"Багшийгаа улам л бодож, биширч, хайрлах юм. Хорьдугаар зууны манлай хуурч, ардын жүжигчин, төрийн шагналт Г.Жамъян багшийнхаа ачаар л ардын жүжигчин хэмээх энэ эрхэм цолыг авлаа. Мөн найман жилийн хөдөлмөрөө надад зориулсан н. Лхамсүрэн багшдаа хязгааргүй баярлаж байна. Нөгөөтэйгүүр олон зуун жилийн турш өвлөгдөн, уламжлагдаж ирсэн өв соёл, молор эрдэнэ болсон морин хуурынхаа буян гэж бодож байна"хэмээн ярих энэ хүнийг Ч.Батсайхан гэдэг.
Cap шинийн өмнөхөн төрийн шагналт, гавьяат жүжигчин Н.Сувдтай хамт ардын бүжигчин цолоор энгэрээ мялаалгасан тэрбээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурчаар ажилладаг. Түүнийг "Нарны домог" жүжгийн сургуулилт хийж байхад нь уулзаж ярилцсан юм.
-Монгол Улсын морин хуурчид дотроос хамгийн анхдагч өөрөөр хэлбэл, "тоглогч" танд ардын жүжигчин болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Зав, зай тааруухан байна уу. Яагаад жаахан нуугдмал юм шиг байна вэ?
-Ажил, хажуугаар нь бас бус зүйл амжуулах гээд заваар маруухан л байна. Юундаа ч нуугдах билээ (Тэрбээр инээв).
-Тавдугаар ангийн жаахан хүү шалгалт өгч хөгжим бүжгийн сургуульд орж жилийн дараагаас бараг л орой бүр тоглох концертод морин хуураар гоцолдог байсан. Дараа нь "Үүлэн бор" гэж сайхан аялгуугаар олноо танигдсан. Улмаар 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цол хүртэж байсныг морио дээдэлдэг монголчууд мартаагүй байгаа. Цол гуншин нэмэгдэхээр үүрэг хариуцлага өндөрс-дөг. Ардын жүжигчин маань ард түмэндээ хариуг нь хэзээ барих вэ?
-Зургаахан настай байхдаа сонсголоороо хөгжим тоглож гэрийнхээ үүдээр хүмүүс цуглуулдаг байж билээ. Авьяасыг минь олж харсан ээж, аав минь ямар ч холч ухаантай, агуу мэдрэмжтэй хүмүүс байж вэ. Хөгжим бүжгийн сургуульд ороод жилийн дараа гэхэд л концертод оролцдог болсон. Тэр үе бол миний морин хуурынхаа хөг аялгууг биширч, өөрөө уярч, уусч байсан цаг. Би хоёр ч удаа тоглолт хийсэн. Одоо амжвал зургадугаар сард, амжихгүй бол намрын сайхан налгар цагт тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Хамгийн сүүлчийн тоглолтоо 2004 онд хийсэн дээ.
-Орос төрхтэй жаахан хүү хорьдугаар зууны шилдэг уртын дуучдын хажууд дэлүү шиг л суудаг байсан тэр үеийг дурсахгүй юу?
(тэрбээр инээснээ).
-Алтан үеийнхэнтэй зэрэгцээд, тэдний дуулах дууг хуурдаж байсан маань их хувь заяа. Ардын жүжигчин З.Түмэндэмбэрэл, хорьдугаар зууны шилдэг уртын дууч Н.Норовбанзад, Г.Лхамжав, А.Шархүүхэн, н.Шагжжав, Ч.Сүглэгмаа гээд шилдгүүдийн дуулах дууг хуурдаж, заримдаа дагаж, дагуулдаг, ёстой л дэлүү шиг байж.
-Тухайн үедээ алдарт дуучид, тэр үеийн морин хуурч, өдгөөгийн Морин хуур чуулгын дарга, ардын жүжигчин Ц.Батчулуун та хоёрыг сонгодог байсан гэх яриа байдаг?
-Уран сайхны зөвлөлөөр орж тоглолтоо батлуулахдаа үнэхээр бид хоёрыг сонгодог байсан. Тэр их хүмүүсээс бас "Найрамдал" хамтлагт байхдаа Ч.Мэнд-Амар, Ё.Бадам, н.Батмөнх, Г.Ганбат гавьяатуудаас их юм сурсан. Одоо эргээд харахаар манай хамтлагийнхан бүгд гавьяат болжээ.
-Хөгжим аливаа уран бүтээлийн ард байдаг ч бас аливаа уран бүтээлийн суурь нь болж өгдөг. Гэсэн ч хүмүүс хоёрдугаарт хүлээж авдаг шиг санагддаг. Энэ утгаараа хөгжимчдөөс ардын жүжигчин битгий хэл гавьяат жүжигчин цөөхөн байдаг байхдаа?
-Ямар ч сайхан кино, жүжиг, дуу хөгжимгүй байвал хүний сэтгэлийг хөдөлгөх нь юу л бол. Үүнийг хүмүүс мэдэрдэг, ойлгодог хэрнээ таны хэлдгээр хөгжмийг ард нь тавьдаг. Хөгжимчдийг үнэлэх үнэлэмж нь ч үүнтэй холбоотой, нэг л буруу юм шиг санагддаг. Цол тэмдгийг нь харамгүй өгвөл манай хөгжимчид хэний ч өмнө хаана ч нүүр улайхгүй авьяастай.
-Ардын жүжигчин болтлоо морин хууртайгаа 30 гаран жил болжээ. Өөрийнхөө халааг төрүүлэхээр олон шавь бэлдсэн үү?
-Арваад шавь бий. Тэр дотор гадаад хүн ч бий. Ах нь нэг хэсэг Хөгжим бүжгийн коллежид багшилсан чинь солист болохоор арын ажил жаахан хэцүү байсан учир больсон. Ер нь яваандаа багшилна.
-Таны хамгийн сайн тоглосон аялгуу юу вэ?
- "Татлагын холбоо"-г оркестртой 10 жил тоглосон. Арван жилийн хугацаанд энэ маань өөрчлөгдсөнгүй, гандан буурсангүй. Одоо Өвөрмонголд тоглодог болсон байна.
-Өвөрмонгол гэснээс таньд хамтарч ажиллах санал тавьсан сураг байсан. Хэрэв тийм бол яагаад яваагүй юм бол?
-Энд уран бүтээлээ хийх шаардлага байгаа учир явж чадаагүй. Дармаа, Чибол гээд хамтарч ажилладаг сайн уран бүтээлчид бий. Тэдний саналыг хүлээж аваад явсан бол ардын жүжигчин авахгүй байж.
-Морин хуур, уртын дуу хоёр салшгүй гэдэг. Гэтэл морин хуур хөөмий хоёрыг бас л салгаж ойлгож болохгүй юм шиг. Та хөөмийлдэг үү?
-Үгүй. Харин одооны хүүхдүүдийн нэг бахархалтай нь сайхан хөөмийлдэг болж. Хөгжимдөөд, дуулж байна гэсэн үг. Хэрийн хүнд ийм авьяас байдаггүй. Энэ бол асар их авьяас.
-Таныг гадаад орнуудаар хамгийн их тоглосон хүн гэх юм билээ. Хичнээн оронд очиж тоглосон бэ?
-Ардын урлаг, тэр тусмаа морин хуур, ҮДБЭЧ-ынхаа ачаар 30 гаруй оронд очиж тоглосон. Энэ ч гэсэн хүн болгонд тохиох аз биш. Ардын урлаг тэр тусмаа морин хуур, уртын дуу, хөөмий ямар агуу зүйл гэдгийг харуулж буй хэрэг.
Бид янз бүрийн фестивальд оролцоход ямагт түрүүлдэг байсан нь үүний баталгаа.
-Ардын жүжигчин Ч.Батсайханы авьяасыг өвлөсөн хүн байна уу?
-Миний охин АНУ-д сурдаг. Уран нугарагч, бас сайхан зурдаг. Хүүхдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлж, монголынхоо бас нэгэн гайхамшгаар эх орноо сурталчилж яваа.
-Уран бүтээлийн яриа өрнүүлэхдээ дурьдах ёстой нэрийг мартаж бусдынхаа сэтгэлийг жаахан ч гэсэн чилээж, гомдоох вий?
-Яг тийм. Би нэгэн эрхэм хүнийг дурсаагүй. Энэ хүн бол төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров. Ардын хөгжмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. "Мандухай", "Мөнх тэнгэрийн хүчин дор" гээд түүхэн сэдэвтэй олон сайхан киноны хөгжмийг энэ хүн бичиж бид тоглосон. Ардын хөгжмийг энэ хүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Төгсгөлд нь хэлэхэд морин хуур дэлхийн хэмжээний хөгжим болно гэдэгт бид итгэдэг шүү.
С.Туул