Ёс суртахуун доройтон доройтсоор тартагтай тулж нийгэмд ёс суртахууны ялзрал нүүрлэж эхэлсний нэг шинж тэмдэг нь ихэнх хүмүүс шуналаа хянаж чадахаа больж шуналдаа донтож буйгаар илэрдэг. Нэгэнт хяналт, зүг чиггүй болсон болохоор шуналтай холбоо бүхий сайн муугийн тухай дэнс бүдгэрэн мартагдаж, буруу зөвөө ч ялгаж чадахаа байсан олон нийт зөвийг буруу, бурууг зөв хэмээн талцах нь нийтлэг үзэгдэл болно.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үйл явдлуудын цаана шунал, шуналын институцжсэн хэлбэр болох эрх мэдэл, баялаг, газар нутаг, нөөцийг эзэмших далд хүсэл давтагдсаар ирсэн. Үр дүн нь өөр өөр байлаа. Ихэнхдээ цөөн хүний хязгааргүй их шунал гэмгүй олон хүнийг хөлдөө чирч, гаталж гарахын аргагүй, туулж барамгүй, тааварлахын эцэсгүй зовлонгийн балчигт шигдүүлэх нь ч бий. Ийм учраас шуналтнуудын шуналыг зайлшгүй хязгаарлах шаардлага үүсдэг.
НЭГ. ХЭТ ХҮРТЭГЧ
XX зууны Америкийн философич Робэрт Нозик (1938–2002) үр өгөөж, ашгийн ханамжийг хэт хүртэгч “ютилити мангас” (The Utility Monster) хэмээн нэрлэсэн сэтгэхүйн туршилтаа 1974 онд “Анархи, төр, утопи” бүтээлдээ хэвлүүлсэн. Тэрээр уг жишээгээр хүн бүрийн аз жаргал, сайн сайхныг адил хэмжээнд авч үзэн, “хамгийн их аз жаргал, хамгийн зөв ёс зүй” хэмээн уриалж, нийт ашиг тусыг аль болох ихэсгэж, хамгийн их байлгахыг зорьдог утилитаризм (үр ашигт ёс зүй)-н хязгаарыг харуулж, шүүмжлэхийг зорьжээ.
Түүний дэвшүүлсэн гол асуудал нь нийт ашиг тусыг нэмэгдүүлэх нь хувь хүний эрх, шударга ёсны хангалттай шалгуур мөн эсэх тухай. Энэ нь шуналыг “нийт ашиг тус” гэсэн нэрийн дор хүний тэгш эрх, шударга ёс, нэр төрийг ёс суртахуунаар зөвтгөж, золиосолж болох эсэхийг биднээс асуусан философийн асуулт.
Бусдын хүртэж буйгаас хэд дахин их ашигт чанар, баяр хөөрийг нэгж нөөцөөс хүртэж чаддаг нэгэн “хэт хүртэгч” оршихуй байна хэмээн төсөөлье. Тэр бусад хүмүүсээс хэдэн зуу, хэдэн мянга дахин их “аз жаргал” мэдэрдэг. Утилитаризмын логикоор “хамгийн их аз жаргал бий болгох ёстой” учраас бүх нөөцийг түүнд өгөх нь “ёс суртахууны хувьд зөв” болж эхэлнэ. Тэгвэл нөөц, баялаг хязгаарлагдмал ертөнцөд энэ шийдэл хэр зөв бэ?
Олонхын сайн сайхныг нэг хүний хязгааргүй их хүсэл зорго, баяр хөөрийн ханамжийн төлөө чиглүүлэн, утилитар үзлийг дагаж нийт ашиг тусыг хамгийн их байлгах зарчмыг туйлд нь хүртэл хэрэгжүүлж, нөөцийг түүнд улам ихээр төвлөрүүлэх нь бусдын эрх, ашиг сонирхлыг нэг хүний асар их хүртээмжийн төлөө золиослох эрсдэлтэй. Хэт даамжирвал ганц хэт хүртэгчид асар их ашиг өгөх нь нийт ашигт чанарыг нэмэгдүүлж л байвал зөвтгөгдөх аюултай.
Уул уурхайн орлого өсөж, ДНБ нэмэгдэх нь иргэдийн амьдрал ахуй дээшилж байна гэсэн үг хараахан биш. Цөөн хэдэн хүн асар их баяжиж “Эдийн засгийн үр өгөөж”, ДНБ-ий өсөлт гэх нэрийн дор олонхын сайн сайхныг “залгих” нь түгээмэл.
Нозикийн “ютилити мангас” биднийг энгийн боловч хүнд асуултын өмнө авчирдаг. Нийт аз жаргалыг нэмэгдүүлэхийн тулд олонхын эрх, эрхэм чанар, шударга ёсыг золиосолж болох уу?
Хэрэв хариулт нь “тийм” бол утилитаризмын тооцоо бидний шударга ёсны талаарх хамгийн суурь зөн совинтой зөрчилдөж эхэлнэ. Харин “үгүй” гэвэл нийт ашигт чанарыг дээд зэргээр нэмэгдүүлэхээс гадна хүний эрх, тэгш байдал, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах өөр зарчим ёс суртахуунд зайлшгүй хэрэгтэй болж байна.
Иймээс Монголд хэрэгтэй зүйл бол баялгийг олон хүнд үнэ цэнэ бүтээдэг капитал болгон хувиргах явдал чухал.
Эл туршилт бидэнд эцсийн хариулт өгдөггүй. Харин нэг чухал зүйлийг сануулдаг, амьдралын чанар, аз жаргал, сайн сайхныг статистик тойрог дахь тоон дүнгээр нэмэгдүүлэх, шударга ёсыг хангах хоёр нэг зүйл биш гэдгийг. Хэрэв бид ёс суртахууныг зөвхөн нийлбэрээр хэмжвэл, хамгийн их ашиг хүртэж чаддаг нэгэн эцэстээ бусдын эрх ашгийг бүхэлд нь сүүдэрлэж ч мэднэ.
Үүний нэг жишээ гэвэл, хамаг баялгаа ухуулж, зөөлгүүлсэн хэрнэ улс нь өрөнд баригдаж, болж бүтэж байгаа юм хомс, хөгжил дэвшил үгүй, сонгуулиас сонгуулийн хооронд “хий эргэсэн" Монгол Улс. Баялгийг нийт иргэдийн өмч, ирээдүй үеийн капитал, хүний амьдралын чанар болгон хувиргаж чадсан эсэх нь хөгжлийн жинхэнэ хэмжүүр. Манай улс байгалийн баялаг ихтэй. Харин баялгаа эдийн засгийн урт хугацааны хөгжил болгон хувиргах тал дээрээ асуудалтай орон.
Уул уурхай ДНБ болоод экспортыг нэмэгдүүлж, төсвийн орлого өсгөсөн ч эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр байвал баялгийн өсөлт олон талт, өргөн хүрээний хөгжил болж хувираагүй гэсэн үг. Иймээс Монголд хэрэгтэй зүйл бол баялгийг олон хүнд үнэ цэнэ бүтээдэг капитал болгон хувиргах явдал чухал. Баялгийн жинхэнэ өгөөж нь цөөн хүний дансанд хэдэн төгрөг нэмэгдсэнээр бус, нийт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлснөөр хэмжигдэх учиртай.
Энгийнээр авч үзэхэд уул уурхайн бүх ашиг 100 хүнд төвлөрснөөр өндөр “үр ашиг” гарч улс орон эдийн засгийн хувьд өснө. Логикийн хувьд, нийт ашиг өссөн тул зөв байж магадгүй. Гэтэл хот хөдөөгүй ядуурч, байгаль сүйдэж, олон нийт ашиг хүртэхгүй, амьдрал дээрдэхгүй байвал энэ нь шударга уу? Нозик яг эл асуултыг тавьдаг.
1990-ээд оноос хойш Эрдэнэтийн зэс, нүүрс, алт, жонш, нефть, улмаар Оюу толгой, Таван толгой зэрэг ордууд Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон. Дэлхийн банкны тооцоогоор 2004 оноос хойш Монголын байгалийн нөөцийн рент ДНБ-ий дунджаар ойролцоогоор 30 хувьд хүрсэн нь уул уурхайн хамаарал ямар өндөр байсныг харуулдаг. Харин өнөөдөр ч экспортын бүтцэд уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсаар байна, 2026 оны эхний таван сард зэсийн хүдэр, баяжмал болон боловсруулаагүй, хагас боловсруулсан алт дангаараа Монгол Улсын нийт экспортын 49.7 хувийг бүрдүүлжээ.
Дэлхийн Банкны 2020 оны судалгаагаар Монгол Улс өмнөх 20 жилийн хугацаанд уул уурхайн орлогоос олсон 100 ам.доллар тутмаас ердөө 1 ам.долларыг л хойч үедээ хадгалсан хэмээх тооцоо бий. Харин 2004–2023 оныг хамарсан шинэчилсэн тооцоогоор энэ үзүүлэлт өссөн ч эрдэс баялгийн үйлдвэрлэлийн 100 ам.доллар тутмаас 3 хүрэхгүй ам.долларыг л хуримтлуулсан байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялгийн орлогыг ирээдүй үеийн хуримтлал болгон хувиргах Монголын чадавх 2020 оны тооцооллоос сайжирсан боловч нийт орлогын дийлэнх хэсгийг одоогийн хэрэглээ, зарцуулалтад шингээсэн хэвээр байна.
Улс орон баялгийн өгөөжийг бусдаас илүү ихээр хүртдэг цөөн бүлэг, компани, ашиг сонирхлын сүлжээ, баялгийн тийрэн, төрийн ороолонгуудаар дүүрэв. Юу ийм болгов? Эрх мэдэлтнүүдийн шунал!
ХОЁР. ШУНАЛЫН ТОЙРОГ
Хүлэгү хаан Аббасидын угсааныхны хагас мянган жилийн турш цуглуулсан их эрдэнэсийг эзэмшигч, Багдадын сүүлчийн халиф Аль-Мустасима Биллахыг “эд баялгаа ард олонтойгоо хуваалцаж, тэднээ тэтгэхгүй ганц өөртөө хадгалж байдаг шуналтан чи энэ их алт эрдэнэсээрээ цадталаа хооллоорой” гээд эрдэнэсийнх нь санд түгжин өлсгөж алсан гэдэг нэгэн түүх бий. Ийн шийтгэхдээ “сайхан хооллоорой” гээд өдөр бүр нэг алтан гулдмай явуулдаг байсан ч гэж ярьдаг. Өөр нэг түүх нь хивсэнд ороогоод морьдынхоо хөлөөр цээрлүүлдэг. Хүлэгү хааны шуналаа хязгаарлаж, эд баялгийг шударгаар хуваарилж, албат иргэдээ халамжилж, алт эрдэнэс, эд хөрөнгөтэй харилцах харилцааг хичээл болгон заасан алтан дүрэм нь санууштай.
Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд 40.2 тэрбум ам.доллар буюу 144.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн.
Өнөө үед хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг шийтгэж хорихоосоо өмнө ямар ч уух унд, идэх хоолгүй алт эрдэнэс дүүрэн өрөөнд аваачин долоо хоног амьдралын мөн чанарыг ухааруулан хорих нь илүү гүн утга агуулгатай ч байж мэднэ. Хорионд байх хооронд нь нээлттэй “бичил цонх”-ны өдөрлөг, асуулт хариултын аян өрнүүлээд ард иргэд болоод журмын нөхөд нь очиж ярилцан тэд ухаарал сургамжаа хуваалцдаг байж болно. Үүх түүхээ яриад уйлна уу, дуулна уу ямар ч байсан сургамжтай.
Хүний амьдралын утга учир гэвээс өөрөө амар амгалан амьдрах, өөртөө бодож чадсан шигээ бусдыг амар амгалан амьдруулах. Бусдын амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжийг ханаж цадахаа үл мэдэн мөлжин сорсон бол түүндээ харамсаж алдаагаа засдаг байх нь шударга.
Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд 40.2 тэрбум ам.доллар буюу 144.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн. 1990 оноос хойших үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын гишүүд, яамдын сайд, дарга нар, хамаарал бүхий компаниудын төлөөлөл гэхэд 1000 орчим хүмүүс бий. Товчхондоо, Монголын баялагт эзэн сууж зайдагнасан хүмүүс. Өөрсдөө шуналын уурхай болцгоогоод зогсохгүй улс орноо өрийн үүр өтний тулам болгоцгоосон. Энэ хүмүүс эхнээсээ “эрдэнэсийн өрөө”-өөр дамжаад “титэм үгс”-ээ тэрлэцгээвэл тэдний тоглоомын хөзөр болж олон жил золиослогдсон улсын хөгжил, хүмүүсийн амьдрал, хойч үед нэмэртэй.
Шунал оройгүй. Тиймээс нэгэн үеийн шуналтныг гэсгээж байж дараа үеийн шуналтнуудын шуналыг хязгаарлан дардаг. Бурууд хурц, зөвд зөөлөн байх зарчим хамгийн чухаг, гэтэл уянгын халил нь хэтэрсэн манай ард түмэн өрөвч зөөлнөөсөө болоод “өөх ч биш булчирхай ч биш” амьдарч байгаа билээ.
Мөн шуналтнуудыг бишрэн шүтэхдээ гаргуун, уулзалт ярилцлагынх нь эхний өгүүлбэрийг сонсов уу үгүй юү мэлмэрүүлэн бөмбөрүүлцгээнэ. Ийн сонгуулиар хамгийн шуналтай хүмүүсээ сонгодог нь цаанаасаа тохуурхал гэлтэй. Тийн урд хормойгоороо хойд хормойгоо, хойд хормойгоороо урд хормойгоо гэх мэт тасралтгүй цойлдоно. Өөрсдөө улам туйлдана.
Шуналыг газрын ойр, гайн бага дээр газар авахуулахгүй байх тал дээр анхаарч байхгүй бол нэг л мэдэхэд байдгаа тавиад туучхаж мэдэхээр хортой. Ялангуяа баялгийн мөлжигч, сорогч, шимэгчид болсон дураараа дургиж хэрээс хэтрэгсэд болох шуналын тулам улам улангасаж барьцаа лавшруулдаг. Эцэстээ дүүрэн ерөөл хоосон ёроол.
Хэрэв баялгийн орлого цөөн тоглогчийн хөрөнгө, улс төрийн нөлөө, богино хугацааны хэрэглээ болон үр ашиггүй зарцуулалтад төвлөрөхийн оронд хүний капитал, үйлдвэрлэл, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хуримтлалд системтэйгээр шилжсэн бол уул уурхайн өсөлт эдийн засгийн өөр бүтэц бий болгох боломжтой байлаа.
Ядаж байгалийн баялгаараа дэд бүтцийг бүрэн хөгжүүлж чаддаггүй юм аа гэхэд наад зах нь хүний хөгжил, залуусын хүмүүжил, боловсролд зориулах учиртай. Монгол Улс байгалийн баялаг бүхий чадалтай дээрээ залуусын боловсролд анхаарахгүй бол хоосон хэдэн цооног, төлж дийлэхийн аргагүй өр, өмнөх үеийн эрх мэдэлтнүүдийг үзэн ядаж хараасан залуус, хүмүүжил боловсролгүй хэдэн өвөө, эмээ нарыг л хойч үедээ үлдээх байх!
Муу нэртэй луу данстай социализмын бүтээн байгуулалтыг бид бүгд мэднэ. Сайныг нь аваад саарыг нь орхиод, дордуулах биш дээрдүүлээд урагшлах байтал бүгдийг нь үгүйсгэж хийрхсэн нь өнөөгийн төрх. Бүх эд эсийг нь магтах шаардлагагүй ч, зөвхөн бүтээн байгуулалтыг нь санацгаая! Социалист бүтээн байгуулалтын гол үе 1954-1989 оны хоорондох 35 жил л байсан. Ардчилсан нийгэм өрнөсөөр социализмын 70 жилийн талаас хэтрээд 36 жил болжээ, одоо дүгнэх цаг болсон. Бие дааж байгуулсан ганц ч хот байхгүй. Үзээд өгье гэвч үлгэр жишээ нэг ч бүтээн байгуулалт үгүй. Шившиг мөн үү мөн!
Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сайншанд, Замын-Үүд, Хархорин мөн баруун бүс чиглэлд өндөр хурдны галт тэрэг болон орчин үеийн төмөр замын сүлжээ байгуулах боломжтой байлаа. Цаасан дээрх “лоозон хот”-ууд хаа сайгүй. Шинэ дагуул хотуудыг үйлдвэр, сургууль, эмнэлэгтэй нь хамтад нь төлөвлөж, эдийн засгийн төвлөрлийг нийслэлээс салгах боломж ч байв. Олон боломж байв.
Гэтэл тэргүүн эгнээний мянган эрх мэдэлтнүүд өнгөрсөн 36 жил цээжээ дэлдэж, чөмгөө дундартал зүтгээд ч тусыг эс олов.