20 гаруйхан настай залуу хос хөдөө амьдрахаар шийдэж нүүсэн тухай пост цахимд олны анхаарлыг татав. Тэд хотод тогтсон цалин, шат ахих боломжтой ажлын байраа орхин орон нутагт амьдрахаар шийджээ. Бид энэ үйл явдлын эзэн Б.Өлзиймөнхтэй ярилцлаа.
Аав гэх эрхэм алдрыг хүртээд удаагүй байгаа тэрээр нутагтаа ажил олж, амьдралаа төвхнүүлэхээр амрах завгүй хичээж буй аж.
-Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө болон гэргийгээ танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Б.Өлзиймөнх гэдэг. Би Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Улаанбаатар хотод 2015 оноос хойш амьдарсан. Хотод зургаан жил байсныхаа дараа төрсөн нутагтаа амьдрахаар буцлаа.
Би анх “Голден жим” фитнест багшаар ажиллаж байсан. Ингээд “Таван толгой түлш” компанийн Баруун бүсийн үйлдвэрт мэргэжилтнээр ажилд орох завшаан тохиосон юм. Хөдөлмөрч хүмүүстэй нэг баг болж, цаашдаа өөрийгөө өсөн дэвжих боломжтой гэж харж байсан.
Гэргийг маань Г.Нинжбадгар гэдэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 2014 оноос Улаанбаатарт амьдарч эхэлсэн. Бид хамтдаа хөдөө орон нутагт амьдрах шийдвэрээ гаргасан.
Эхнэр маань 2018 онд Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Ажилд орсон жилдээ байгууллагынхаа шилдэг ажилтан болж, энэ жил ахлах эдийн засагчаар дэвшсэн. Богино хугацаанд боломжийн амжилт гаргаж байв. Гурван жилийн хугацаанд эхнэр маань салбараа ахлах хэмжээнд хүрч, боломжийн цалин авч байлаа.
Бид хоёул Улаанбаатарт тогтвортой цалинтай, амьдралаа босгох бүрэн боломжтой байсан ч хөдөө нүүхийг эрмэлзсэн.
ЗАМ ДЭЭР ТҮГЖРЭЭД ЯВЖ БАЙХАД Л ХОТООС НҮҮЕ ГЭДЭГ БОДОЛ АНХ ТӨРСӨН
-Цахимд нийтэлсэн пост нь 20 гаруй мянган хүний хандалт авчээ. Яагаад ийм пост бичихээр шийдсэн бэ?
-Би фэйсбүүк найзууддаа л уриалга гаргая гэж бодож тэр постыг бичсэн. Ийм олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Манай эгч над руу холбогдоод “Чи ямар гоё пост оруулсан юм бэ. Шэйрлэх гэтэл болохгүй байна” гэсэн. Ингээд постныхоо тохиргоог олон нийтэд харагдахаар болгосон. Гэтэл санаанд оромгүй олон хүнд хүрсэн.
-Нийслэлээс нүүх тухай бодол анх юунаас эхэлж төрсөн бэ?
-Зам дээр түгжрээд явж байхад л хотоос нүүе гэдэг бодол анх төрсөн. Яагаад гэвэл би ажилдаа ирж, буцахад 3-4 цагийг зарцуулдаг байсан. Ажлын найман цагийг нэмбэл би өдөрт дунджаар 11-12 цагийг гэр бүлээсээ хол, юу ч хийх боломжгүй түгжрээнд өнгөрөөж байгаа юм. Энэ байдлаас залхсан. Залуу хүн учраас сурч боловсрох хэрэгтэй. Ингээд ажлын цаг, түгжрээнд өнгөрөөсөн цагаа хасаад надад 12 цаг үлдэж байгаа юм. Энэ хугацааг би гэр бүлдээ зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, унтаж амрахад зориулахад хангалтгүй байсан.
Хөдөө очиж амьдарвал би түгжрээнд зарцуулдаг цагаа өөрийнхөө боловсролд, гэр бүлдээ, эрүүл мэнддээ зарцуулах боломжтой болно.
Энэ тухай бодол төрөөд удаагүй байтал гэргий маань бие давхар болсон. Ингээд хүүхдээ төрөхөд хаана, яаж салхилуулах вэ. Байранд эсвэл гэр хороололд амьдарвал яах билээ гэх бодол орж ирсэн. Хотын агаарын бохирдлын судалгааг харсан. Хотод амьдарч байгаа нэг настай хүүхэд жилд дунджаар 7-8 удаа ханиад хүрдэг. Хөдөө амьдардаг хүүхэд зарим тохиолдолд ханиад хүрдэггүй ба хамгийн дээд тал нь 3-4 удаа ханиад хүрдэг гэх мэдээллийг уншсан.
Би зундаа сумандаа ирж амардаг. Тиймээс сумынхаа ерөнхий нөхцөл байдлыг мэддэг. Хийх шаардлагатай зүйл маш олон байгааг анзаарна. Асуудал байгаа газарт шийдэл үргэлж байдаг гэдэг шүү дээ. Хөдөө орон нутагт асуудал олон бий. Үүнийг шийдэгдэхийг нь хүлээвэл удаан хугацаа орно. Гэтэл өөрсдөө гар бие оролцвол илүү хурдан үр дүн гарна.
БИ ӨӨРИЙНХӨӨ СУМЫН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭ ГЭЖ ХҮСДЭГ
-Таныг хөдөө орон нутагт нүүх хүсэлтэй байгааг гэргий нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний гэргий маш ухаалаг, мундаг бүсгүй байдаг. Бид хоёр орой болгон унтахаасаа өмнө дунджаар нэг цаг орчим хоорондоо ярилцдаг. “Би ийм зүйл бодлоо. Чи юу гэж бодож байна” зэргээр санаагаа хуваалцдаг. Тиймээс бидний дунд санал зөрөх асуудал гардаггүй. Удаан ярилцсаны эцэст бид хотоос хөдөө рүү нүүхээр шийдсэн.
Гэр бүлийнхний зарим нь “Та хоёр хоёулаа сайхан ажилтай. Хүн бүр хот руу нүүж байхад хөдөө амьдарч яах гэв” гэсэн. Гэхдээ бид хоёр өөрсдийн шалтгаанаа тайлбарласны дараа тэдний бодол нь өөрчлөгдөж, бид хоёрыг дэмжсэн. Цахим сургалт, цахимаар ажиллах зэрэг олон гарц нээлттэй болсон энэ үед хөдөө амьдарсан ч хоцрогдох асуудал байхгүй.
-Архангайд эхлүүлэхийг хүссэн бизнес бий юу. Ер нь нутагтаа юу хийе гэж бодож байна вэ?
-Бид өөрсдийнхөө хэмжээнд бүх зүйлсээ төлөвлөсөн. Цар тахалтай холбоотойгоор яг төлөвлөгөөнийхөө дагуу байхад хүндрэл тулгарч байна. Бид аймагтаа ажил хайж олон газартай холбогдсон. Хийе гэж бодвол бүтдэг. Тиймээс удахгүй ажилтай болно байх. Ажлын байр бэлэн биш ч гэсэн очсон байхад болно. Амьд хүн аргатай гээд л зүтгээд байна. Заавал төрийн албанд гэлтгүй хувийн бизнесээ эхлүүлэх тухай бас бодож байгаа.
Наадмын үеэр хотынх, хөдөөгийнх гэсэн зааг маш тод харагдсан. Яг л хоёр өөр улсын иргэд шиг цахимд мөргөлдөөн болсон.
Хөдөө арван жилээ төгсөөд хотод очсон оюутнууд эхний нэг жилээ барьц алдаж, яахаа сайн мэдэхгүй байсаар өнгөрөөдөг. Энэ зааг ялгааг ойртуулахын тулд бид хөдөө амьдрахаар шийдсэн. Би өөрийнхөө сумын залууст зориулсан сургалтын төвийг нээнэ гэж хүсдэг. Би мундаг чадалтай хүн биш ч гэсэн арван жилийн сурагч нарт гэлтгүй өөрийнхөө үеийн залууст олон боломжийн талаар хуваалцмаар байна.
Наадмын үеэр хотынх, хөдөөгийнх гэсэн зааг маш тод харагдсан. Яг л хоёр өөр улсын иргэд шиг цахимд мөргөлдөөн болсон. Хотынхон “Хөдөөгийнхөн Төв талбайд мориныхоо баасыг цэвэрлэсэнгүй” гэж уурсаад, хөдөөгийн залуус нь “Хотынхон соёлоо дээдэлдэггүй. Хөдөө битгий ирээрэй. Бид малаа зарахгүй” зэргээр үгээр “дайтсан”. Энэ нь монголчууд дотроо хагаралдаж эхэлсний дохио юм болов уу гэж би дотроо эмзэглэсэн.
Хөдөө, хот хоёрын соёл, ойлголтын зөрүү нь ямар хол очсоныг наадмын үеэр олж харсан. Энэ зайг л бид ойртуулах хэрэгтэй. Хотын соёлыг мэддэг залуус хөдөө очоод мэдэхгүй хүнд нь түгээж болно шүү дээ.
-Та хоёр сумандаа очоод төвхнөж амжсан уу?
-Бид хоёр энэ жилдээ монгол гэрт өвөлжинө. Ирэх жилээс байшин барина. Уг нь нутагтаа ирээд байшингаа барих тухай бодсон байсан ч цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн. Үүний улмаас эхний жилдээ гэрт амьдрахаар шийдээд байна. Бид хоёулхнаа биш. Ар гэрийнхэн болон нутгийнхан маань биднийг дэмжиж байгаа учраас болно доо л гэж бодож байгаа.
-Та хоёр анхны хүүхдээ өлгийдөн авч, аав, ээж гэх эрхэм алдрыг хүртээд удаагүй байна. Эхнэр, хүүхдийнх нь биеийн байдал хэр байна вэ?
-Эхнэр маань долоодугаар сарын 22-нд төрөх магадлалтай байсан. Эхнэр маань аав, ээжийндээ төрнө гээд Баянхонгорт очсон юм. Би Архангайд амьдрах газар, ажил төрлөө хөөцөлдөхөөр очсон байлаа.
Ингээд би долоодугаар сарын 12-нд Баянхонгорт эхнэрийнхээ эмнэлэгт очсон. Биднийг уулзаад удаагүй байтал ус нь гарсан. Намайг очсоны маргааш нь гэргий маань амаржсан. Хүү маань аавыгаа хүлээж байсан юм шиг сайхан санагдсан. Гэргий маань ямар ч хүндрэлгүй, хүү маань эрүүл саруул мэндэлсэн.
-Танд нийгэмд хандаж хэлэх зүйл байна уу?
-Бидний бичсэн пост хэдхэн хоногт 20 гаруй мянган хүний хандалтыг авсан. Үүнээс би хөдөө амьдрах хүсэлтэй ч зориг нь хүрэхгүй байгаа маш олон хүн байгааг ойлгосон. Тэдгээр хүмүүсийг дэмжвэл хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь тодорхой. Энэ нь хотын төвлөрлийг сааруулах нэгэн боломж юм.
Би бусдад гайхуулахаар мундаг, чадварлаг хүн биш. Зүгээр л азаар бичсэн пост маань олон хүнд хүрчихсэн. Гэтэл надаас илүү мэдлэгтэй залуус төрсөн нутагтаа эсвэл аав, ээжийнхээ нутагт очоод мэдлэгээ хуваалцвал ямар үр дүн гарах бол. Энэ тухай төсөөлөөд үзэх хэрэгтэй. Ийм залуус байвал зориг гаргаад нутагтаа очоосой гэж хүсэж байна.
Хэт төвлөрлөөс болоод түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудал хотод үүссэнийг бүгд мэднэ. Тэгэхээр өргөн уудам нутагтаа тархан суурьших нь нэг гаргалгаа гэдгийг бид бодох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.