Аавыгаа хайрлаад байх юм аа. Хүн их тэнэг байдаг юм байна. Эцгийгээ нэг л өдөр яваад өгөх юм гэж бодож байсан бол санаагаа гүйцээхэд нь бага ч болов тусалж байхгүй юу. Хөөрхий минь олон юм дутуу орхисон. Амжуулаагүй бүхнийхээ төлөө харамсаа болов уу гэж бодох тусам хайрлаад байх юм.
“Басгалдай баахан улаан” гэдэг уртын дууг хааяа аялахад нь хурдхан ноотлоод авахаа мэдэхгүй алдчихсан. Сайхан дуу ингээд мартагдлаа. Аз болоход “Дуртмал сайхан”-ыг нь авч үлдсэн шүү. Энэ айзам уртын дууг гурван ч бүтээлдээ ашигласан. Өөрөөр хэлбэл, Гончиг өвөөгийн дуулах урлаг, дахин давтагдашгүй манерийг үр хүүхэд нь өвлөж үргэлжлүүлж байна гэсэн үг л дээ.
Г.Бирваа гуайн бага хүү, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хайр, харуусал хослуулан ийн өгүүлнэ. Аав нь түүнийг Болдоо гэж бусдаас нь ялгаж дуудна. Эдний хүүхдүүдийн олонх нь Мөнх гэж эхэлсэн нэртэй л дээ. Болдоо өөрийгөө голомтгой. Амьдралын туршлага, хат, уран бүтээлийн цараар өвгөн буурал ааваа хэрхэн гүйцэх билээ. Гэхдээ залуу хөгжмийн зохиолч гэхэд урлагийн томчууд түүнийг тоодгийг нь бодвол боломжийн мэргэжилтэн шиг байгаа юм. Тийм болохоор түүнийг аргадаж тайвшруулъя. Аав тань юунд ч харамсдаггүй байх аа, үйлс, зүтгэлээ өөрт тань өвлүүлж шүү дээ.
Монголчуудын хайрыг татсан бурхан уран бүтээлчдийн нэг хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн аялгуу, хөгжмүүд эдүгээ монголчуудын сэтгэлд байнга эгшиглэж, сайхан дүр төрх нь үүрд мөнхөрчээ. “Гоёхон чимэг”, “Намрын шөнө” (Хань Б.Буянтогтохдоо зориулсан, “Мэлтэлзсэн сүү шиг сарны туяа, Гялалзсан шүүдэр сувдан өнгөтэй…” гэж эхэлдэг), “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулагийнхан”, Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө” гээд олон арван киноны аялгуу сайхан хөгжмүүд түүнийх.
Монгол Улсын Филармони байгуулагдсаны 35 жилийн ой тохиож буй энэ үед түүнийг үндэслэн байгуулсан, ардын жүжигчин Ц.Намсрайжав агсантай хамтран, туслах удирдаачаар нь ажиллаж байсан эрхэм тэр хүнийг дурсан, залуу үеийнхэнд чухам тэр хэн байсан бэ гэдгийг цухас боловч мэдүүлье гэсэн юм. Өөрөө өөртөө ийм даалгавар өгчихөөд биелүүлэх гэж нэлээд зүдэрсэн. Хэд хэдэн хүнтэй уулзсан ч санаандаа хүртэл мэдээлэл цуглуулж чадаагүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн Хаянхярваа гуай түүнийг Улсын Филармонийг хөл дээр нь босгоход их хувь нэмэр оруулсан хүн гэсэн.
Харин хэд хэдэн хүн Бирваа гуайн хөөцөлдлөгөөр ЗХУ-д сургуульд сурсан уран бүтээлч олон. Түүний нэг нь төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэж байлаа. Энэ мэтчилэн түүний удирдах ажил хийж явсан тухай л ярьж өгнө. Гэтэл надад өөр мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэр залуудаа ямар хүн байв. Яагаад түүнийг гоё залуу гэдэг байсныг олж мэдэхийг их хүсэж байлаа. Тиймээс дээхнэ үеэс таних болсон Б.Мөнхболдыг “барьж авч”, аавынх нь тухай жаахан яриулъя гэсэн юм л даа. Тэгтэл мань хүн “Найз нь тусалъя. Аавын дурдатгал “90 жилийн дурсамж” гэдэг номыг нь унш гээд өгсөн юм. Зуны туршид зав гарвал л уншаад байсан ч одоо хэр дуусаагүй л байна.
Дурдатгал “бүдүүн” гэж жигтэйхэн, 742 хуудастай, дээр нь алгасаад явчих аргагүй сонирхолтойгоос одоо хүртэл уншсаар. Номоос нэрт уран бүтээлчийн намтар төдийгүй Монгол Улсынхаа ардын хувьсгалаас хойшхи үеийн түүх, ард олны амьдрал, монгол ёс заншил, ахуйгаа авч явах арга ухаан гээд маш ихийг мэдэж болно.
“90 жилийн дурсамж”-аас Г.Бирваа гуай бол уртын дууч, хуурч, олноо
“Гайхамшигт” гэж алдаршсан Гончиг гэж хүнд үрчлэгдсэн хүү юм гэдгийг
олж мэдлээ. 21 нас хүртлээ жирийн малчин байж, 1936 онд цэрэгт
татагдан, Халх голд цэргийн хөгжимчин, тодруулбал тэргүүн зэргийн
бүрээчин болсноор Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч болтлоо
өсөж дэвжсэн уран бүтээлч аж. Төрөлх нутгийн байгалийн гоо үзэмжийг
биширч, малчин ардаа дээдэлж, мал, төл хайрлаж ирсний зэрэгцээ ардын
авьяастан эцгийнх нь нөлөө төрөлхийн сэргэлэн цовоо түүний хөгжмийн
мэдрэмжийг хөгжүүлсээр иржээ.
Мөн Халх дөрөв, шавь тавд алдартай
Ламын Гэгээний хүрээ хийд ертөнцийг үзэх үзэлд нь маш ихээр нөлөөлсөн
байх юм. Номондоо тэрбээр Ламын гэгээний хүрээ нь Ар Халхын 700 гаруй
сүм хийдтэй, 4000 лам, 41 дугантай, хамгийн олон хурал номтой, шашны
баяр жилд хамгийн олон болдог газар байсан тухай бичжээ. “Аварга том
дуганын алтан ганжир алсаас гялалзан, алтан шаармал хорол, бодь гөрөөс
хурц шар өнгөөр цацраад цав цагаан 41 дуганын өнгөтэй хослох нь тансаг
эрхэм” гэж зураглажээ. Энэ хэсгийг уншаад бараг л “ухаан алдахаа”
дөхсөн шүү. Шашны болоод урлагийн гайхамшигт бүтээл байж. Одоо байсан
бол монголчууд түүнийг дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгд нэр
дэвшүүлж байхсан гэж бодохоор дотор муухай болох шиг.
Ламын гэгээнийхээ тухай баримт түшин ийн дүрсэлж бичсэнээс үзэхэд
Бирваа гуай асар өндөр боловсролтой, бичгийн хүн байжээ ч гэж
бодогдсон.
Амьдрахын үлгэрийг хүмүүст харуулж чадсан энэ эрхэм
буурлын эцэг Гончиг гуайг “Гайхамшигт” гэж авгайлдаг байсан нь учиртай
юм билээ. Тэрбээр бурхны найман тахилын тухай дууг маш сайхан дуулдаг
байж л дээ. Энэ дуу нь эрт дээр үеэс “Гайхамшигт” хэмээх тодотголтой
байснаас энэ дууг амьдруулсаар байсан дуучныг мөн ийн өргөмжилж ирж.
Эцэг, эх нь Бирваа гуайг зөв амьдрах ухаанд сургаж, ахас ихэс, охид,
бүсгүйчүүдийг ч ивээн түшиж явахыг захидаг байснаас тэрбээр нутгийн
багачууд, хүүхдүүдтэй ахан дүү шиг эвтэй. Бага залуудаа 170 см өндөртэй
байсан тэрбээр идэр насандаа хүүхэн бүрийн харааг булаасан сайхан эр
болоо биз ээ. Үүнийг би өөрийн ээжийн “Дээр үед хүрээ хүүхнүүд Бирваа
гуайг харах гэж гоё хувцаслаад Элдэв-Очирт болдог таанцад очдог байсан”
гэж хуучилж байснаас үүдэн хэлж байгаа юм.
Сайхан хархүү амьдралынхаа туршид хоёр удаа гэрлэсэн юм билээ л дээ. Эхнийх нь эрийн сайнд олж авсан, цэргийн даргын эхнэр. Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай захиаг нь зөөж явсаар дэр нэгтгэсэн түүхтэй. Тэд хоёр хүүхэдтэй болж сайхан амьдарч байв. Гэтэл хэлэмгий нь дэндсэн Бирваа гуай “Коммунизм гэдэг чинь Америкт байдаг юм”, мөн” Оросууд Монголын малыг дэндүү хямдаар авч байна” гэж ам цуурсан хэргээр шоронд орж, хоёр жил хоригдоод гарч ирэхэд нь өөр хүний эхнэр болчихсон байсан аж. Харин хоёр дахь гэргий нь буюу амьдралын хань Мөнх гэж нэрлэсэн сайхан хүүхдүүдийнх нь ээж., Хөвсгөл нутгийн уугуул Б.Буянтогтох гуай. Чухам түүндээ зориулж дээр дурдсан “Намрын шөнө” дуугаа бичсэн юм билээ. Тэр хоёр болзтол, бүсгүй ирдэггүй. Хүлээж ядсан сэтгэлээ илчилж ийм дуу зохиосон нь олноо түгжээ. Ингээд бичээд байх нь бүү хэл 742 хуудсанд ч багтахгүй намтар түүхтэй түүний дурдатгалын гуравны нэгийг нь л уншихад энэ. Залуусдаа зөв амьдрахын үлгэр болсон энэ буянтай буурлын “90 жилийн дурсамж” дурдатгалыг нь заавал уншихыг санал болгоё.
Р.ОЮУНЖАРГАЛ