Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс Данийн Хернинг хотноо эхэлж байна. Харин манай тамирчид өнгөрөгч бямба гарагт дэлхийн аваргад оролцохоор Данийн зүг хүлгийн жолоо залах ёстой байлаа. Гэвч цаг агаарын таагүй байдлаас болж нислэг хойшиллоо гэх шалтгаан зааж өчигдөр өглөө арайхийж эхний жингийн гурван тамирчнаа илгээлээ.
Цаг агаар л гэж шалтаглаж байгаа болохоос биш үнэндээ чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж тамирчид маань хүнд байдалд ороод байгаа нь нууц биш. Аль долоо хоногийн өмнөөс л цаг агаарын таагүй үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг мэдээг өдөр тутам мэдээлсээр байтал явах цагийн хуваарийг зохицуулж яагаад болсонгүй вэ. Хангалттай л хугацаа байлаа шүү дээ, та нарт. Ямар хэдхэн орны дунд данстай олон улсын нэрэмжит тэмцээнд оролцох гэж байгаа биш дээ. Арай л дэндүү хайнга хандаж байгаа юм биш үү. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох газартаа дор хаяж долоо хоногийн өмнө очиж орчноо судлан, жингээ тааруулж, бэлтгэлээ базаадаг бичигдээгүй журам байдаг биз дээ. Бусад холбоод чинь иймэрхүү дүрэмтэй ажиллаад амжилт гаргаад л байна шүү дээ.
Байгуулагдаад нэг их удаан хугацааг өнгөрөөгөөгүй байгаа чөлөөт бөхийн холбооны өнөөх шинэ менежмент нь тэгээд энэ болж таарч байна уу. Та бүхний шинэ менежмент чинь тамирчид цагийг нь тулгаж тэмцээндээ оролцоод ялагдаад бай гэснээс огт ялгаагүй санагдаж байна. Тэгээд ч Дани улс манайхтай цагийн зөрүү нь таарахгүй учир эртхэн очиж тааруулдаг ёсыг чөлөөтийн албанынхан даанч умартсан бололтой. Цагийн зөрүү нь гараагүй тамирчид амжилт үзүүлж байсан түүх бараг л байхгүй дээ.
Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат өөрөө тамирчдаасаа түрүүлээд Данийг зорьсон гэнэ. Энэ нь чухам хаанахын ёс юм бэ гэдгийг би асуумаар байна. Холбооны ерөнхийлөгч нь тэмцээнийг зохион байгуулах хороонд хүсэлт гаргаж ямар ч байсан тамирчдаа оролцуулахаар болсон бололтой. Ингэлээ гээд ядраад очиж байгаа тамирчид амжилт гаргах уу, бодоод үз дээ. Өчигдөр өглөөний 08.55 минутаас Москва-Берлиний чиглэлийн онгоцоор гавьяат тамирчин Б.Наранбаатар, П.Өнөрбат, Л.Алтантулга нар Данийн зүг хүлгийн жолоо залжээ. Тэмцээндээ оролцох нь ч оролцох л бололтой. Харин цаадахыг нь эрт хэлээд яахав. Зүгээр л харж байя. Тэгвэл үлдсэн хэсэг нь үдээс хойш 16:00 цагаас Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгээр эх орноосоо нислээ. Хэрвээ монголын тамирчид энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт муутай оролцвол хариуцлагыг нь чөлөөт бөхийн холбооны удирдлагуудаа та нар өөрсдөө үүрээрэй.
Томоохон тэмцээн уралдаанд амжилт гаргаж чадахгүй бол тамирчид бурууг нь үүрч, нүүрлүүгээ чичлүүлдэг. Үнэхээр тамирчдын буруу байсан бол бас яая гэхэв. Холбооны хариуцлагагүй удирдлагуудаас болж тамирчдын нэр хүнд яагаад ч сэвтэх учиргүй ээ.
Ц.Мэргэн