Сүүлийн үед цахим хэрэглээ, нийгмийн өөрчлөлт, цаашлаад цар тахлаас үүдээд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй асуудал дагуулж, нийгмийн анхаарлыг татаад байгаа юм. Тиймээс бид өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнд тулгардаг нийтлэг бэрхшээл, эцэг эхчүүдийн харилцах арга барилын талаар 23-р дунд сургуулийн сэтгэл зүйч О.Лхагвабаяртай ярилцлаа.
"ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД МЭДРЭМЖЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД СУРЧИХВАЛ СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛД ОРОХ НЬ БАГА БАЙДАГ"
- Энэ жилээс эхлэн зарим дунд сургууль сэтгэл зүйчтэй болж эхэлсэн. Одоогоор нийт хэдэн сэтгэл зүйч ажиллаж байна вэ?
-Өнгөрөгч тавдугаар сард БШУЯ-наас тушаал гарч сэтгэл зүйчдийг ажиллуулахаар мэргэшүүлэн сургасан. БШУЯ, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II”, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Бадамлин” ТББ гэх зэрэг олон байгууллага хамтран ковидын үеийн хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлж, сургуульд боловсролын сэтгэл зүйч шаардлагатайг онцолсон. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хоёр жил нийгмээс тусгаарлагдаж, бага ангийн хүүхдүүд сургуульд дасан зохицох боломж гараагүй гэх мэт асуудлаас үүдэн боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулах шаардлага гарсан. Энэ хүрээнд сэтгэл зүйчдийг сурган эхний ээлжид 30, дараа нь дахин 45-ыг сонгон шалгаруулсан. Тэдгээр сэтгэл зүйчид 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдан аравдугаар сарын 4-нээс эхлэн ЕБС-иудад ажиллаж байна.
Эцэг эхчүүдийг буруутгах арга байхгүй. Учир нь тэд өсвөр насаа өнгөрөөгөөд маш олон жил болсон, тухайн үеийн мэдрэмжээ бараг мартсан хүмүүс
-Дунд сургуульд ажиллаж эхэлснээс хойш нийт хэдэн хүүхэд танд хандан, сэтгэл зүйн зөвлөгөө аваад байна вэ?
-Сар гаруйн хугацаанд ганцаарчилсан зөвлөгөөнд нийт 42 хүүхэд хандсанаас тэдний 67 хувь нь эмэгтэй, 33 хувь нь эрэгтэй хүүхэд мөн 40 нь өсвөр насны хүүхдүүд байна. Тэд ихэвчлэн ковидын үеийн сэтгэл зүйн асуудлаар ханддаг. Тэдний асуудал гол төлөв гэр бүлийнх буюу тэр дундаа эцэг эхтэйгээ үл ойлголцсон, мэргэжил сонголтдоо эргэлзсэн, мөн өөрт төрж байгаа мэдрэмжээ ойлгохгүй, тулгарсан асуудлаа тодорхойлж мэдэхгүй байх тохиолдол их байна.
-Хүүхэд өөрийн мэдрэмжээ сайн таньж ойлгодоггүй гэдгийг дэлгэрүүлж тайлбарлавал?
-Өсвөр насны хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлэхдээ маруухан байдаг. Ялангуяа тэдэнд ганцаардах, гуниглах, гутрах, айх, түгших, ичих, санаа зовох, бухимдах гэх мэт маш олон төрлийн мэдрэмж төрдөг. Гэтэл тэд энэ бүх мэдрэмжээ “эмо” гэх ерөнхий нэг үгэнд багтаан ойлгочихдог. Зарим мэдрэмжээ таньж чаддаггүй. Жишээ нь ичих мэдрэмжээ айх, түгших мэдрэмж гэж эндүүрдэг. Нэг үгээр ичээд хүнд юм хэлж чадахгүй байгаагаа айж байна хэмээн эндүүрдэг. Яг юу мэдэрч буйгаа хэлээч гэхээр тодорхойлж хэлж чадахгүй тохиолдол байна.
Хүүхдийг шүүмжилж, загнаж эхлэхэд түгшүүр үүсгэх кортизол хэмээх даавар ялгарч, тархи нь мэдээлэл хүлээн авахгүй, тогтоох чадваргүй болчихдог.
-Зөвлөгөө авахыг хүссэн хүүхдүүдийн асуудал гол төлөв гэр бүлийн үл ойлголцол байдаг гэлээ. Тэр талаар дэлгэрүүлбэл?
-Ихэвчлэн эцэг эхтэйгээ маргалдсан, ойлголцож чадахгүй тохиолдол бий. Гэхдээ үүнд эцэг эхчүүдийг буруутгах арга байхгүй. Учир нь тэд өсвөр насаа өнгөрөөгөөд маш олон жил болсон, тухайн үеийн мэдрэмжээ бараг мартсан хүмүүс. Тиймээс тэд хүүхдийнхээ энэ насандаа гаргадаг ааш зан, хандлагыг ойлгохгүйгээс үүдэн үл ойлголцол үүсдэг. Нөгөөтээгүүр одоо цагийн хүүхдүүд ээж аавынхаа өсвөр үеийг бодоход илүү хурдтай нийгэмд амьдарч байна. Хүүхдүүд өнөө цагтай нийцсэн хариу үйлдлээр сэтгээд байдаг ч эцэг эхчүүд уламжлалт сэтгэхүйтэй байх нь мөн зөрчил үүсгэх шалтгаан болдог. Үүнээс үүдэж “Аав, ээж намайг ойлгохгүй байна” гэсээр орж ирдэг юм.
"ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ТҮҮНИЙ ЕРТӨНЦӨӨР “АЯЛАХ” ЦАГИЙГ ЗААВАЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ"
-Танд хүүхдүүд хандан зөвлөгөө авдаг ч эргээд гэртээ хариад ээж аав нь ойлгохгүй бол зөвлөгөө үр дүнгүй мэт. Тиймээс хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд эцэг эхтэй хамтран анхаарлаа хандуулах нь зүйтэй байх. Хүүхдийнхээ асуудалд, сэтгэл зүйд анхаарах талаар тухайн хүүхдийн эцэг эхчүүдэд хандах тохиолдол байх уу?
-Боловсролын сэтгэл зүйчийн нэг онцлог нь хүүхэд төдийгүй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчтэй хамтран ажилладаг. Гэхдээ мэдээж хүүхэд надад итгээд өөрийн нууцаа ярьсныг нь би эцэг эх, багшид хэлэхгүй. Энэ бол сэтгэл зүйчийн ёс зүйн зарчим. Учир нь хүүхэд нь сэтгэл зүйн зөвлөгөө авсныг мэдсэн эцэг эхчүүд ихэнхдээ санаа зовж, эсвэл буруугаар ойлгоод байдаг.
-Мөн эцэг эхэд нь хэлчихвэл тэр хүүхэд танд дахин итгэж ирэхгүй шүү дээ.
-Яг тийм. Итгэлцэл маш чухал зүйл шүү дээ. Тиймээс хүүхдийн ярьсан зүйлийг чандлан хадгалдаг. Нөгөөтээгүүр сэтгэл зүйн зөвлөгөө гэхээр зөвхөн хийх зүйлийг нь зааж өгөх мэтээр хүмүүс буруу ойлгодог. Гэвч зөвлөгөөний бараг 90 хувь нь сонсох байдаг. Хүүхдийг анхааралтай сонсож буйгаа илэрхийлэх нь сэтгэл зүйн зөвлөгөөний маш зөв арга. Хүүхдийн хувьд эцэг эх, найз, багшдаа ярьж чадахгүй асуудлууд байдаг. Хүнтэй харилцах хэрэгцээгээ хангаад тайвшраад гараад явах ч хүүхдүүд бий.
Эцэг эхчүүдийн гол төлөв гаргадаг алдаа нь хүүхэдтэйгээ “дээрээс” харьцах гээд байдаг хандлага юм. Угтаа бол хүүхэд ээж аав нь түүнтэй нэг шугамд, эрх тэгш харьцахыг хүсдэг.
Өсвөр насны хүүхдэд өгөх зөвлөгөөний хамгийн чухал зүйл нь асуудлын гаргалгааг өөрөөр нь ухамсарлуулж, өөрөө шийдвэрлэх арга замыг нь тодорхой болгох, гарах гарцыг нь нээж өгөхөд оршдог. Надад хандсан нийт 42 хүүхдийн асуудал нь бүгд өөрсдөө шийдвэрлэж болохуйц байсан. Харин амиа хорлох эрсдэлтэй, хурцадмал асуудалтай байгаа хүүхдүүд бусад сэтгэл зүйчид ханддагийг үгүйсгэхгүй.
-Асуудалтай байсан ч түүнийгээ танд хэлж чадахгүй, өрөөний тань хаалгаар орж ирэхээс зүрхшээсэн хүүхдүүд байдаг байх. Тиймээс багш нар тухайн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж шаардлагатай гэдгийг ажиглан, таних нь чухал. Та тийм хүүхдүүдэд хэрхэн хүрч ажилладаг вэ.
-Тийм хүүхдүүд бий. Энэ тохиолдолд багш нарт зөвлөхдөө хүүхдийг “Сэтгэл зүйч дээр оч” хэмээн шууд санал болгохоос аль болох зайлсхийдэг. Учир нь ингэх нь хүүхдийг түгшүүртэй болгож, түүнд ганцаардах мэдрэмжийг улам төрүүлдэг сул талтай. Харин үүний оронд эхэлж ярилцаад асуудлыг нь мэдэх боломжийг эрэлхийлж, түүний дараа сэтгэл зүйчид хандахыг эвтэйхнээр санал болгодог. Харин ингэх нь бүр хүнд тусахаар байгаа бол миний хувьд өөр нэгэн аргыг хэрэглэдэг. Ингэхдээ ангийнх нь бусад хүүхэд, идэвхтэй сурагчийг сэтгэл зүйчтэй ээлжлэн уулзуулж “Зөвхөн би биш бусад хүүхэд ч мөн сэтгэл зүйчид хандаж байна” гэх бодлыг төрүүлсний дараа уулздаг. Гол нь хүүхдэд ганцаардсан мэдрэмжийг төрүүлэхгүй байх нь чухал.
-Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар мэргэжилтнүүдийн олон зөвлөгөө байдаг. Харин таны зүгээс эцэг эхчүүдэд юуг чухалчлан зөвлөх вэ?
-Эцэг эхчүүдийн гол төлөв гаргадаг алдаа нь хүүхэдтэйгээ “дээрээс” харьцах гээд байдаг хандлага юм. Угтаа бол хүүхэд ээж аав нь түүнтэй нэг шугамд, эрх тэгш харьцахыг хүсдэг. Тэгэхээр хүүхэдтэйгээ яг л найз шиг нь тэгш хэмд харьцахыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ сонирхол, бодол, хүсэл тэмүүлэлд нь өөрийн хандлага, яриагаа нийцүүлснээр ойлголцож чадна. Жишээ нь хүүхэд тань тухайн өдөр сонссон шинэ содон зүйл, дуртай хамтлаг дуучин, үерхэл нөхөрлөл, ангид тохиолдсон хөгтэй явдал гээд өөрийн ярилцахыг хүссэн юуг ч сонирхуулан ярина. Энэ үед нь сайн сонсогч байж, яриаг нь дэмжин сонсож, өөрийн бодлоо хуваалцахаас гадна болсон үйл явдалд ямар сэтгэгдэл төрсөн талаарх хүүхдийнхээ үзэл бодлыг сонирхон асууж, аливаа асуудлыг дэнслэн хэлэлцэж, танд хүргэсэн мэдээлэлд нь ач холбогдол өгч байгаарай. Нэг үгээр хүүхэдтэйгээ ярилцаж түүний ертөнцөөр “аялах” хэрэгтэй.
“Юуны чинь үерхэл, дурлал... Хичээлээ л хий” гэх эцэг эх цөөнгүй. Гэтэл угтаа бол тэдний насныханд цаанаасаа окситоцин хэмээх дурлалын дааврын ялгарал идэвхждэг буюу өөрийн эрхгүй эсрэг хүйстнээ сонирхох үедээ ирдэг гэсэн үг.
Та поп хөгжим сонсдог байхад таны хүүхэд рок хөгжим сонирхдог байж болно. Түүний танд ярьж, сонирхуулж байгаа зүйлийг нь чих тавин сонсож, та өөрөө ч шинэ юм сурч байна хэмээн бодож, өөрийн үзэл бодлоо найз шиг нь хуваалцаж байгаарай.
Зургадугаар ангийн нэг хүү “Сүүлийн үед яагаад ч юм бэ, миний уур их хүрдэг боллоо” гэсээр над дээр ирсэн юм. Түүнийг яриултал өдрийн турш маш их ажилтай байдаг ээж аав нь их оройтож гэртээ ирнэ. Гэртээ ирээд хоёулаа утсаа бариад өөртэй нь юу ч ярихгүй суучихдаг гэв. Ийм үед хүүхэд хайрлагдахгүй байгаа мэт мэдрэмж авдаг. Хүүхдэд ярих хэрэгцээ гэж бий. Тэрхүү хэрэгцээ нь эцэг эх, дотны хүмүүсийн халуун дотно яриа, аливаа сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох маягаар хангагдаж байдаг. Тэгэхээр тэр хүүгийн ярих хэрэгцээ нь хангагдахгүй байсаар бухимдаж уур нь хүрдэг болсон гэсэн үг. Тэр хүү над дээр тогтмол ирж, өөрт тохиолдсон зүйлс, сонин хачин зүйлсээ ярьдаг болсон.
Орон нутгийн сургуулиудад сэтгэл зүйчид зайлшгүй шаардлагатай. Учир нь суурин газраас ялгаатай нь сурагчид гэрээсээ, эцэг эхээсээ хол, өөр өөр зан араншинтай хүүхдүүдтэй нэг дор амьдрах шаардлагатай болдог.
Өсвөр насны хүүхдүүд үерхэл нөхөрлөл ярихаар тэднийг буруутгаж “Юуны чинь үерхэл, дурлал... Хичээлээ л хий” гэх эцэг эх цөөнгүй. Гэтэл угтаа бол тэдний насныханд цаанаасаа окситоцин хэмээх дурлалын дааврын ялгарал идэвхждэг буюу өөрийн эрхгүй эсрэг хүйстнээ сонирхох үедээ ирдэг гэсэн үг. Харин загнахын оронд хүүхдэдээ зөв үерхэл нөхөрлөлийн талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцаж, бурууг ялгахад нь туслан зааж зөвлөх нь чухал юм. Хүүхэдтэйгээ яг л найз шиг нь байх хэрэгтэй. Тэгж чадвал үл ойлголцох нь бага, таны хэлж байгаа зүйлийг ч тусгаж авах нь илүү байдаг.
Мөн хамгийн гол нь хүүхдийнхээ мэдрэмжийг нь яриулах хэрэгтэй. Өөрт тохиолдсон явдлаа танд ярихад нь “Чамд тэр үед ямар санагдсан, чи юу мэдэрсэн” гэх мэтээр асуугаарай. Ер нь хүүхэд мэдрэмжээ илэрхийлж, өөрийнхөө чухам юу мэдрээд байгаагаа тодорхойлоод сурчихвал сэтгэл зүйн асуудалд орох нь харьцангуй бага байдаг.
-Энэ насны хүүхдүүд аливаа зүйлийг олон дахин хэлүүлж, шахан шаардуулж хийдэг мэт санагддаг. Нэг үгээр эцэг эхийн хэлсэн үг “нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарчихдаг” мэт, хэвшүүлэхдээ тааруухан юм шиг ажиглагддаг.
-Хүүхдийг шүүмжилж, загнаж эхлэхэд түгшүүр үүсгэх кортизол хэмээх даавар ялгарч, тархи нь мэдээлэл хүлээн авахгүй, тогтоох чадваргүй болчихдог. Тэр үед нь эцэг эх нэмж загнаад л байдаг. Яг үнэндээ энэ үед хүүхдэд юуг ч хэдэн удаа хэлээд ч нэмэргүй, тархи нь сайн хүлээж авдаггүй. Харин үүний оронд хүүхдийг хөөргөж, хөгжөөх маягаар дундуур нь бага зэрэг шүүмжлэл “хавчуулан”, аливааг сануулахад тэд хүлээж авахдаа хурдан байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ шүүмжилж, загнахын оронд үүнийг арга барилаа болгочихвол бүр сайн. Нэг үгээр зайлшгүй зэмлэх, шүүмжлэх шаардлагатай болбол магтаал, урмын үгтэй нь хослуулбал үр дүнтэй. Үүнийг мэргэжлийн хар ярианд “сэндвичэн зарчим” гэх нь ч бий. Гэхдээ хамгийн сүүлд нь мэдээж хүүхдэдээ хандан урам, магтаал хэлээд төгсгөх хэрэгтэй.
Хүүхдийг сонирхохгүй зүйлд нь хүчээр явуулах, эсвэл өөрийн багадаа хийж, мэргэшиж үзэхийг хүсэж байсан ч чадаагүй спорт, урлагийн дугуйланд явуулж бага насны биелүүлээгүй мөрөөдлөө хүүхдээрээ нөхүүлэх гэдэг нь буруу.
-Мэргэжил сонголтдоо эргэлзсэн хүүхдүүд багагүй ханддаг гэлээ. Зарим эцэг эх хүүхдийнхээ сонирхлыг дэмжихгүй, зөвхөн өөрт таалагдсан мэргэжлээ хүүхдэд тулгах нь бий. Энэ талаар зөвлөгөө өгөөч.
-Мэргэжил сонголтын цогц тест буюу оношилгоо өгч болдог ба үүгээр тухай хүүхдийн онцлог, чадвар, сонирхолд нийцсэн мэргэжлийн үр дүн гарч ирдэг. Хүүхдийг сонирхохгүй зүйлд нь хүчээр явуулах, эсвэл өөрийн багадаа хийж, мэргэшиж үзэхийг хүсэж байсан ч чадаагүй спорт, урлагийн дугуйланд хүүхдээ явуулж бага насны биелүүлээгүй мөрөөдлөө хүүхдээрээ нөхүүлэх гэдэг нь буруу юм. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, цалин өндөр мэргэжил гээд хүсээгүй мэргэжлийг нь тулгадаг. Гэтэл хүүхэд түүнээс нь өөр зүйлд ур дүйтэй, авьяастай байж болно.
Тиймээс оношилгоо хийлгэж, хүүхдийн зан төлөв, сонирхолд тохирсон мэргэжлийг тодорхойлох боломжтой байдаг. Манай сургуулийн хувьд энэхүү мэргэжил сонголтын оношилгоог 9-р ангийн бүх сурагчаас авдаг ба энэ нь тухайн хүүхдийн сонгон суралцах хичээлээ тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
-Нийслэлд хүн ам их төвлөрсөн учир боловсролын тогтолцоо, хүүхдэд тавих хяналт харьцангуй гайгүй байдаг. Гэтэл хөдөө орон нутагт тэр дундаа сурагчдын дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн нөхцөл байдал, тэдний сэтгэл зүйг хэвийн гэж шууд тодорхойлох боломжгүй. Орон нутгийн сургуулиудад мөн та бүхэн шиг сэтгэл зүйч ажиллаж байна уу?
-Бидэнтэй хамт мэргэшсэн боловсролын сэтгэл зүйчид Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймгийн ЕБС-д ажиллаж байна. Аймгуудын зөвхөн ЕБС-иуд гэхгүй Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сэтгэл зүйчид ажилладаг. Одоо ажиллаж байгаа 65 сэтгэл зүйчийн ажлын үр дүнгээс шалтгаалан хөдөө, орон нутагт ажиллах дараа дараагийн сэтгэл зүйчийг бэлдэх, тоог нэмэх нь зайлшгүй.
Орон нутгийн сургуулиудад сэтгэл зүйчид зайлшгүй шаардлагатай. Учир нь суурин газраас ялгаатай нь сурагчид гэрээсээ, эцэг эхээсээ хол, өөр өөр зан араншинтай хүүхдүүдтэй нэг дор амьдрах шаардлагатай болдог. Энэ үед хүүхэд гэрээ санана, бэтгэрнэ, бусадтайгаа үл ойлголцоно, дээрэлхүүлнэ, орчиндоо дасах багагүй хугацаа хэрэг болно гэх мэт асуудал гарч болно. Дотуур байранд ч сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай мэт санагддаг.
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.