Хөлбөмбөгийн спорт бол дэлхий дахинаа асар олон хөгжөөн дэмжигчийг нэгтгэж чаддаг "хүчирхэг" спорт. Харин Монголд бол хөгжиж буй спорт гэж хэлж болохуйц. Ялангуяа заалны хөлбөмбөгийн /футзал/ тухайд харьцангуй цөөн тамирчидтай. Төдий хэрээр үзэгч дэмжигч ч цөөхөн.
Тэгвэл энэ спортоор 10 наснаасаа эхлэн хичээллэж, Шанхайн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ердөө 17 насандаа оролцож байсан туршлагатай тамирчин М.Буянбадрахтай ярилцлаа.
Тэрээр Рояаль Олон Улсын Их Сургуулийн эрх зүйн тэнхимийн II курсийн оюутан. Шахуу цагийн хуваариар хичээллэдэг ч гэсэн өөрийн дуртай спортыг орхиогүй хослуулсан нь түүнд давуу тал болсон нь гэв.
Тодруулбал анх сургуульдаа элсэхдээ л тамирчны тэтгэлгээр сургалтын төлбөрөөсөө 60 хувийг хөнгөлүүлсэн байна. Мөн суралцаж байх байх хугацаандаа олон тэмцээнд оролцож, тэтгэлгээ бага багаар ахиулсаар 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж буй амжилттай нэгэн юм.
-Анх хөлбөмбөгийн спорттой хэрхэн холбогдсон бэ?
-Би тавдугаар ангиасаа эхлэн Лаборатори Ган-Зам 20 дугаар сургуулийн Б.Мөнгөнтулга багшийн удирдлага дор хөл бөмбөгөөр хичээллэсэн. Тэр үеэс л энэ спортод дурлаж тууштай хичээллэж байна. Футзалын үндэсний дээд лигт “Унаганууд” багийн бүрэлдэхүүнд гурван жил дараалан тоглож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн 2023 оноос хойш Монголын футзалын шигшээ багт тоглож байна.
-Таны хувьд гадаа талбайн хөл бөмбөг болон футзалын гол ялгаа юу вэ?
-Футзал бол жижиг талбайд өндөр хурдаар өрнөдөг, маш эрчимтэй спорт. Тоглогчдоос тасралтгүй хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Харин гадаа талбайн хөл бөмбөг илүү том зайд тоглогддог учраас тоглолтын хэмнэл харьцангуй өөр гэж хэлж болно.
-Насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдсан мөчөөсөө хуваалцаач.
-Шигшээ багийн дасгалжуулагч олон клубийн тамирчдыг цуглуулж бэлтгэл хийлгэдэг. Олон шилдэг тоглогчтой өрсөлдөж, хурд хүч, ур чадвараараа соригдсоор эцэст нь шигшээ багийн 14 тамирчны нэг болж үлдсэн. Тэр мөчид өөрөөрөө маш их бахархсан.
-2024 оны Шанхайн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн танд ямар туршлага өгсөн бэ?
-Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон. Тус тэмцээн надад маш том туршлага болсон.
Олон улсын түвшний тамирчидтай нэг талбайд өрсөлдөж, ялангуяа Европын тоглогчдын тоглолтын хэв маяг, биеийн хүчний давуу тал, тактикийн шийдлээс их зүйл сурсан. Тухайн үед би ердөө 17 настай байсан. Ахлах сургуулийн 12- р ангийн сурагч байлаа.
-Таны хувьд хамгийн хэцүү тоглолт ямар тоглолт байсан бэ?
-Өнгөрсөн жил Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцсон нь хамгийн хүнд тоглолтуудын нэг байсан. Анхны олон улсын тэмцээндээ урт хугацаанд талбай дээр тоглосон. Өрсөлдөгчдийн бие бялдар болон сэтгэлзүйн дарамтыг хүчтэй мэдэрсэн.
Хүнд тоглолтын дараа би өөртөө “Юм нэгээр дуусах биш дээ” гэж хэлдэг. Мөн гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг хичээдэг.
-Унагануудад тоглож байхдаа хүртсэн хамгийн үнэ цэнтэй медаль тань аль нь вэ?
-Хоёр жилийн өмнө футзалын үндэсний дээд лигээс хүртсэн хүрэл медаль хамгийн үнэ цэнтэй нь гэж боддог. Манай багийнхан тэр медалийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. Зөвхөн медаль биш, багийнхантайгаа хамт өнгөрүүлсэн дурсамжууд ч үнэ цэнтэй байдаг. Би ер нь багийнхаа хамгийн отгон гишүүн нь байдаг. Багийн дасгалжуулагч болон гишүүдээсээ их заавар зөвлөгөө авч, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээдэг. Магтуулах үе ч бий загнуулах үе ч бий.
-Тоглолтын өмнө бие болон сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тоглолтын өмнө аль болох тайван байхыг хичээдэг. Автобусаар явахдаа дуртай хөгжмөө сонсдог. Харин зааланд очоод бие халаалтаа маш сайн хийдэг. Бие халаалт дутуу хийснээс болж гэмтэл бэртэл авах эрсдэл өндөр байдаг шүү дээ.
-Хөл бөмбөгөөр хичээллэх хугацаанд шантрах үе байсан уу?
-Мэдээж шантрах үе байсан. Гэхдээ би хөлбөмбөгтөө маш их дуртай учраас тийм мөчүүд харьцангуй цөөн тохиолдсон. Дуртай зүйлээ хийж, түүнээсээ аз жаргал мэдэрнэ гэдэг сайхан.
Харин гэмтэл бэртэл авсан үедээ сэтгэлээр унаж, шантрах мэдрэмж хамгийн их төрдөг байсан. Тэр үед үргэлж намайг дэмжиж, урам зориг өгч, хажууд минь байдаг н.Алтантулга, н.Ганзориг хоёр ахдаа маш их талархаж явдаг. Намайг багаас минь дасгалжуулж эхэлсэн тэдэнтэй өнөөдрийг хүртэл хамтдаа энэ замыг туулж яваадаа баяртай байдаг.
-Таныг хамгийн их дэмждэг хүн хэн бэ?
-Манай ээж. Миний тоглолтуудыг байнга ирж үздэг. Лигийн болон сургуулийн тэмцээнүүдэд дүү нартай хамт ирж дэмждэг нь надад их урам өгдөг.
-Хөлбөмбөгийн спорт таныг хэрхэн хүмүүжүүлсэн гэж боддог вэ?
-Энэ спорт надад өөрийгөө дайчлах, хувийн зохион байгуулалттай байх, тууштай хөдөлмөрлөх, бусдыг хүндэтгэх зэрэг олон чанарыг суулгасан. Хөл бөмбөгөөр хичээллэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд, зорилгодоо үнэнч байж, тууштай хөдөлмөрлөөрэй гэж зөвлөе.
-Монгол болон гадаадын хөлбөмбөгийн ялгааг та хэрхэн хардаг вэ?
-Гадаадын хөл бөмбөгийн хөгжил үнэхээр өөр түвшинд байдаг. Дэд бүтэц, тоглогчдын бэлтгэл, клубуудын менежмент зэрэг олон зүйлээрээ ялгардаг гэж боддог.
Олон улсын тэмцээнд оролцох үед төсөв санхүүгийн асуудал мэдрэгддэг. Мөн арын албаны боловсон хүчний хүрэлцээ бага байдаг.
Манай баг ихэвчлэн ахлах дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, менежер, гэсэн бүрэлдэхүүнтэй явдаг. Хааяа нэг эмчтэй явдаг. Харин бусад орны багууд эмч, сэтгэлзүйч, зураглаач зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй байдаг. Зарим тохиолдолд бидэнтэй эмч хамт яваагүйгээс бэртэл гэмтэл авахад өөр улсын эмч нарын тусламжийг авдаг.
-Гадаад оронд тоглох үед үзэгчдийн уур амьсгал ямар байдаг вэ?
-Хөл бөмбөгийг үздэг хүмүүсийн тоо маш олон байдаг. Харин Монголд заримдаа үзэгч цөөнтэй, хоосон зааланд тоглох үе бий. Гадаадад тоглохоор үзэгчид яг л “зургаа дахь тоглогч” шиг багтаа эрч хүч өгч байдаг. Тэр уур амьсгал тамирчдад урам өгч, илүү зоригтой, өөртөө итгэлтэй болгодог.
-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Цаашид Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд тогтмол тоглож, олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилт гаргахыг хүсдэг. Мөн хөлбөмбөгийн спортоор дамжуулан залуу тамирчдад үлгэр дуурайл болж, өөрийгөө улам хөгжүүлэхийг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн II курсийн оюутан Б.Энэрэл