Манай улс зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чаддаг, эсэх нь бүрхэг хэвээр. Их, дээд сургууль төгссөн ажилгүй залуус “лааз өшиглөгчид”-ийн эгнээнд шилжсээр байгаа нь нууц биш. Зарим нэг төрийн бус байгууллагаас эрэлттэй мэргэжлийн талаар судалгаа гаргадаг ч үнэн, эсэх нь мөн л эргэлзээтэй. Арванхоёрдугаар анги төгссөн хүүхдийн ихэнх нь нийгмийн салбарын мэргэжил сонгодог болохоор энэ чиглэлийн мэргэжилтэн зах зээлд илүүдчихээд байна. Харин сүүлийн үед эрэлттэй мэргэжил болох инженер, хүүхдийн хөгжил судлал, байгалийн нөхөн сэргээлт, малын эмч зэрэг мэргэжлийг сонгодог хүүхэд тун ховор аж. Ер нь ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгдөг, судалгаа гаргадаг байгууллага ч тун цөөн байдаг.
Манайд 4000 орчим мэргэжил бий
Энэ байдлаас болоод хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаагүй сургуулиа дүүргэж, голдуу ээж, аавынхаа зөвлөснөөр ирээдүйд хэн болох сонголтоо хийдэг байна. Монгол Улсын хувьд дөрвөн мянга орчим мэргэжлээс байнга сонгодог нь эмч, багш, хуульч, сэтгүүлч. Гэвч эдгээр мэргэжлийн ихэнх нь хөрсөн дээрээ илүүдэлтэй байхад сургуулиуд элсэлт авсаар байна. Мөн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгт хөтөлбөр болон хувийн зардлаар сурч буй оюутнууд ч гэсэн нөгөө л эрэлт хэрэгцээгүй, зах зээлд хахчихсан хуульч, маркетинг, бизнесийн удирдлага, эмч гэсэн мэргэжлээр сурдаг. Хэдий гадаадад боловсрол эзэмшиж байгаа боловч Монголд ирээд бусдын адил ажлын байргүй хоцорно.
Ингээд бодохоор мэргэжил сонголт гэдгийг эргэж нэг хармаар юм. Зарим хүүхдийн тухайд их сургуулийн дипломтой болох л зорилго тавьдаг. Нөгөө талаар хувийн их, дээд сургуулиуд олширсон нь ямар ч хамаагүй мэргэжилтэй болъё гэсэн нэгэнд нь мөнгө л байвал дүнгийн цензур тавьдаггүй. Түүнчлэн улсын сургуулиуд босго оноогоо хэтэрхий бага тогтоосон ч залуусын мэргэжил сонголт, цаашлаад улс орны хөгжилд муугаар нөлөөлж мэдэхээр эрсдэл үүсчээ.
1980-аад онд хүн болгон дээд сургууль төгсөж байгаагүй. Эргээд бодоход тухайн үеийн бодлого зөв байж. Чанартай хэдэн их, дээд сургуультай, тус сургуулийн шалгалтад тэнцсэн нь дээд боловсрол эзэмшээд, чадаагүй нь ТМС-д суралцаж төгсөөд шууд ажлын байртай золгодог. Гэтэл өнөө үед Монголоор дүүрэн мэргэжлийн илүүдэлтэй, дээд боловсролтой ажилгүй залуус зонхилж байна. Мэргэжил сонголтын талаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн төгсөх ангийн нэгэн багш “Манай сургуулийн хувьд ямар хичээлдээ сайн, муу гээд сурлагын байдлыг авч үзээд сурагчиддаа зөвлөхөөс биш бидэнд мэргэжил сонголтын талаар гүнзгий ойлголт байхгүй. Тиймээс энэ асуудалд эцэг эхийнх нь байр суурийг илүүд үздэг. Мэргэжил сонголтын тал дээр хэрэгжүүлж буй ажил одоогоор байхгүй” гэв.
Нийт төгсөгчдийн гуравны нэг нь мэргэжлээрээ ажилладаг
Хамгийн сүүлд Монголын оюутны холбооноос 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсөж, тэдний гуравны нэг нь 4-6 жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа гаргажээ. Харин 60 орчим МСҮТ-ийг жилд 40 орчим мянган оюутан төгсөж, тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн хувь нь дэвшин суралцдаг аж. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор хамгийн сүүлд 2010 онд үндэсний хэмжээний судалгаа хийсэн бөгөөд нийт 18-25 насны 2500 хүн хамрагджээ. Судалгаанд оролцогчдын зарим нь МСҮТ- ийн сургалтыг сонирхож байсан ч сургалтын чанар муу, төгсөөд ажил олдохгүй гэж хариулсан байв.
Түүнчлэн тус сургуулийг төгсөөд амьжиргаа нь сайжирсан, өндөр цалинтай ажилд орсон тухай болон ямар мэргэжил эрэлттэй, эсэх талаар мэдээлэл дутмаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мэргэжил сонголтод тодорхой дараалал, алхмууд байх хэрэгтэй гэдгийг Хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтнүүд хэллээ. Тэдний зөвлөснөөр өөрийн зан байдал, сонирхол, хүсэл мөрөөдөл болон хэн бэ гэдгээ тодорхойлох гэсэн хэд хэдэн алхмын дагуу мэргэжил сонголтыг хийх хэрэгтэй аж. Энэ мэтээр мэргэжил сонголтоо эртнээс төлөвлөхгүйгээр, өөрийн хүсээгүй мэргэжлийг бусдын хэлснээр, эсвэл тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр сонгосноор багагүй асуудалтай тулгардаг.
Жишээлбэл, элсэж орсон сургуульдаа сурах сонирхолгүй болж дундаас нь орхих, ингэснээрээ цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалд орох, ажлын байргүй, ажиллах сонирхолгүй болох зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Ийн Монголын залуусын мэргэжил сонголт зах зээлийн эрэлттэй нийцэхгүй байгаа юм.
МЭРГЭЖЛИЙГ СУРЛАГА БУС, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР СОНГОДОГ
Финландын сурагчид есөн жилийн бүрэн дунд сургууль төгсдөг бөгөөд анги дэвшихдээ сургалтын агуулгыг зохих түвшинд заавал эзэмших ёстой. Шаардлагатай гэж үзвэл анги дэвшилгүй улирч, хичээлээ дахин судална. Сурагчид дунд сургууль дүүргээд ТМС эсвэл ЕБС-д элсэх, эсэхээ сурлагын амжилт бус, харин сайн дурын үндсэн дээр шийддэг. Финланд улс ард түмнээ боловсролын тэгш боломжоор хангах үүднээс хувийн дунд сургуулиудыг татан буулгаж, улсын сургуульд нэгтгэх арга хэмжээ авчээ.
Дээд боловсролтой ажилгүй залуус зонхилж байна
Шинэчлэлийн цогц бодлогын үр дүнд нийтээрээ боловсролын бүх түвшинд тэгш боломжоор хангагдаж, чанартай боловсрол эзэмшсэн ба энэ нь эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон байдаг. Түүнчлэн Америк, Канад болон Европын холбооны улсад хүн бүр дээд боловсрол эзэмших шаардлага байдаггүй. Тодруулбал, өндөр шилэн барилгын цонхыг угаахад, цэцгийн дэлгүүрт ажиллахад, зочид буудлын үйлчлэгч, нийтийн тээврийн жолооч, хүүхэд асрагч, барилгын ажил зэрэгт дээд боловсрол шаардагддаггүй. Учир нь тэдгээр хүмүүсийн амьдралд тухайн ажил мэргэжлээс авдаг цалин хөлс нь хүрэлцээтэй байдаг.
Г. Оюунтөгс