нэр, газар нутаг зөвхөн түүхийн шар шастир, бичгийн цагаан цаасан дээр үлдэх эмгэнэлт хувь заяаг эргэн саравчилж, урагшаа нүд чилээхэд уулын сүүдэр хүүшлэнэ.
Хагас мянган жилийн өмнөх дөрвөн ойрадын зүүн гарын хаант улс аажим, аажмаар бутран сарнисаар байжээ. Гүш хаан Төрбайх хошууд торгууд голлосон нэг зуун жар гаруй мянган хүнээ авч, цаст Түвдийг эзлэн авч бараг зуун жил ноёрхоод Манж Чин улсад уусаагүй бол, Хоо Өрлөг ноён хоёр зуун тавин мянган албатаа дагуулан Орос газар Ижил мөрөнд хагас сая болтлоо өсөөд эргэн нүүж хагасыгаа дайн тулаан, өвчин тахал, өлсөж, осгож алдаагүй бол, гурван зуун мянгад багтахгүй буриад зон XVI зуунаас Орос газар идээшин дасаагүй бол, 1636 онд саяар тоологдох ам бүлтэй Өвөрмонголыг Манж Чин улс тасалж аваагүй бол, ХХ зууны эхний хагаст Тагнын Урианхай ЗХУ-д нийлээгүй бол Чингэсийн их Монгол улсын хувь төөрөг ямар байх байсан бол доо. Мөрөөдөөд үзье дээ, мөнгө төлөх биш. Арван сая гаруй хүн амтай, хоёр сая хавтгай дөрвөлжин мод газартай, далайд гарцтай, баруун хязгаартаа нэг сая амидаа бүхий ойрад-торгуудын аймаг, хошуу, сум байх л байж дээ.
Монголчуудын бутрал, саринал, газар нутгийн элэгдэл хорогдолд торгуудын зуун дамжсан нүүдэл хор хөнөөл дагуулсаар иржээ. Нутгаа орхиод холын холд атаа ачаалаад, агтаа унаад, малаа туугаад хэдэн зуу, мянга түмээрээ нүүнэ.
Эргээд ирэхэд, нутаг нь хүнийх, нуур нь айлынх, хот нь харалсан, буурь нь арилсан байдаг ажээ. Хүний хөгжилд, нүүдлийн иргэншил ингэж сүйрэл учруулсаар ирсэн бол арван нэгэн мянган жилийн настай суурин соёл иргэншил хотжил, шинжлэх ухаан, соёл урлаг, анагаах ухаан, үйлдвэр газар тариаланг бий болгосон төдийгүй, хүний үхэл хорогдлыг багасгаж, ажилч хөдөлмөрч, амиа аргацаахад их үүрэг гүйцэтгэжээ.
XIX-XX зуунд суурин соёл иргэншил бөмбөрцөг дээр ноёлж хүний хөгжилд хувьсгалт өөрчлөлт оруулснаар, нүүдлийн иргэншилд хүчтэй цохилт өгч, дэлхий нийт суурин амьдралын дэг жаягт нэгэнт орсон байна.
Олон улсын жишгээр хүн амын 60-70 хувь нь суурин иргэншилд шилжиж байна гэсэн мэдээлэл байхад манай хүн амын 55% нь (1,5 сая) нийслэлд Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвд хагас сая гаруй хүн суурьшиж нийт хүн амын 70% орчим, хэрэв хөдөөгийн хот, тосгон (сумын төв)-ны хүнээр тооцвол бидний арван хүний найм нь суурин иргэншилд бүрэн, хагас хэмжээгээр орчихжээ. Сүүлийн хориод жилд гарсан энэ хувьсгал сайнаас, саарыг дагуулж, ядуурал, гэмт хэрэг, авилгалыг чирч ирлээ. Гэтэл гуч гаруй сая мал дагасан дөчин мянган өрхийн нэг зуун мянга гаруй малчид хоёр сая хагас хүнийг хооллож байна. Хоцрогдсон нүүдлийн ахуйтныг хайралмаар, харуусмаар.
Суурин соёл иргэншил хувь хүнийг ажилч, бүтээлч болгон хүмүүжүүлдэг. Энэ цаг хугацаа дэндүү урт. Зуунаар тоологдоно. Хятад улс зургаан мянганы суурин иргэншилтэй. Энэ өнө, удаан хугацаанд нангиад хүмүүн газар амьтай тариачин, галд дажрахгүй ажилчин, ус шаварт сөхрөхгүй барилгачин болжээ. Тэд шоргоолж шиг хөдөлж, хэдэн мянган бээр хятадын их цагаан хэрмийг босгосон аугаа их ард түмэн.
Нүүдэлчин бид морь унаж, тэмээ ачаалж, мал туухаас өөр ухаан суусангүй. Хятад хүнээр тариа тариулж, байшин сууц бариулж хоолтой, орон гэртээ болохоос яахав. Их Дундат гүрнийг дайтан эзэлж, эзэн хаанаар зуун жил суусан Монголын Хубилай, гурван зуун жил болсон Манжийн хаад, нэрт түүхч Гүнжийн Сүхбаатарын хэлснээр “тэрийтэл хэвтээд, жаргаж цэнгээд” Хубилайн ар талд монгол газар нутаг маань “цусны хангамж” дутсан зүрх шиг хорчийж, манж гүрэн уусан алга болсон.
Түүхэн энэ сургамж XXI зуунд, Монгол оронд давтагдах хувь заяа бидний хойч үеийнхэнд ирэх болов уу. Энэ хорон үг хэн хүнд юм бодуулах байх. Даяаршлын “хар салхи” монгол гэрийн өрхийг дэлдэж, унь хана шажигнаж байгааг нүдээ таглаж, чихээ бөглөж суух уу бид нар.
Цагаан бар жилийн шинийн гурванд Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлтэй нутгийн андын хувьд хадаг барин золгоод хууч хөөрч суухдаа ойрад-торгуудын тухай, Монголын ирээдүйн талаар хэдэн үг солих хооронд ойрадын их бага нүүдлээс монгол үндэстэнд учруулсан хохирлыг харамсан дурсаж суулаа.
Хоёр. Монголын мөхөл
Дөрвөн ойрадын эмгэнэлт хувь заяа, Монгол үндэстний мөхлийн мөрийг араасаа дагуулж байх шиг. Энэ бөмбөрцгийн арван сая монголчуудаас дөнгөж, данган хагас нь монголоор ярьж, кирилл, худам ба тод монголоор бичиж, уншиж байна.
Таван сая гаруй монголчууд орос, хятад, англи, араб, түрэг олон хэлтэй, бичигтэй. Дэлхийн дөрвөн мянгаад хэлнээс долоо хоног дутамд нэг нь устаж байна гэж судлаачид бичиж байна. Тэгвэл таван сая хүн ярьдаг гурван бичигтэй монгол хэл хэдэн зууныг тэсч үлдэх бол.
Харин түүхэнд монгол үндэстэн, монгол хэл, монгол бичиг соёл үлдэх нь магад. Манж гүрэн мөхсөн боловч манж хэл, манж бичиг амьд байгаа. Монгол үндэстэн, монгол хэл, монгол бичгийн хувь заяаг ойрхоноос жишээ авч болно.
Өвөрмонголын хүн амын 80,6% буюу 17 сая гаруй нь хятад үндэстэн, 3 сая гаруй нь (15,7%) монголчууд. Манж Чин улс 1636 онд Монголын өврөөс, өвөрмонголыг тасалж аваад 370 гаруй жил болоход Монгол ахуй их өөрчлөгджээ. Монголчуудын дунд хэл, соёл, ёс заншлаа хадгалсан нэг хэсэг байхад огт мартагдаж хятаджсан хүмүүс бас олон.
Монгол нутгаасаа олон зуун жилийн өмнө гарсан буриад зон, дөрвөн зуун жилийн өмнө 4800 мод газар нүүж одсон халимаг түмний дунд орос хэл, бичиг, соёл, аж төрөх ёс нэгэнт тогтжээ. Тэд монгол хэлгүй, монгол бичиггүй. Хэзээ ч монголжихгүй.
Харин монгол гэсэн нэрийг 2200 жил авч явсан бидний монголын ирээдүй дэлхийчлэлийн хар шуурганд тэсэх үү. Бид орших уу, эс орших уу. Эртний түүх болон Хятад судлаач эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар монгол улсын өнөөгийн эдийн засгийн уналтыг “Өнөөдрийн уналт чинь, өнөөдрийнх биш. Урагшаа хармаар байна. Урьдахь түүхийн гашууныг өнөөдөр л тунгаах ёстой. Монгол орныг арчаагүй байдалд оруулсан хамгийн анхны эзэн чинь Хубилай хаан шүү дээ” гэж “БС” сонинд сэтгүүлч До.Цэнджавтай хийсэн ярилцлагадаа онцолсон байдаг. Хубилай авга ах Өгөөдэй хаанаас гуйж 1236 онд Монголд эзлэгдсэн хятад мужаас газар авч багаасаа хятад багштай болж монгол амьдралаас хөндийрсөн юм санж. Эрдэмтэн Г.Сүхбаатар, 1368 онд тариачин гаралтай Чжү-Юань-Чжаны удирдсан бослого монголчуудыг хятадаас хөөсөн. Би хувьдаа тэр хятад тариачинд баярлаж явдаг. Хятадад, манайхан тэрийтэл хэвтээд, жаргаад цэнгээд байсан бол өнөөдөр монгол орон гэж байхгүй. Манж шиг алга болох байсан гэж хэлсэн байна билээ.
Ерээд оноос одоо хүртэл салахгүй байгаа монголын ядуурлыг долоон зуун гучаад жилийн өмнөх монголын сүйрэлтэй холбож хэлсэн нь хэн хүнд нэгийг бодуулах нь дамжиггүй. Одоо манай дээдэс төрийн ордныхоо өмнө Хубилайн хөшөөг босгож, энэ хүний нэртэй одон гаргах гэж шуугиж байна.
“Түүхийг судалж мэдэх нь маргаашийг бүтээхийн учир нь” гэж Энэтхэгийн тусгаар тогтнолын сүр сүлд Ж.Неругийн хэлснийг эрдэмтэн Гүнжийн Сүхбаатарын захиастай харьцуулан тунгаамаар. Түүх бол хүн, нийгмийн туулж өнгөрүүлсэн амьдралын үнэн мэдээлэл юм.
Тийм ч учраас эрдэмтэд номын өгөрч хуучирсан хуудас эргүүлж, эртний нангиад, түрэг, перс хэлээр түүхийн шастир онгичин нүдээ чилээж, тархиа шаналгасаар иржээ.
Монгол гаралтай Оросын эрдэмтэн Лев Гумилев, таван зуун жилийн дараа монгол үндэстэн мөхнө гэж нотолжээ. Гумилевээс хойш зуун жил өнгөрч. Одоо түүхийн хурд түргэн эргэдэг болсон. Монголын мөхөлд дөрвөн зуун жил үлдсэн үү, эсвэл түүхийн хурдаар нэг, хоёр зуун болсон уу.
Хэдэн зуун ч байг монгол дуусахад монгол газарт төрөлх хэлээр ярьдаг нь Чингэс, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Ринчин нарын хөшөө л үлдэх байх даа.
Бид яаж мөхөх бол. Монгол хэлний дээлийн хормой урдаасаа, дал мөр нь ардаасаа, унаган туурай нударга нь хоёр хажуугаараа сэмэрч нүцгэрэх болов уу.
Одоогийн “Хубилай хаад” Женев, Сингапур, Америк, Солонгосын банкинд мөнгөө хадгалж, ордон бариулж “тэрийтэл хэвтээд, жаргаж цэнгээд” гарч өгнө. Хоёр зуу гаруй мянган монголчууд харьд амьдарч, ажиллаж байна. Хоёр түм шахам хүүхнүүд хол нутгийн бэр болж, хүний үрийг таван тивд тээж, тэвэрч явна.
Ингээд бодохоор монгол мөхлийн аяндаа ачаалчихаад байгаа юм биш үү. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй. Монгол бослоо, суулаа гээд хэн тоохов. Задрал, бутрал, мөхөл сүйрэл рүүгээ бид дээр, доргүй өөрөө өөрсдийгөө чирч, гударч явна.
Хар, цагаан аргаар монголоо шулж баяжсан сайндаа нэг түмэн айл агаар, ус газраар “Хубилай хаад”-ын араас монголоо орхино.
Монгол хэлний дээлийн дотоод хормой болж тасарч үлдсэн үндэсний үзэлтэй цөөхөн түүхч эрдэмтэд Сталины номын сангийн тоосон дунд дарагдаж суусаар тэндээ ясаа тавина.
Нангиадаар шүлэг тэрэлж, оросоор роман бичиж, англиар дуулдаг соёлтон гарч ирнэ. “Өлссөн хүнд зүсэм талх, үндсэн хуулиас ч үнэтэй” гэж ухаажсан гурав, дөрвөн сая хүн их эзний хөлд мөргөж, бага эзний дор бөхийж, байшин барина, зам тавина, тариа тарина, мах ногоо бэлтгэнэ, газар ухна. Тэдэнд монгол хэл хэрэггүй. Хоол л хэрэгтэй.
Доктор Я.Ганбаатар Манжийн хааны зуслан, Чэндэ хотоор аялахдаа, эртний монголын хаад ноёдын урвалтаас болж өвөрлөгч, халх, зүүн гарын (дөрвөн ойрад) хошууд Манжийн Энх-Амгалан, тэнгэрийг тэтгэгч хаанд эзлэгдэн сүйрсэн эмгэнэлт түүхийг эргэн дурссан байдаг. Тэрээр “Нийт Азийг донсолгож явсан агуу их манж үндэстэн өнөөдөр алга “Би бол манж цустай хүн” гэж хэлэх хөтөч бүсгүй ч, тэр их үндэстний намтар цадигийн тухай өнгөрснийг эргэцүүлэн зогссон миний сэтгэлийн гунигийг үргээж чадаагүй ээ. Учир нь хожмын нэгэн цагт “Би монгол удмын хүн” гэсэн хий үг агаарт замхарч байх вий хэмээн сэтгэл эмзэглэсээр байсан юм аа” гэжээ.
Хятад судлаач энэ эрдэмтний үг, ядуухан бичээч намайг хэлэх үггүй болгосон доо. Хэдэн зуун жилийн маргаашийн толгойгүй, тогоогүй бидний дүр зураг энэ. Ийм үг хэлсний төлөө намайг уншигч Та муу ёроллоо гэх байх. Гэвч ийм л бүрхэг ирээдүй монголчуудыг хүлээн тосч байгааг нүдээ аниж, чихээ дарж суух гэж үү.