АНУ-д цар тахлын хүнд үед коронавирусийн халдвартай тэмцэж буй цагаан нөмрөгт баатруудыг өдрийн хоолоор дайлж буй Монгол залуугийн үйлдэл олны талархлыг хүлээв. Кентакки мужийн Луисвилл хотноо ажиллаж амьдардаг В.Пагва гэх залуу бүх нийтийн эрүүл мэндийн төлөө өөрийн амь биеэ үл хайрлан зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч нартаа талархсанаа илэрхийлэх үүднээс ийн сайн үйлсийн аянг эхлүүлжээ. Түүнтэй цахимаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг В.Пагва гэдэг. Би АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод гэр бүлийн хамт амьдардаг. Америкт ирээд 20 жил болж байна. Явуулын гуанз буюу хоолны машины бизнесээ эхлүүлээд ес гаруй жил болсон.
-Та Луисвилл хотын нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нарт үнэ төлбөргүй үдийн хоолоор дайлах сайн үйлсийн аян эхлүүлж өдгөө нийт 270 гаран эмч, эмнэлгийн ажилтанд үйлчилсэн байна. Анх яагаад ийм аянг эхлүүлэх болсон бэ?
-Өнгөрсөн Даваа гарагаас эхлэн бид нар долоо хоног шахам зарласан. Үүний дараа нэгдсэн эмнэлгүүдийн үүдэнд машинаа авчраад найз нөхдийнхөө дэмжлэг туслалцаагаар хоолоо бэлдээд эмч, сувилагч, асрагч гээд нийт 270 гаруй хүмүүсийг үнэ төлбөргүй үдийн хоолоор дайлаад байна. Дэлхий нийтэд цар тахал тархаж улс орнууд хүнд байдалд орсон. Энэ хавраас эхэлж АНУ дахь нөхцөл байдал мөн хүндэрсэн. Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүс бол эмч, сувилагч, асрагч нар. Тэд цар тахлын эсрэг тэргүүн фронтод тулалдаж байна. Тэднийг дэмжиж бахархаж буй гэдгээ илэрхийлэх зорилгоор энэ аянг эхлүүлсэн юм. Коронавирусийн халдвар Америкт хүчтэй тархаж эхэлсэн анхны үе буюу гуравдугаар сард хотынхоо нэгэн эмнэлгийн мэс заслын тасгийн 40 гаруй ажилтныг хооллож байсан. Тухайн үед тэр хүмүүс маш их талархалтай хүлээн авсан. Харин энэ удаад найз нөхдийнхөө тусламжтайгаар арай өргөн хүрээнд зохион байгуулж буй юм. Манай ангийн хоёр найз С.Болд-Эрдэнэ, П.Отгонбаяр нар маань энэ сайн үйлсийн аянг тусалж ажилласан. Энэ ташрамд хоёр найздаа талархсанаа илэрхийлье. Цаашид өөр эмнэлгүүдэд мөн ийм аян зохион байгуулаач гэсэн санал ирж байна. Би үгүй гэх аргагүй. Хийх хүсэл байна.
-Таны энэ сайн үйлсийн аянг эмч, сувилагч нар эргэн тойрны хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Сайн үйлсийн аян хийх гэж байгаа талаараа хотынхоо эмнэлгийн цахим хуудсуудаар зарласан. Бүх хүмүүс маш талархалтай хүлээн авсан. Тэд амаар болон захиагаар, цахим хуудсаараа дамжуулан надад баярласнаа илэрхийлж байна. Хамгийн гол тэд биш эсрэгээрээ бид эмч, сувилагч, асрагч нартаа баярлаж явах хэрэгтэй шүү дээ. Ийм хүнд хэцүү цаг үед бүх нийтийн эрүүл мэндийн төлөө өөрийн амь биеэ үл хайрлан зүтгэж яваа тэдэнд бид баярлаж талархах нь зүйтэй. Хоолны машины бизнесийн онцлог нь олон хүнтэй харьцдаг. Хоолны машины бизнес эхлүүлсэн ес гаруй жилийн хугацаанд янз бүрийн машины зогсоолуудаар явж хоолоо зарж байна. Эмнэлгийн ажилчдын машины зогсоол дээр ажиллахад эмч, сувилагч нар маань цар тахалтай тэмцэж ямар их ачаалалтай ажиллаж байгааг долоо хоног болгон хардаг учраас энэ аянг зохион байгуулсан юм. Эмч нар маань ч бидний хоолонд дуртай шүү.
-Хоолны цэсээ танилцуулахгүй юу. Ихэнхдээ ямар хоол хийдэг вэ?
-Тако гэж Мексик хоол хийдэг. Гэхдээ яг Мексик тако биш. Ази, Мексикийн холимог. Доторх орц нь Солонгос, Япон, Монгол хоолны орцуудыг хольж, өөрийн гэсэн өвөрмөц амттай болгосон. Тако бол гудамжинд зогсоод идэхэд ч тохиромжтой хоол. Түүнийг Ази хэв маягтай болгосон нь хүмүүст их таалагдсан. Мөн хажуугаар нь банш хийдэг. Үйлчлүүлэгчид маань баншинд бас их дуртай. Кимчитэй, махтай гэх зэрэг янз бүрийн хачиртай хийнэ.
-Явуулын гуанз буюу Traveling kitchen бизнесийн эхлүүлээд ес гаруй жил болж байна гэлээ. Анх яаж хоолны салбарт орсон бэ?
-Анх хадам ааваасаа мөнгө зээлж аваад бизнесээ эхлүүлж байсан. Одоогийн байдлаар манай Traveling kitchen явуулын хоолны газарт би, манай гэр бүлийн хүн, хоёр ажилтан гэсэн тогтмол дөрвөн хүн ажилладаг. Эхнэр маань гол зохион байгуулалт, хоолны бэлтгэлийн ажлуудыг хийнэ. Би өөрөө хоолоо хийнэ. Би МУИС-ын Археологи антропологийн ангийг төгссөн. Монголд байхад хоол хийдэггүй байлаа. Америкт ирээд амьдралын шаардлагаар ресторанд угаагчаас эхлээд ажилласан. Ирснээсээ хойш 20 жил гаруй хоолны салбарт ажиллаж байна. Өмнө нь казиногийн ресторанд ажиллаж байгаад 9 жилийн өмнөөс хувийн бизнесээ эхлүүлсэн юм. Одоо хоёр машинтай, нэг гал тогоо түрээсэлдэг. Луисвилл хотыг тойрон ажилладаг даа.
-Гэр бүлийн гишүүдээ танилцуулахгүй юу. Том хөвгүүд нь аав ээжийнхээ бизнест тусалдаг юм шиг байна.
-Манай гэр бүлийн хүнийг С.Одонтуяа гэдэг. Бид хоёр ханилаад 15 жил болж байна. Эхнэр маань манай гэр бүлийн бизнест чухал үүрэг гүйцэтгэдэг хүний нэг. Эхнэрээ би штабын дарга гэж дууддаг юм. Бид хоёр дөрвөн хүүтэй. Хоёр том нь энэ зунаас аав ээждээ тусалж эхэлж байна. Тэд маань 13, 12 настай. Багууд хөвгүүд маань 8, 3 настай.
-Гурав дахь жилдээ Луисвилл хотын шилдэг хоолны машин болсон байна.
-Кентакки мужийн хамгийн олон уншигчтай сэтгүүл жил бүр уншигчдынхаа санал асуулгаар бүх бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг. Манай Traveling kitchen эхний жилүүдэд хоёр гуравдугаар байрт шалгардаг байв. Харин сүүлийн гурван жилийн турш уншигчдын санал асуулгаар Луисвилл хотын шилдэг хоолны машинаар шалгарсан. Энэ нь үйл ажиллагаа маань олон хүнд хүрч байгаагийн илрэл гэж харж байна. Түүнээс гадна Америкийн msn.com сайтаас тус улсын 50 мужид хоолны машины бизнес эрхлэгч нар дундаас Шилдэг 50 машиныг шалгаруулдаг. Кентакки мужаас манай Traveling kitchen-ийг шилдгээр тодорхойлж, Америкийн мужууд дотроо 17 дугаарт бичигдсэн. Хэдэн зуун мянган хоолны бизнес дундаас манайхыг онцолсонд бахархаж явдаг.
-Таны амьдарч байгаа хотод коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ. Коронавирус таны бизнест хэрхэн нөлөөлөв. Хотын эрх баригчид жижиг дунд бизнес эрхлэгчдэд ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ?
-Коронавирусийн халдварын давлагаа Америкт өнөөдрийг хүртэл буурахгүй байна АНУ-ын эдийн засагт маш хүчтэй нөлөөлсөн Манай муж хотод мөн халдварын тохиолдол ихээр бүртгэгдэж байсан ч мужийн захирагч маш сайн бодлого баримталсны үр дүнд тогтоон барьж байсан. Коронавирус бүх салбарт цохилт өглөө. Өмнө нь амралтын өдрүүдэд Traveling kitchen томоохон урлагийн арга хэмжээний үеэр ажилладаг байсан бол одоо тэр орлого байхгүй боллоо. Гэхдээ хоолны машины хамгийн том давуу тал нь үйлчлүүлэгчийнхээ араас явах боломжтой байдаг учир үүнийгээ ашиглаж байна. Өмнө нь хотын төв дэх бизнесийн төвүүдэд голдуу төвлөрч ажилладаг байсан бол одоо хотын захын хүмүүс рүү үйлчилж эхэлсэн. Олон хүний буянд бизнес маань саарахгүй амжилттай явж байна. Америкийн эрх баригчид хөнгөлттэй зээл олгох, зээлийн хүү түрээсийн төлбөрийг нь хойшлуулах зэргээр бизнес эрхлэгчдээ тусалж байгаа. Миний хувьд бизнес маань арай зогсчхоогүй байгаа учир зээл тусламж одоогоор аваагүй.
-Ярилцсанд баярлалаа.