Монгол Улсын гавьяат жүжигчин уран нугараач, ХААН банкны дэргэдэх Монголын орчин үеийн “Angels” циркийн гүйцэтгэх захирал Лодойн Энхцэцэгийг “GoGo Cafe” ярилцлагын зочноор урилаа. Ховд аймгийн Цэцэг суманд тарж, Яармагт өссөн урлагийн талаас удам сударгүй эгэл жирийн хөдөлмөрчин айлын охин зургаан наснаасаа дур сонирхлоор нугарч эхлээд, 13-тайдаа Улсын циркэд данстай мэргэжлийн уран нугараач болов.
Уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш улсаа төлөөлөн олон улсын уралдаан тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан тэр 1983 онд Парис хотод болсон Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын анхны алтан медалийг авчирлаа. Л.Энхцэцэгийн энэ амжилтыг үнэлж, Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал 19-хөн насанд нь Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгож, Яармагийн охин гурван өрөө байраар шагнуулжээ. Циркийн урлагаар эх орноо дэлхийд сурталчилж, од болон гялалзаж явсан тэрбээр өнөөг хүртэл тайзаа орхиогүй, уран нугараачаар тасралтгүй 47 дахь жилдээ ажиллаж байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улс орон хоорондын Засгийн газрын гэрээгээр гадаадын орнуудад нугарч, улсад орлого төвлөрүүлдэг байсан. Зах зээлд шилжсэнээс хойш бие даан уран бүтээлээ туурвих болсон түүний уран бүтээлийн замнал үлгэр домог мэт.
-Та Монголын уран нугаралтын түүхэнд олон шинэчлэлийг авчиржээ. Хамгийн сүүлд нум сумтай нугаралтыг гаргаж ирсэн тань Монголд төдийгүй, гаднын уран бүтээлчдийн сонирхол татаж байна?
-Тийм ээ, 2016 оны “Авьяаслаг монголчууд” шоунд миний эгчийн охид Ц.Ганчимэг, Ц.Хулан хоёр нум, сумтай уран нугаралтыг анх үзүүлсэн. Тэр бол Монголын уран нугаралтын түүхэн дэх нум сумтай анхны үзүүлбэр байлаа. Түүнээс хойш дөрөв, зургаа, 2017 онд 45 жилийн ойн тоглолтдоо шавь нартайгаа есүүлээ нум сумтай уран нугаралт хийсэн. Тэр бичлэгийг Францын “Phenix” циркийн захирал Алайн Пашери харчихаад өөрийн тайзан дээр долоон нум сумтай нугаралтын үзүүлбэр тоглуулах захиалга өгсний дагуу шинэ тавилт, шинэ хөгжимтэйгээр найруулан тоглож байна.
-Нум сумыг уран нугаралттай хослуулах санаа Танд яаж төрөв?
-Эрт дээр үеэс монгол гоо хатад нум сумаар мэргэн харвадаг байсан түүхтэй. Тэрнээс үндэслэн уран нугаралтаар дамжуулж Монголын охид бүсгүйчүүдийн тэр баатарлаг дүрийг гаргая гэсэн санаа төрсөн. Энэ санаагаа эгчийнхээ охидод зааж, 4-5 жил сургуулилалж байгаад “Авьяаслаг монголчууд”-ын тайзанд анх гаргасан. Гаднын зарим уран нугаралтуудад үзүүлбэрийнхээ төгсгөлд зогсож байгаад нэг харвасан байдаг. Бидний шинэчлэл бол нэг гар дээрээ зогсоод галтай нум сумыг хөлөөрөө харвасан. Номерийн гоо үзэмж, уран нугаралтын сайхныг харуулахын тулд нум сумтай нугаралтын зохиомжийг гаргахдаа хэдэн удаа хойшоо харвах, ямар аппарат хэрэгтэй гэх мэтээр олон зүйл бодсон л доо. Энэ нугаралт олон улсын хэмжээний том шоу менежерүүдийн анхаарлыг татаж, Францын алдартай циркээс захиалга ирж хөдөлмөрийн үр дүн гарч буйд бид баяртай байна.
-Хоёр зүйл байна. Нэгдүгээрт, хүүхдүүд нугарч байна. Хоёрдугаарт нум сум харваж байна. Сур харвах нь бие даасан спорт учир харвах арга техниктэй байж таарна. Тэр бүхнийг уран нугаралтад яаж буулгасан бэ?
-Их бодлоо, Харваачдын холбоо руу утасдлаа. Хүннүгийн үеийн загвараар шөрмөсөөр бүрж дэг жаягаар нь нум сум урладаг хүнтэй уулзлаа. Хөлөөр харвах нь гараар нум сум харвахаас өөр. Эхлээд нэг нум сум хийгээд авчирсан нь гарт барьдаг шиг л хатуу, хүнд байсан. Тэр хүн мэдэхгүй юм чинь, аргагүй дээ. Нум, сумаа хүүхэд бүрийн хөлд тааруулахын тулд би бараг мужаан болсон шүү.
-Та уран нугараачаар ажиллаж эхэлсний 45 жилийн тайлан тоглолтоо хоёр жилийн өмнө хийсэн. Уран нугаралтын тайзнаасаа буулгүй 47 жил ажиллаж байгаагийн нууц юу вэ?
-Уран нугаралт намайг аз жаргалтай болгодог. Би зургаан наснаасаа нугарч эхлээд, естэйдөө мэргэжлийн багшийн гарт очсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэсээр, уран нугаралтын төрөлд дангаараа, хосоороо, олуулаа ч нугарлаа. Миний хамтрагч бол Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Норовсамбуу эгч. Уран нугараачаар ажиллаж эхэлсний 45 жилийн ойгоо 2017 оны арваннэгдүгээр сард тэмдэглэсэн. 45 жилийн ойн тоглолтод маань 6-60 насны 90 нугараач оролцсон. Энэ бол Монголын уран нугаралтын түүхэнд 90-үүлээ тайзнаа гарсан анхны тоглолт.
-Таны дэд захирлаар нь ажиллдаг “Angels” цирк Францын алдартай “Phenix” цирктэй гурван сарын гэрээ байгуулж, Монголын циркчид дэлхийн зах зээлд эх орноо сурталчлах боломж хэрхэн нээгдсэн бэ?
-Монголын орчин үеийн “Angels” циркийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа миний хүү Б.Оргилболд Францын Шалоне хот дахь Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургуулийг дүүргэсэн учир Францын “Phenix” циркийн захиралтай холбоо тогтоож бидэнд Монголынхоо уламжлалт соёл, ёс заншлыг урлагаараа дамжуулан дэлхийд түгээн дэлгэрүүлэх боломж нээгдсэн юм.
Охидынхоо биеийн өндөр, намд нийцүүлэн нумныхаа хүнд хөнгөн, нарийн өргөнийг тааруулна. Нумаа хэт дотогш баривал хүүхдийн булчинг цохиод судас хагалдаг, цээж, мөр, гарны түлхэлт ямар байх вэ гэх мэтээр маш нарийн. Энэ чинь тоглоомын үзүүлбэр биш, сум нь төмөр үзүүртэй учир аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой. Жижиг хүүхдүүдэд үзүүртэй сумаар сургууль хийлгэдэггүй. Харвахын өмнө охид нум сумаа сунгаж, зөөллөх ёстой. “Сум үзэгчид рүү явах вий гэж айж байна” гэж миний хүү надад хэлсэн. Маш их бодож, сэтгэж аюулгүй байдлыг бодолцож гаргаж ирсэн. Манайд нум сумтай нугаралтын сургалт явагддаг. Мэдээж би патентаа авчихсан. Ганцаараа дараад байх биш түгээн дэлгэрүүлэх, нугараачдад эзэмшүүлэхийн тулд дотоодын сургалтын төвүүдэд сургалт явуулж, заах эрхийг нь өгч байгаа. Дархан, Эрдэнэтийн багш нарт ч сургалт явуулсан. Францад тоглож буй манай багт Эрдэнэтийн гурван нугараач оролцож байна.
МОНГОЛЫН НУГАРААЧДЫН ГОЛ ЧАНАР БОЛ МАШ ХҮЧТЭЙ, ШӨРМӨСЛӨГ, УЯН НАЛАРХАЙ
-Та Монголын уран нугаралтын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Монголын уран нугаралт дэлхийд ямар түвшинд үнэлэгдэж байгаа бол?
-Монголын уран нугаралт дэлхийн тавцанд нэгдүгээрт эрэмбэлэгддэг, дэлхийд брэнд болсон урлаг. Дэлхийн хамгийн том шоунуудад Монголын нугараачид чанар чансаагаараа тэнцэж очдог. Ганц нугаралт биш, өндөр түвшинд хүрсэн циркийн олон үзүүлбэрүүд гарч ирж байна. Монгол охидын тэсвэр тэвчээр, монгол хүний биеийн онцлог, монгол газар нутгийн байгалийн онцгой өгөгдөл гэж байна. Би Ховд аймгийн Цэцэг суманд монгол гэртээ төрж, хөдөө өссөн хүүхэд. Хөл нүцгэн хонь, малдаа гүйж бага нас минь өнгөрчээ. Надад заяасан авьяас бол Монгол орны онгон дагшин газар нутгаас бие организмдаа шингээн авч буй шим тэжээл, байгаль дэлхийтэй харьцдаг нүүдэлчин ахуй амьдрал их зүйл өгдгийг улам ихээр ойлгож байна. Манай нугараач хүүхдүүд ч тийм удам, ахуйгаас гарч ирж байна шүү дээ. Гадаадын олон орны хүүхэд захиалга өгч, надаас ганцаарчилсан хичээл авдаг. Монголын уран нугаралтыг сонгож, уран нугаралтын өлгий нутаг, сургалт сайтай газарт нь зорьж ирдэг.
Надад заяасан авьяас бол Монгол орны онгон дагшин газар нутгаас бие организмдаа шингээн авч буй шим тэжээл, байгаль дэлхийтэй харьцдаг нүүдэлчин ахуй амьдрал их зүйл өгдгийг улам ихээр ойлгож байна.
-Гаднын нугараач хүүхдүүдтэй монголчуудыг харьцуулахад ямар нэг ялгаа харагдах юм уу?-Би 1998 оноос хойш нугарахын хажуугаар багшилж эхэлсэн. Гаднын хүүхдүүд уян налархай байна. Гэхдээ хүч байхгүй. Хүчний номер хийлгэе гэхэд явахгүй. Монголын уран нугаралтын сургалтын арга барилаар энэ бүх чадварыг цогцоор нь хөгжүүлж болно л доо. Монголын нугараачдын гол чанар бол маш хүчтэй, шөрмөслөг, уян налархай. Сайн бэлтгэгдсэн нугараач шөрмөс нь чангарчихсан, уралдаанд сойгдоод гараанаас гарах гэж буй морьд шиг тэгж өөр харагддаг. Ийм байгалийн өгөгдөл дээр нь багш нар тэнцвэрийн чадварыг маш сайн эзэмшүүлдэг. Хүнийг огшуулсан дайчин номер үзүүлэх суурь нь монгол хүний генд бий.
УРАН НУГАРАЛТ ГЭДЭГ БИЕЭРЭЭ УРАН ЗУРАГ ЗУРЖ БУЙ МЭТ ДҮРСЛЭЛИЙГ ХАРУУЛДАГ УРЛАГ
-Уран нугаралт юуг илэрхийлдэг, юуг зорьдог юм бэ?
-Нэрнээс нь бодсон ч уран нугаралт гэдэг биеэрээ уран зураг зурж буй мэт дүрслэл харуулдаг. Тэр сайхныг нугараач ямар ч зовиургүйгээр үзүүлэх ёстой. Улайгаад, чичрээд байвал уран, гоо сайхан харагдахгүй шүү дээ. Бид уран зураг шиг тийм л номер үзүүлэхийг хүсдэг. Тэр бүтээлийг гаргахын тулд асар их хөдөлмөрлөдөг. Хүүхдийг 5-9 наснаас нь эхлээд тасралтгүй бэлдэнэ.
-Монголын уран нугаралт дэлхийд тэргүүлж байгаа юм бол манай өрсөлдөгч аль улс вэ?
-Манай гол өрсөлдөгч бол Хятад. Хятад улс нугараачдыг олноор нь гаргаж ирж байна. Гэхдээ өнөөдөр дэлхийд алдартай мэргэжлийн өндөр түвшний шоу менежерүүд Монголын уран нугаралтыг авна гэж захиалдаг.
-Мэргэжлийн олон уран нугараач гадаадад ажилладаг байх аа?
-Тийм ээ, Америкт дийлэнх нь байна. Германд суурьшиж, тэндхийн иргэншил авсан нугараачид ч бий. Харин Монголдоо ажиллаж байгаа нь цөөхөн. Хуучны нугараачдаас Норовсамбуу эгч, Нараа эгч бид гурав л байна даа.
-Та нэлээд олон жил гадаадад ажиллаж байгаад Монголдоо ирсэн байх, тийм үү?
-Тийм ээ. 1990 оноос хойш Монголдоо ирээгүй, ирэх зав ч байгаагүй. 1988 онд дүүтэйгээ хичээллэж эхэлснээс хойш “DUO LODOI” нэрээрээ Европын зах зээлд 1990-2002 оныг хүртэл 12 жил тасралтгүй гадаадад тоглосон. Theo O.Krath гэж герман менежертэй, хамгийн том театрт, хамгийн өндөр үнээр тоглож байлаа. Тэр үед “Циркийн мэдээ” гэж сэтгүүлээс ярилцлага авч байсан. “Арван жилийн турш үзүүлбэрийн чанарыг дээд түвшинд нь барьж, Европын зах зээлд том байр суурь эзлээд, хоорондоо эв нэгдэлтэй ажиллаж ирсэн нууц нь юу вэ?” гэж асуусан, тэр сэтгүүл нь надад бий. Хос уран нугараач 10 гаруй жил тоглосон тохиолдол ховор байдаг юм билээ.
-Уран нугаралт маш хатуу урлаг гэж хэлдэг?
-Би хатуу урлаг гэж хэлэхгүй ээ. Үзэсгэлэнтэй, хүнийг олон талаас нь хөгжүүлдэг маш сайхан урлаг. Хүнийг маш хариуцлагатай, хөдөлмөрч болгодог. 47 жилийн турш ажиллахдаа би эзэмшсэн мэргэжлээ хатуу гэж хэлж үзээгүй. Би их азтай, бурхан надад сайхан мэргэжил заяасан. Энэ сайхан авьяасыг хөгжүүлэх маш сайн багштай учирсан. Миний багш бол Ардын жүжигчин, Төрийн шагналт, Монголын уран нугаралтыг үүсгэн байгуулагч, Монголын анхны нугараач Т.Цэнд-Аюуш. 1941 онд Улсын цирк байгуулагдахад багш үндэс суурийг тавилцсан хүмүүсийн нэг. Багшдаа би 1971 онд есөн настайдаа очиж байлаа. Тэр үеийн зургаа харахад элдэгдэж, зөөлрөөгүй дарайсан арьс шиг л байдаг. Миний нуруу уян, гартаа шөрмөстэй хүүхэд байсан. Тэр өгөгдөл дээр урлагийн гоо сайхан гэдгийг мэргэжлийн багш л тавьж өгдөг юм.
Тэр тэмцээнээс ирээд 19 насандаа Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргаас Монгол Улсын Гавьяат жүжигчин цол авч, 3-4 дүгээр хороололд гурван өрөө байраар шагнуулсан.
-Хөдөө өссөн хүүхэд уран нугаралтыг яагаад сонирхох болов оо?
-1966 онд манайх Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатарт нүүж ирээд, Яармагт суурьшсан. Би есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь. 1969 онд намайг зургаатай байхад ах сургуулиасаа миний л харж байгаагүй хөдөлгөөнийг сураад ирсэн. Ах, эгч нар шалан дээрээ гудас дэвсэж ахыг дуурайгаад пидхийгээд унацгаагаад байлаа. Би дуурайсан чинь шууд бөгс, толгой нийлээд ямар ч зовиургүй хийчихлээ. Тэр үед аав, ээж харчихаад “Хүүхдийн нуруу хугаллаа. Эд нар байхгүйд яг ингэнэ” гээд ах, эгчийг загнаж байж билээ. Аав, ээж хоёр “Наад авьяас чинь хэр баргийн айлд заяадаг юм биш, бидэнд яалаа гэж байх вэ” гэдэг сэн. Би ч гэртээ нугарсаар байлаа. Яармагийн Соёлын төвийнхөн миний тухай сонсчихоод, “Аваад ир” гэсэн. Тэгээд зургаан наснаасаа Соёлын төвд сайн дурын уран сайханчдын тоглолтод нугардаг болов оо. Нугарсаар байгаад 1970 онд Бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медалийг долоон насандаа хүртсэн. Тэр үед л хүмүүст танигдаж эхэлсэн шиг байгаа юм. Б.Норовсамбуу эгч “Би л чамайг Яармагийн соёлын төвөөс олж ирсэн шүү дээ” гэдэг.
-Та Парис хотод 1983 онд болсон Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын анхны алтан медалийг авчирч байсан сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Энэ тэмцээнээс 19 насандаа аягатай ганцаарчилсан үзүүлбэрээрээ Монголын анхны Алтан медалийг авсан юм. Францад алтан медаль авсан зураг тухайн үедээ дэлхийд шуугиулсан шүү. Манай Элчин сайдын яамнаас тусгай студид зураг авалт хийлгэсэн. Тэр зураг дэлхийн 40 орны нэртэй сэтгүүлийн нүүрэнд тавигдсан байдаг. Монголын уран нугаралт гайхамшигтай үзүүлбэр хийлээ. Хүний биеэр ийм уян налархай юм байна гэж гарч байсан. Тэр тэмцээнээс ирээд 19 насандаа Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргаас Монгол Улсын Гавьяат жүжигчин цол авч, 3-4 дүгээр хороололд гурван өрөө байраар шагнуулсан.
Алтан медаль авснаас хойш 35 жилийн дараа Маргаашийн циркчдийн 40 жилийн ойгоор 2019 оны нэгдүгээр сард би Парист уригдаж, 56 насандаа энэ тайзнаа дахин гарлаа. Энэ шоу тоглолтод 40 жилийн турш зохиогдсон тэмцээнд алтан медаль авсан дөрвөн зочныг урьсны нэг нь би байв. Хоёр жилийн өмнө алт авсан Тайванийн дамраар наадагч, таван жилийн өмнө алт авсан Венесэулийн эргэлдэх цагирагийн жүжигчин, 12 жилийн өмнө алт авсан Оросын тэнцвэрийн жүжигчин, 35 жилийн өмнө алтан медаль авсан Монголын нугараач бид дөрөв уригдсан. Нөгөө гурав маань 30 нас ч хүрээгүй залуучууд л даа.
-Алтан медаль авч байсан алдартай тайзнаа 35 жилийн дараа дахин гарахад Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би дөрвөн минутын үзүүлбэр хийж, төгсгөлд нь нум сумаа харвасан. 5000 үзэгчтэй, 10 орны шүүгчид суусан танхимд би фестивалийн дундуурх нэг үзүүлбэр болж “35 жилийн өмнө энэ фестивалиас алтан медаль авсан Монголын уран нугараач” гэж зарлуулж гарсан. Хөтлөгч “35 жилийн өмнө гээд бод доо...” гэж хэлээд үзэгчдээр тоо бодуулаад байгаа юм. /инээв/
Хотын захиргаанаас Шагдарсүрэн гэж ах УАЗ-469-тэй давхиж ирээд л, намайг хөдөө, гадаа, бригадын тоглолт гээд авч явдаг байсныг санадаг юм.
Би зумник зууж, шүдэн дээрээ зогсдог үзүүлбэрээ би олон жил хийхгүй явж байгаад энэ тэмцээнд зориулан бэлдээд тоглосон. Парисаас ирээд тэр бичлэгээ Норовоо эгчийн гэрт очиж үзүүлсэн чинь шилээ зүүж байгаад үзсэнээ учиргүй уйлсан. “56-тайдаа ийм үзүүлбэр хийнэ гэж байх уу. Би бахархаж байна, бүр зумник зуучихсан байна шүү дээ. Монголын уран нугаралт үүгээрээ л дэлхийд брэнд болдог юм, засаг төр нь даанч мэдэхгүй байна даа” гэж билээ. Тэгснээ “Би чамайгаа шагнана аа” гээд бэлэг өгсөн.
“1969 онд анх Яармагийн клубт жижигхээн майжийсан юм нугарч байхад чинь би чамайг олсон шүү дээ” гэж хэлсэн. Циркийн бригад Яармагийн клубт тоглоход нь би арвайсан юм нугарч байж л дээ. Миний нугарч эхэлсэн түүх бол энэ. Тэр үед намайг “Улсын циркт очиж шалгуулаарай” гэхэд нь 1970 оны эхээр очсон юм аа. Тэгсэн Цэндээ багш, Норовоо эгч хоёр “Арай л жижигхэн байна, жаахан том болоод ир” гэсэн. Тэр үед зургаан настай хүүхдэд сургууль эхэлдэггүй байлаа. Тэгэхэд нь 1971 онд очиж байлаа. Тэр хүртэл би сайн дурын уран сайханч нэртэй сургуулийн тоглолт, бүх ард түмний урлагийн их наадамд оролцоно. Хотын захиргаанаас Шагдарсүрэн гэж ах УАЗ-469-тэй давхиж ирээд л, намайг хөдөө, гадаа, бригадын тоглолт гээд авч явдаг байсныг санадаг юм.
-Цалин авдаг байв уу?
-Авахгүй. Тоглолтод орж нугарч яваа нь л надад сайхан. Багшдаа очсоноос хойш 1976 онд анх удаа 13 настайдаа циркийн манежанд мэргэжлийн уран нугараачийн хувиар гарсан юм. Би их азтай. Улсын циркийн шинэ барилга 1971 онд ашиглалтад орсон, будаг нь ханхалсан байр байлаа. Миний багш Улсын циркийн уран сайхны удирдаач, би багшийн өрөөнд цоо шинэ хивсэн дээр нь ганцаараа бэлтгэлээ хийнэ. Өдөрт хоёр цаг бэлтгэл хийхэд бороонд норсон мэт хөлс дусалж байдаг сан. Тэгж л дарайсан даргар арьс шиг байсан намайг багш минь торго шиг болгож өгсөн дөө. Торго шиг болгохын тулд багш надад таван жил зарцуулсан. Ганцхан хүүхдэд өдөр бүхэн хоёр цаг. Багш Монголын уран нугаралтад шинэчлэл хийж, аягатай нугаралтын үзүүлбэрээр намайг анх гаргаж ирсэн. Толгой дээрээ таван аяга тавиад нэг гар дээрээ нугарна. Жаахан тэнцвэр алдвал аяганууд нурж унана. Бэлтгэл хийж байхдаа хэчнээн ч аяга нурааж унагаасан юм. Аягатай нугаралтыг таван жил бэлтгэл хийж, 1976 онд анх гаргасан.
Монголын уран нугаралтын урын санд нэг шинэ үзүүлбэр гаргаж ирэхийн тулд олон шат дамжлага давна. Эхлээд циркийн манежэнд Уран сайхны зөвлөл үзнэ. 7-8 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл үзээд энэ номерийг үзэгчдэд тоглоход бэлэн болсон гэж үзвэл хүлээж авна. Дараа нь Соёлын яамны төлөөлөгчид уран сайхны зөвлөлтэй дахин үзнэ. Улсын циркийн уран санд энэ нугаралтын үзүүлбэрийг оруулж болно гэж баталбал Намын төв хороо, Засгийн газрын Үзэл суртлын хэлтэс үзнэ. Ийм олон шат дамжиж байж сая тайзан дээр тоглох эрхээ авдаг байлаа. Тэгж номероо батлуулаад би дагалдан жүжигчин болж, сард 120 төгрөгийн цалин авдаг болсон.
Монгол гэрт нугарч байсан үе минь маш дурсгалтай, одоо тийм зүйл байхгүй шүү дээ.
-13-тай хүүхдэд бол багагүй цалин байсан биз?
-Тэгэлгүй яах вэ, сайн цалин. Аав, ээж минь мөнгөндөө гол нь биш, урлагийн тавцанд гараад ирсэнд их баярлаж билээ. Манайх есөн хүүхэдтэй өнөр айл. Миний цалин ар гэрийн амьдралд ч том дэмжлэг болсон доо. Аав манаач, ээж минь жирийн нормчин байлаа. Миний цалин хурдан өссөн. 13-тайдаа 120, 15-тайдаа 300, 16-тайдаа 600 болсон. 17-18-тайдаа дээд зэрэглэлийн цалин авдаг байсан. Зэрэглэл нэмэгдэхийн хэрээр цалин өсөөд, аравдугаар ангид байхдаа шилдэг уран бүтээлчид олгодог сарын 1000 төгрөгийн цалин авдаг болсон, тухайн үедээ асар их мөнгө.
-Улс урлагийг үнэлдэг байжээ?
-Тийм шүү.
БИ ХЭЗЭЭ Ч ӨВДЛӨӨ, ЯДАРЛАА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАНГҮЙ
-Та мэргэжлийн нугараачийн карьераа тухайн үедээ цоо шинэ аягатай нугаралтаар эхэлж байжээ. Өнөөг хүртэл Монголын циркийн урлагийн түүхэнд олон шинэчлэлийг хийсэн байх нь?
-Аягатай нугаралтаар гараагаа эхэлснээс хойш тасралтгүй тоглолтод оролцсон. Анх 1978 онд Кубад болсон Дэлхийн оюутан залуучуудын XI наадамд 15 настайдаа оролцсоноор гадаадад хийх тоглолт эхэлсэн. Түүнээс хойш гадаадын тэмцээн уралдаануудад тасралтгүй явсан даа. Монголынхоо аймаг, сум, сангийн аж ахуй, бригад, хот айл, бүр аварга малчны гэрт ширээн дээр хүртэл хэд хэдэн удаа нугарч байсан шүү.
-Монгол гэрт нугарч болно гэж үү?
-Бололгүй яах вэ. Гэрт нугарч байсан үе минь маш дурсгалтай, одоо тийм зүйл байхгүй шүү дээ. “Суманд очиход аварга малчныдаа аваачна” гээд сумын даргын 69-дээ илбэчин Цэнд-Аюуш гуай, алиалагч Цээеэ ах бид гурвыг авч явна. Айлын аяганы ширээн дээр нь нугараад үзүүлчихнэ.
Төрийн бодлогоор ард түмэнд урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил тийм идэвхтэй явагддаг байсан цаг үе. Манай циркийн урлагийн бригадынхан чанартай үзүүлбэрүүдтэй, хариуцлагатай ч байж. 1980-аад оны үед илбэчин Цэнд-Аюуш ах, алиалагч Латиб, Цээеэ гээд том уран бүтээлчид. Аймгийн клуб дүүрэн үзэгчтэй, билет нь олдохгүй. Үзэгчдийн хүсэлтээр өглөө 10-аас эхлээд хоёр цагийн зайтай оройн 20.00 цаг хүртэл өдөрт зургаан удаа тоглодог сон.
-Өдөрт тэгж олон удаа тоглохдоо Та ядарч, төвөгшөөдөг байв уу?
-Гайгүй ээ. Би энэ урлагтаа дуртай. Тэр олон тоглолтууд намайг хурцалж, өнөөдрийг хүртэл тайзан дээрээ байхад тусалсан. Далайн ёроол дахь эрдэнэс шиг үнэ цэнэтэй хүмүүсийн дунд явахад тэр үеийн тоглолтууд намайг боловсруулж өгсөн гэж боддог. Би хэзээ ч өвдөж, ядарлаа гэж хэлж байсангүй. Миний аав, ээж, багш минь маш нямбай, хариуцлагатай хүмүүс байлаа. Тэднийхээ заасныг дагадаг дуулгавартай хүүхэд байсан даа. Залилахыг мэддэггүй, хааяа багш “Дасгалаа тэдэн удаа хийгээрэй” гээд орхиод явчихна. Сургууль хийж байгаа намайг хүмүүс хараад л байдаг гэнэ. “Энэ ямар үнэнч хүүхэд вэ, Цэндээ багш явчихсан шүү дээ. Чи одоо боль оо” гэхэд нь “Үгүй, би энэ номероо тэд хийх ёстой” гээд бүгдийг тоо ёсоор нь хийдэг байсан.
-Циркийн барилга дөнгөж ашиглалтад орсон, уран нугаралтын хөгжил цэцэглэлтийн оргил үед нь Та орж иржээ?
-Яг үнэн. Би 1992 он хүртэл Улсын циркэд харьяалагдаж, нугараачаар ажилласан. Би 1981 онд Б.Норовсамбуу эгчтэй Москвагийн Большой театрт хос нугаралт хийсэн. Миний хос нугаралтын түүх ингэж эхэлсэн. Түүнээс хойш 1985 онд бид хоёр Латин Америкийн Аргентин, Бразиль, Эквадор, Уругвай улсуудад худалдаа арилжааны тоглолтуудаар зургаан сар явсан. 1987 онд миний Цэндээ багш минь нэг санаачилга гаргасан. Багш “За Энхээ, Монголын уран нугаралтын хөгжилд дорвитой юм хиймээр байна. Чамайг дүүтэй чинь хос нугаралтын чансаатай бүтээл гаргамаар байна” гэсэн.
47 ЖИЛ АЖИЛЛАХДАА УРАН НУГАРАЛТЫГ ХАТУУ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ
-Та дүүтэйгээ хамтарсан “Dоu Lodoi” үзүүлбэрээрээ алдаршиж байсан юм билээ?
-Төрсөн дүү Тунгалагтайгаа 1987 оноос хос нугаралтаар хичээллэсэн. Хос нугаралтын номероороо уран нугаралтын төрөлд нэлээд хэдэн хүчтэй үзүүлбэрүүдийг гаргаж ирсэн. Гэхдээ тэр үзүүлбэрийг гаргах нь амар байгаагүй ээ, түүх яривал их сонин. Дүү бид хоёр 1989 онд Хятад, Солонгосын соёлын өдрүүдэд анх удаа оролцсон. 1990 онд Швейцарийн KNIE циркт тоглосон. Багш хос нугаралтын номерийг шинэчилж гаргалаа. Би зумник зууж, дээрээ дүүгээ авах ёстой. Амандаа зуух /зумник/ нь уран нугаралтын хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог.
Хоёр гараа өргөхөд цуурсан хавирга гол зураад л өвддөг, гар дээшээ явахгүй. Гэмтлийн эмчид үзүүлэхэд “Аргагүй шүү дээ, хавирга цуурч яснууд чинь сөрдийчихсөн учир нугарахад яснууд чинь зураад, буцахад мах нь хавчигдаж байна шүү дээ” гэсэн.
Зөвхөн шүдэн дээр тогтож байгаа учир дээрх хүн жаахан урагшилбал урагшаа холбирно, хойшилбол хойшоо унана. Бид хоёр энийг сурах гэж өчнөөн сар сургуулилсан. Би өөрөө энийг хийж чадна, гэхдээ дээрээ хүн авахад хүч, илүү тэвчээр, тэнцвэрийн чадвар хэрэгтэй. Тэнцвэр алдагдсанаас дүүгийн гар гулгаад, урагшаа давхарлаж унахгүйн тулд хойшоо гулгаж, миний хавирган дээр өвдөглөж унасан. Зумник зуусан би тэр чигтээ амьсгаа авч чадахгүй, түгжирчихсэн. Арай гэж ширлэсэн төмрөө амнаасаа салгаад, нугарсан чигээрээ хажуу тийш унасан. Тэнийх гэсэн болдоггүй, хэдэн минутын дараа арай гэж тэнийсэн. Тэнд сургууль хийж байсан хүүхдүүд бүгд тойроод уйлж байж билээ. Гэмтлийн эмнэлэгт үзүүллээ, хоёр хавирга цуурсан учир нугарах нь байтугай амьсгалах, найтаах, ханиахад ч өвдөж байлаа.
-Бэлтгэлээ зогсоохоос өөр аргагүй болжээ?
-14 хоногийн дараа Хятад, Солонгосын Соёлын өдрүүдтэй “Та хоёр явахгүй бол болохгүй, улсын ажил” гэсэн. Шарлага хийлгэвэл удаан эдгэрнэ, уламжлалт арга нь дээр гэсэн учир нэхийгээр ороож, хоёр хоног хэвтээд л бэлтгэлдээ орсон. Үүнээс удаан хэвтвэл номер болохоо байна. Сургууль хийгээд хоёр гараа өргөхөд цуурсан хавирга гол зураад л өвддөг, гар дээшээ явахгүй. Гэмтлийн эмчид үзүүлэхэд “Аргагүй шүү дээ, хавирга цуурч яснууд чинь сөрдийчихсөн учир нугарахад яснууд чинь зураад, буцахад мах нь хавчигдаж байна шүү дээ” гэсэн. Маш их өвдөнө, нулимс бөмбөрөөд л. Үнэхээр л тэсвэр хатуужил шаардсан даа.
-Тэр фестивальдаа Та хоёр оролцсон хэрэг үү. Тэгтлээ өвдсөн атлаа нугаралт бол хатуу урлаг биш гэхэд тань үнэндээ гайхах юм?
-Оролцолгүй яах вэ. Хавирга цуурсан гэмтлийн үед гурван сар хатуу байсаан. Ийм осол гарахаараа л хатуу, хатуужил тэвчээрийг шалгадаг. Өвдөлтийг бол давж гардаг. Дүүтэйгээ 25-39 нас хүртлээ 14 жил тасралтгүй нугарсан. Дүүтэйгээ хамтарсан үзүүлбэрээр Хятадад болсон олон улсын тэмцээнээс анхны мөнгөн медалийг авчирч байлаа.
БИ УРАН НУГАРАЛТЫН ТӨЛӨӨ ТӨРСӨН, БҮХ ЗҮЙЛЭЭ ЭНЭ УРЛАГТ ЗОРИУЛСАН
-“DOU LODOI” хэмээн Европын орнуудад алдаршиж байсныг тань “Циркийн лавлах толь”-оос олж харсан?
-Нулимсаа дуслуулан байж тэр хэцүү үеийг давсны ачаар Монголын уран нугаралтыг дэлхийн тавцанд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах үзүүлбэр гаргасан даа. Тэндээс их зүйлийг сурсан гэж боддог. Энэ үзүүлбэрийг 39 нас хүртлээ хийхдээ дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудад тоглосон. Европын сэтгүүлүүдэд ч бичигдэж байлаа. Манай зуучлагч Theo O.Krath гэж герман хүн байсан, 1992 оноос хамтарч ажилласан. Тэр хүн 1996 онд “Хос нугаралт авъя” гэсэн асар олон гэрээнд гарын үсэг зурж байлаа. Дүү бид хоёр завгүй ажилладаг сан.
Улсын нэр төр гээд л багш бэлдүүлж бэлдүүлж л намайг аваад явсан. Хоёр сартай жирэмсэн би таван сар хүртэл нь Парист нугарсан даа.
Theo “Энхээ, өөр нугаралт санал болгоход DUO LODOI-г л авъя гэж байна. Та хоёр маш хариуцлагатай, алдаа гаргадаггүй. Та хоёрын номер бол уран нугаралтын зах зээл дэх дэлхийн хамгийн хүчтэй үзүүлбэр. Тийм учраас шоу менежерүүд захиалга өгдөг” гэж хэлсэн. Энэ үзүүлбэрийг нугараачид хийж байсан ч хамтарч ажиллахаа болих, гэмтэл авах зэрэг олон шалтгаанаас болж нугарсан хугацаа богино. Хувь хүний сахилга бат, хариуцлагатай ч холбоотой амаргүй үзүүлбэр. Миний дүү Тунгалаг надаас найм дүү, одоо нугарахаа больсон.
-Та бол уран нугаралтын төлөө төрсөн хүн юм байна?
-Тийм ээ, уран нугаралтаар амьсгалж бүх зүйлээ энэ урлагт зориулсан. 1983 онд алт авсны дараа тэр фестивалийг зохион байгуулсан “Алексис Грус” циркээс өөрийнхөө тоглолтод оруулах гурван сарын хугацаатай гэрээ хийсэн. Ингээд 1983 оны арваннэгдүгээр сараас Парист урилгаар тоглохоор багштайгаа явах болов.
-Та хоёр хүүхдээ төрүүлэхдээ их урлагаасаа эрхбиш хэсэг чөлөө авсан байлгүй?
-Том хүүгээ гэдсэнд таван сар болтол нь 1983 оны арваннэгдүгээр сараас эхлээд гурван сар Парист нугарсан. Парис явахаар бэлтгэл хийж байхдаа халуураад, бие нурмайгаад нэг л сонин байсан. Багш ажчихаад нэг өдөр “Би чамайг эмчид үзүүлнэ ээ” гээд Хоёрдугаар эмнэлгийн Очирсүх эмчид очлоо. Үзүүлсэн, хоёр сартай жирэмсэн. Багш “Яана аа, бид хоёр 14 хоногийн дараа явна. Очирсүх ээ, яах вэ?” гэж байна. Эмч “Цэнд-Аюуш гуай, яахыг та өөрөө маш сайн мэдэж байгаа шүү дээ” гэсэн. Багш юу ч хэлэлгүй намайг дагуулаад гарсан. Хоёр орны Засгийн газрын хооронд өндөр дүнтэй гэрээ хийгдсэн, өөр нугаралт байхгүй. Улсад тэр мөнгө нь хэрэгтэй. Улсын нэр төр гээд л багш бэлдүүлж бэлдүүлж л намайг аваад явсан. Хоёр сартай жирэмсэн би таван сар хүртэл нь Парист нугарсан даа.
-Жирэмсэн хүн нугарна гэхээр санаанд багтахгүй юм. Улс тийм хатуу чанга гэж үү?
-Би өдийг хүртэл ажиллахдаа хэвлэлд ярилцлага өгсөн минь ганц хоёрхон, анх удаа л дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Энэ талаар бол анх удаа л ам нээж байна. Яг үнэндээ тоглоход маш хэцүү байсан шүү. Нугарахад дотроос нэг л юм гол харлатал татаад, дээр нь жирэмсний хордлоготой бөөлжинэ. Очоод эхний нэг сар үнэндээ ядарсан. Гурван сар хүрч, хордлого гайгүй боллоо. Жирэмсний эхний гурван сар, цуурсан хавирга эдгэрэх хүртэлх гурван сар хэцүү байсаан. Уран нугаралт хатуу урлаг гэвэл би тэр хоёр дээр л хэлнэ. Жирэмсэн байх тэр үедээ долоо хоногт 14 тоглолттой. Хажуугаар тасралтгүй бэлтгэл хийнэ. Уран нугаралтын нэг онцлог нь бэлтгэл сургуулалт хийх тусам булчин шөрмөс тавигдаж өөрт дасал болдог. Парист тоглохдоо сүүлийн хоёр сар нь жирэмснээ ч мартсан шүү. Өглөө босоод л гэдэс чангалах дасгал хийнэ. Одоогийнх шиг битүү хувцас ч байсангүй. Таван сар болоход тоглолтын хувцасныхаа дэгээг нэг л хуруу сулласан.
-Огт жин нэмээгүй гэсэн үг үү?
-Нэмээгүй, хоол маш бага иддэг байсан.
НУГАРЧ ОЛСОН ОРЛОГООР ПАРИС ХОТ ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ТАВЬДАГ БАЙЛАА
-Парисын тоглолтын орлогоо улсад тушаадаг байв уу?
-Бас нэг сонирхолтой нь энэ. Цалингаа франкаар авна, долларт шилжүүлэхэд тухайн үедээ нэг тоглоход 300 доллар авдаг. Өдөрт гурван тоглолттой гэхээр 900 доллар орж ирдэг.
-Улсад багагүй орлого оруулжээ?
-Тийм ээ, тэсвэр тэвчээрийн ачаар Монголын уран нугаралтын нэрийг дэлхийн тавцанд гаргасан. Долоо хоногт 4200 долларын орлоготой. Багш бид хоёр 14 хоногт нэг удаа очиж цалингаа авна. Авсан цалингаа Элчин сайдын яамандаа тушаана. Францын циркийн тоглолтын дундуур гаднын нэг номер байсан нь багш бид хоёрын үзүүлбэр байв. Багш минь тийм өндөр үнээр үнэлэгдэх бүтээлийг гаргасан хүн.
-Тэр их орлогын хэд нь багш, шавь хоёрын цалин болдог байв?
-Өдрийн 3000 франкнаасаа 35-ыг л багш бид хоёр авах эрхтэй. Багш бид хоёрын орчуулагч хийдэг монгол оюутан “Ямар бага цалин бэ, яаж болох юм бэ?” гэж их гайхдаг сан. “Би улсын тэтгэлгээр сурч байгаа, өдөрт 50 франктай тэнцэх сдепенд авдаг. Ийм их орлого оруулж байхад арай ч дээ” гэж дуу алддаг сан. Дараа нь Элчин сайдын яамнаас бидний өдрийн цалинг 60 франк болгосон. Тэр нь хоолондоо л таардаг. /инээв/ Долоо хоногт 14 мянга, 14 хоногт 28 мянган франк, 15 тоглолттой үед 30 мянга. Сард 60 мянган франкийн орлого оруулдаг байжээ. Тэр орлогоор Парис хот дахь Монголын Элчин сайдын яам ажилчдынхаа цалинг тавиад, үлдсэнийг нь Гадаад явдлын яам руу явуулдаг байсан. Гэхдээ би энд ерөөсөө харамсдаггүй байсан.
Жирэмсний эхний гурван сар, цуурсан хавирга эдгэрэх хүртэлх гурван сар хэцүү байсаан. Уран нугаралт хатуу урлаг гэвэл би тэр хоёр дээр л хэлнэ.
-Тэгж их өвдөж тэсвэр хатуужил гаргаж нугарна, олсноосоо дэндүү багыг авна. Хөдөлмөрийн үнэлэмж тийм бага байхад урам хугарах үе гардаг байв уу?
-Үгүй ээ, уран бүтээлээ хийж яваадаа л баярладаг. Үзэгчид миний үзүүлбэрийг анхаарлаа төвлөрүүлэн хүлээн авч байгаа тэр хүлээлт л надад аз жаргал өгдөг, намайг цэнэглэдэг байсан. Өглөөний тоглолтыг голдуу цэцэрлэгийн хүүхдүүд үздэг. Хүүхдүүдэд ч гэсэн би нэг ч номерийг хасалгүйгээр үзүүлбэрээ бүрэн хийдэг, үзэгч л бол үзэгч. Ингээд гэрээний хугацаа дуусаж, хоёрдугаар сарын сүүлчээр ирж амраад, долоодугаар сарын 6-нд хүүгээ төрүүлсэн юм.
-Хүүхдээ төрүүлээд удаан гэртээ сууж чадаагүй дээ, аягүй бол?
-Миний багш мундаг хүн шүү, төрөнгүүт миний гэдсийг баадагнах урт ороолт аваад эмнэлэгт ирсэн. Долоо хонож байхад багш гэрт ирээд “Хоёулаа одоо сургуулилтаа эхлэхгүй бол болохгүй” гэсэн. 5-6 сар завсарласан би дасгалаа хийсэн чинь амьдралдаа төсөөрөөгүйгээрээ төсөөрч, хатуураагүйгээрээ хатуурчээ. Хүч ч байхгүй, тэгж цаг гаруй сургуулилж ирээд шөнөжин халуурсан. Халуунтай эхийн мөөм идсэн хүүхэд хордлого болоод, хоёулаа Хоёрдугаар эмнэлгийн Сэхээний тасагт хэвтсэн. Эмнэлэг мундаг байжээ, хүүгийн минь амийг аварсан шүү. Хоёр сарын дараа бэлтгэлээ эхлэхээр багшдаа очлоо. Багш их дургүй байна аа, “Арай л удчихлаа. Одоо бол чи нугарахгүй ээ, дэндүү оройтсон. Хэрэггүй” гээд царай өгөх янзгүй. Багшийн хэлснийг толгой дохиж сонсчихоод, багш арай хөөчихөөгүй юм чинь гээд дасгалаа хийж эхэллээ. Багш буруу харж суучихаад, жижиг хүүхдүүдтэй ажиллаад байгаа юм. Мөр, нуруугаа дасгаад бэлдэж эхэлсэн чинь “Хүүе, төрөөд долоо хоногийн дараа бэлдэж байснаас шал өөр, нугарах дөр байна. Бие хөнгөн, хүч орсон, илүү уян байна шүү. Гэхдээ өвдөж л байгаа юм.
Багшаас айсандаа хөлсөө урстал хамаг чадлаараа л хийлээ. Багш ч нүднийхээ булангаар хараад байж л дээ. Тэгснээ “Хүүш, миний муу Энхээ чинь овоо байна шүү дээ, хуучин бууны хугархай гэсэндээ юм байна. Тэгвэл хоёулаа өнөөдрөөс эхлээд ажиллана шүү” гээд л нүд нь сэргээд, намайг хурцлаад эхэлсэн. Би баярлаад л улам сайжирна биз дээ, тэр үед би 21-тэй байсан. “Аравдугаар сарын 9-ний өдөр Циркийн намрын нээлтийн тоглолттой, тэр тоглолтод чиний ганцаараа нугаралтыг оруулна” гээд хоёулаа өдөр бүхэн бэлтгэл хийсээр тоглолтдоо ч орсон. Циркийн урлагийн гурав дахь хатуу нь төрсний дараах үе байсан. Төрсний дараа эргэж гарч ирэх бас хэцүү байсан. Богино хугацаанд эрчимтэй бэлтгэл хийгээд хамаг булчин шөрмөс няцарсан, орон дээрээ эргэхэд хүртэл өвддөг байсан.
-Тэгвэл охиноо төрүүлэхэд тэр их өвдөлт бас л давтагдсан биз дээ?
-Хүүхэд тээх, төрүүлсний дараа өмнөх шиг чанартай уран бүтээл гаргаж ирэхэд ямар хэцүү байсныг би бие махбодиороо мэдэрсэн учир дахин хүүхэд төрүүлж зүрхлээгүй юм. Би хүүхдэд маш их хайртай учир төрсөн ахынхаа бага охиныг өргөж авсан. Охиндоо мэргэжлээ өвлүүлж өгсөн.
ХҮНИЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН НӨӨЦ ХЯЗГААРГҮЙ ЮМ БИЛЭЭ
-Та өвдөлтийг тэвчиж сурсан хүн юм. Тэр их өвдөлтийг тэсэж гарснаараа Та өнөөдөр жаргалтай байна уу?
-Яг тийм. Би аз жаргалтай байна. Өнгөрсөн бүхнээ эргээд бодоход хүний тэсвэр тэвчээрийн нөөц хязгааргүй юм билээ. Хүн бол байгалиас гайхамшигтайгаар бүтээгдсэн бодгаль юм байна. Хүмүүс тэр боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй юм байна. Тэгж их тэсвэр тэвчээрээ шалгуулж байснаар надад алдсан зүйл алга. Энэ нь миний уран бүтээлд төдийгүй, амьдралд тулгарч байгаа хатуу хөтүүг давахад ч тусалдаг.
Зургаан сарын дараа ирээд хүүгээ таниагүй. Миний хүү ч өвөө, эмээ рүүгээ зүтгээд, надад ирдэггүй. Аав, ээж хоёр “Эх, үр хоёрыг ингэж бие биеэ танихаа больтол нь хагацуулаад” гээд уйлж билээ.
-Зовлон гэдэг ойлголт Танд өчүүхэн мэт. Таны хувьд өвчин ч зовлонд тооцогдохгүй юм байна?
-Эдгэршгүй өвчин бол зовлон мөн. Хамгийн хүнд зовлон бол ойр дотнынхоо хүнийг алдах. Үүнээс өөр зүйлийг би зовлон гэж үзэхгүй. Хүний амьдрал мэдээж зовлон тулгарна. Өвчнийг хэн ч хүсэхгүй. Шинэ уран бүтээл босгох явцад тулгарсан бэрхшээлүүдийг хэцүү цаг үе минь гэж хэлнэ. Эцсийнхээ тэсвэр тэвчээрийг гаргаж чадсан үе гэж хэлнэ. Амьдралд тулгарсан хүнд үеүдийг ирээдүйгээ ухаалгаар харж тэсэх ёстой мэт санагддаг. Надад тохиолдсон хамгийн хэцүү үе бол 1998 онд аавыгаа алдсан үе. Бэртэл авсан, жирэмсэн үедээ ажиллаж байсан өвдөлтүүд бол тодорхой цаг хугацаатай. Эдгэрнэ. Ойр дотныхоо хүнийг алдсан сэтгэлийн шархыг юугаар ч нөхөшгүй. Ааваасаа хойш би 2-3 жил гашуудаж явсан. Дахин ийм зүйл тохиолдвол би амьд үлдэх болов уу гэж бодож байлаа. Гэхдээ би тайвшрах зүйлээ олсон. Үхлийн тухай үнэнийг Библиэс олсон. Хүн яагаад үхдэг юм гэсэн үнэнийг олж мэдсэн, тэр үнэн намайг тайвшруулсан. Бэрхшээл тохиолдоход буулт хийж сөхрөхийг хүсдэггүй, гарцыг нь хайдаг.
Тэр тууштай байдал, тэсвэр тэвчээрийн хязгаар. Хос нугаралтын үзүүлбэрт сургуулилж байхдаа хавирга нь цуурч, цуурсан хавирга нугарах тоолонд арьс, махыг нь хатгаж, хавчиж байхад ч нугарсаар. Жирэмсэн үедээ ч нугарч л байсан. Жирэмсний таван сартайгаас хойш хүүгээ хоёр сар хүртэлх долоон сарын завсарлагааны дараа их урлагтаа эргэн ирэх гэсэн зүтгэл, тэр их өвдөлтийн талаар ярихдаа Л.Энхцэцэг нулимс унагаагүй. Харин хамгийн дотнын хүн, хайртай аавыгаа алдсан тухайгаа өгүүлэхдээ нулимсаа барьж дийлээгүй юм.
-Ингээд тайзнаа эргэн гарсан уу?
-Циркийн намрын нээлтээс хойш тоглолтуудад орж байгаад, хүүгээ таван сартайд нь орхиод 45 хоногоор баруун аймгууд руу бригадаар явсан. Хөх чинэрч сүү гоожно, нугарахад шахагддаг учир сүүгээ сааж сааж л гарна. Хөвөн тавьж, дээр нь гялгар уутаар хамгаална. Уран бүтээлч хүний амьдрал ийм л байдаг. Хүүгийнхээ арван сартайд 1985 онд Б.Норовсамбуу эгчтэй Латин Америкийн орнуудаар явсан. Дөнгөж юм түшээд хөл орж эхэлж байсан хүүгээ орхиход хэцүү байсан л даа. Өөр нугаралт байхгүй юм чинь яах билээ.
Зургаан сарын дараа гэртээ ирээд хүүгээ таниагүй. Миний хүү ч өвөө, эмээ рүүгээ зүтгээд, надад ирдэггүй. Аав, ээж хоёр “Эх, үр хоёрыг ингэж бие биеэ танихаа больтол нь хагацуулаад” гээд уйлж билээ. Б.Норовсамбуу эгч бид хоёр ч тоглолтынхоо орлогыг Элчин сайдын яамаараа дамжуулан улсдаа тушааж байсан. 1990 он хүртэлх тоглолтын бүх орлого цөм улсын орлого. Гэхдээ би тэрэнд хэзээ ч харамсдаггүй, нээрээ шүү. Энэ урлагийг миний багш, миний эх орон надад зааж өгсөн, би улсад өгөх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байсан. Уран нугаралтын ачаар орос, англи, германаар ярьж байна. Энэ бол дэлхийн зах зээл дээр Монголын соёл урлагийг сурталчилж явсны том өгөөж шүү дээ.
-Хүүхэд байхаасаа л ажилласан Та ер нь их сургуульд суралцаж амжсан уу?
-Аравдугаар ангиа төгсөөд 1982 онд Орос хэлний дээд сургуульд элссэн. Оюутан болсон ч хичээлдээ сууж чадахгүй тасралтгүй явсан. Байнга л чөлөө авна. Багш нар миний ажлын онцлогийг ойлгоод, даалгавар өгөөд л явуулдаг. Гадаадын жүжигчидтэй харилцсаар байгаад миний ярианы чадвар гайгүй сайжирсан. Дүрэмдээ бол алдаа оноо ихтэй. Орос хэлний дээдийн багш нар Орост сургах хуваарилалтаа хийлээ. Онц сурлагатан Москвад, сайн нь Свердловскт, дунд сурлагатан Иркутскт хуваарилагдана. “Энхцэцэгийн хувьд онц сурлагатны хэмжээнд хүрэхгүй, гэхдээ манай сургуулийн хүндтэй оюутан, Монгол Улсын алдартай уран бүтээлч. Энхцэцэгээс авах сайхан чанар бол даруу хүүхэд. Эх орныхоо төлөө ингэж их зүтгэж, хөдөө орон нутаг, гадаад зах зээлд тасралтгүй тоглолт хийж байгаа хэр нь багш нарын өгсөн даалгаврыг чадлынхаа хэрээр хийгээд, хугацаанд ирээд шалгалтаа өгдөг. Тиймээс бид сургуулиас хасдаггүй.
Бид Энхцэцэгийг маш их хүндэлж, хайрладаг учир онц сурлагатнуудын багт оруулж Москвад хуваарилна” гэсэн. Москвагийн Орос хэлний багшийн дээд сургуульд олон улсын оюутнууд суралцдаг. 5-6 сар болоод байтал Монголын тоглолт гадаадад явах боллоо гээд дуудагдав аа. Шалгалтаа 2-3 сарын өмнө түрүүлж өгсөн. Москвад очоод зөвхөн хичээлдээ анхаарсан учир бүх шалгалтаа чадлынхаа хэрээр бэлдэж, ихэнх шалгалтаа сайн, онц өглөө. Тоглолтоор явж ирээд намар нь дөрөвдүгээр курстээ ороод байтал Санхүүд дуудахаар нь очтол “Орост шалгалтаа сайн өгсөн” гээд дүнгийн урамшууллын шагнал цалин 1250 төгрөг бодогдсон байсан. Санаанд оромгүй их цалин аваад бөөн баяр болж билээ. Удалгүй урт хугацаагаар явах болсон учир багш нартайгаа уулзаад, сургуулиа цэглэхээс аргагүйд хүрсэн. Хэдийгээр дипломоо авч чадаагүй ч би энэ сургуулиас их зүйлийг сурсан, миний дүрмийн мэдлэг сайжирсан. Энэ нь сургуулиас хасахгүй, даалгавар өгөөд явуулаад байсных гэж боддог юм. Сургуулийн декан Алтангэрэл багшаас эхлээд маш сайн багш нар байсан даа.
-Таны нөхөр Монголын циркийн мөнхийн зүтгэлтэн, нэрт акробатчин Ёндонгийн Батболд гэж уран бүтээлч байсныг урлагийнхан андахгүй мэднэ дээ?
-Миний хань Ёндонгийн Батболд 1976 онд Улсын циркд жүжигчин болж 40 гаруй уран бүтээлд оролцон тоглохдоо дэлхийн циркийн дээд амжилтыг гурван удаа тогтоосон. 1978 онд урлаг, спортын баяраар циркийн манежинд газраас анх удаа хоёр эргэлт хийсэн. 1979 онд Г.Доржнамжил ахлагчтай шидэх банзны үзүүлбэрт гурван давхарт хоёр эргэлтийг анх удаа, таван метр өндөр першний үзүүрт хүний мөрөн дээр сальто эргэж, давхар мөрөн дээрээс гурван давхарт сальто эргэж очдог трюк, акробат үсрэлтийн шинэчлэл бүтээл байлаа.
Хүн бүхэн нугарч чадахгүй ээ. Байгалиас заяасан авьяас, уян налархай чанар хүүхдүүдэд байна. Ийм өгөгдөлтэй хүүхдийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд арай дөт байдаг.
1981 онд шидэх банзнаас дөрөв эргэж дэлхийн циркийн урлагийн дээд амжилт тогтоосон юм. 2006 оноос Акробат, уран нугаралтын “Angels” төвөө байгуулан захирлаар ажиллахын зэрэгцээ Монголын циркчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай байлаа. 2011 онд Монголын циркийн 70 жилийн ойгоор “Монгол циркийн нэвтэрхий толь” номыг гардан бүтээсэн нь тухайн жилийнхээ шилдэг номоор шалгарсан. Шилдэг циркчин, цирк судлаач байсан ханиараа, хүүхдүүд минь ааваараа бахархаж явдаг даа. Миний хань зургаан жилийн өмнө бурхан болсон. Амьдралынхаа бүхий л цаг үеийг циркэд өнгөрүүлсэн, олон шавьтай, бас циркийн урлагийн төлөө төрсөн хүн байсан даа.
Бид 1991-1992 онд Европын нэртэй циркүүдийн нэг Швейцарийн КNIE циркэд тэмээтэй акробат, уран нугаралт оролцсон 14 хүний бүрэлдэхүүнтэй багаар тоглолт хийсэн. Тэмээтэй акробатыг Монголын циркийн гол татах хүч гэж хэлдэг шүү. Зургаан тэмээтэй акробат хийдэг, тэмээн дээрээ үсэрнэ, жонглёрдоно. Миний нөхөр энэ номер дээр тоглодог. Бид хүүгээ зургаатайгаас нь хойш авч явдаг болсон.
-Танд нөхөртэйгээ хамтарсан уран бүтээл байдаг уу?
-Хамт нэг хөтөлбөрт оролцож тоглосон тохиолдол маш олон бий. Яг хамтарсан уран бүтээл хийж байгаагүй.
АВАРГА МАЛЧНЫ ГЭРТ ШИРЭЭН ДЭЭР НЬ Ч НУГАРЧ БАЙЛАА
-Тан шиг уйгагүй бэлтгэл хийвэл, дур сонирхолтой бол хүн бүхэн нугарч чадах болов уу?
-Хүн бүхэн нугарч чадахгүй ээ. Байгалиас заяасан авьяас, уян налархай чанар хүүхдүүдэд байна. Ийм өгөгдөлтэй хүүхдийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд арай дөт байдаг. Монголын уран нугаралт дэлхийн брэнд болсон учир хүүхэд, эцэг, эхчүүд их сонирхох болжээ. Жинхэнэ авьяастай хүүхдийг олоход хэцүү. Тийм учраас хүүхдийнхээ сонирхлыг хараад, техникийн аргаар нугаралтын ур чадварыг бид хөгжүүлж эхэлсэн. Дээр үед жаахан хатуу хүүхдийг авдаггүй байсан бол одоо энэ хүүхдийн дур сонирхол, тэсвэр тэвчээр хэр вэ? гэдгийг нэг сарын турш ажиглана. Хүний бие их сонин нууцлалтай байдаг.
Хүүхэд бүрийг хараад энэ хүүхэд нугараач болно, болохгүй гэж хэлэхгүй, би алдаа гаргана. Үнэхээр хатуу, эвсэлгүй нэг хүүхэд ирэхэд нь "Миний охин жаахан тиймхэн байна даа" гэсэн чинь "Багш аа, би нугардаг л хүн болмоор байна" гэхэд нь тэр хүүхдийн урмыг бодоод “За яахав, үзье” гээд хичээллүүлж эхэлсэн. Тийм хоёр хүүхэд дээр амжилт олсон шүү. Хүний ууц нурууны уян налархай чанар гайхамшигтай юм байна. Тэндээс монгол хүний бие организмын нэг онцгой чанар харагддаг. Энэ нь байгальтайгаа холбоотой, дээр нь монгол хүүхдүүдийн тэсвэр тэвчээр. Хүүхдүүд уран нугаралтад дурлатал нь энэ урлаг хөгжиж байгаа.
-Энэ бүхний эцэст уран нугаралт хүнд юу өгдөг вэ?
-Их зүйл өгдөг. Уран нугаралтын онцлог нь чөлөөт сэтгэлгээг сайжруулна, тэсвэр хатуужилтай болгоно. Хүүхдийн биеийг засаж, цэх шулуун өв тэгш болгодог, биеэ зөв авч явах чадварт сургана, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Зургаан настай гамриттай хүүхэд ирсэн. Эхэндээ боодол амны цаас хажуудаа тавиад л бэлтгэл хийдэг байлаа. Хэдхэн сарын дараа тэр хүүхэд эрүүлжсэн. Уран нугаралтыг би өвөрмөц, онцгой, гайхамшигтай сайхан урлаг гэж хэлнэ.
-Уран нугаралтаар хичээллээд хохирсон хүүхдүүд ч байдаг юм билээ?
-Мэргэжлийн бус хүнд очиж, шахалтын дасгалаа буруу хийснээс гэмтэж бэртсэн, наснаас нь хэтэрсэн ачаалал өгснөөс тийм эрсдэлүүд гардаг. Манай ахмад уран нугараач Эрдэнэчимэг эгч миний тоглолтод 60 настайдаа нугарлаа. Үнэхээр эрүүл мэндэд халтай бол Чимгээ эгч, бид нар өвчин зовлон яриад л сууж байх биш үү. Монголын уран нугаралтын холбоо сарын өмнө хуралдлаа. Хурлаараа уран нугаралтын өнөөгийн задгай, замбараагүй байдлыг авч хэлэлцэж, мэргэжлийн бус сургалт явуулж буй газруудыг цэгцлэх, мэргэжлийн байгууллагууд дээрээ төвлөрөх хэрэгтэй гэсэн саналыг Б.Норовсамбуу эгч хэлсэн. Монголд өнөөдөр мэргэжлийн уран нугараач бэлддэг арав хүрэхгүй сургалтын төв бий. Тэнд мэргэжлийн нугараач хүүхдүүд боловсорч байна. Бид Монголын уран нугаралтын бааз суурийг бүрдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэх зорилгоор ажиллаж байна. Бусад нь мөнгө олохын төлөө ажиллаж байгаа нь нууц биш ээ. Зөв газартаа очоогүйгээс хөл, гар, нуруу нугасаа гэмтээсэн хүүхэд зөндөө байна. Ингэж эрүүл мэндээрээ хохирвол харамсалтай.
-Таны амьдрал тэр чигтээ аялал байжээ. Монгол орноо төдийгүй дэлхийг тойрч шүү дээ?
-Анх зургаахан насандаа арвайсан юм сургуульд самбарын өмнөх ширээн дээр нугарч байгаа зураг надад бий. Тэр цаг үеэс хойш дэлхийн 50 гаруй оронд тоглолт хийсэн. Монгол орноо бүтэн тойрсон, зарим аймаг, суманд 3-4 очсон. Малчны гэрт нугарсан минь надад хамгийн дурсгалтай байдаг. Одоо бодоход левчик, бандааштайгаа л нугардаг байжээ. Багаасаа л гэртээ аяганыхаа ширээн дээр дасгалаа хийдэг байсан болохоор сурчихсан. Францын наадмаас алтан медаль авсан, Гавьяат жүжигчин болсон, хүүхэд төрүүлсэн хойно шүү дээ “Таныг гэртээ нугаруулмаар байна гэх юм. Та нугарах уу?” гэхэд нь “Яах вэ дээ, нугараад л өгье” гэлээ.
Цагаан сарын идээгээ аваад ширээн дээрээ нугаруулсан. /инээв/ Айл маань буузаа жигнээд, нүүр лүү халуун гал, буузны уур төөнөх нь хэцүү байсан. Хэдий тийм ч аягатай үзүүлбэрээ бүрэн гүйцэд тоглосон. Хүнд байдаг хамгийн сайхан чанар бол үнэнч байх, хэнийг ялгаварлан үзэхгүй байх. Аав, ээжээс минь надад өвлөгдсөн энэ чанар амжилтад хүрэхэд минь тусалсан гэж боддог юм. Би хүүхдүүддээ, шавь нартаа хүнийг битгий ялгаварла, үнэнч бай, даруу бай гэж өөртөө тулгарсан жишээгээр л хэлж өгдөг. Өөрт байгаа бүх л зүйлээ шавь нартаа заахыг боддог. Миний шавь нар бүгд л сайн явж байна. Анхны шавь Сэрчмаа маань Сан-Францискод сургууль нээгээд ажиллаж байна.
Тийм ээ. Гавьяат жүжигчин Лодойн Энхцэцэгийн олон шавь гаднын орнуудад нугарч, зарим нь өөрийн сургалтыг хичээллүүлэн амжилттай явна. Тэр ч өөрийн гаргасан нум сумтай уран нугаралтын үзүүлбэрээрээ Европын үзэгчдийг гайхашруулж яваа. Дэлхийд алдартай Францын “Phenix” циркт тавьж буй Монголын циркчдийн тоглолтыг Л.Энхцэцэг багшийн долоон шавь нум сумтай уран нугаралтаараа чимж, монгол охидын уян налархай бие, чанга хатуу, хурц дайчин чанарыг харуулж, халуун алга ташилтаар шагнуулсаар.
Тэр бол Монголын уран нугаралтын үндэс суурийг тавьсан БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Тогоончулууны Цэнд-Аюушийн гарын шавь болж, багштайгаа ганцаарчилсан болон хос нугаралтаар дэлхийн олон оронд тоглосон, улсын орлогыг бүрдүүлэлцэж явсан, Монголын циркийн урлагийн түүхийг хүүрнэх цөөн уран бүтээлчдийн нэг, ховор зочин. Зорьсон дурласан ажилдаа бүхнээ зориулж, мохож шантралгүй хөдөлмөрлөж, итгэл дааж, үүрэг хүлээж сурсан түүний урлагийн замнал залууст үлгэр дуурайл, амжилт өөд тэмүүлэх ташуур болоосой гэж хүснэ. Бид ийн ярилцсаны маргааш, тэр шавь нараа дагуулан хүн төрөлхтөний соёл иргэншлийн өлгий Парис хот руу эх орноо сурталчлахаар ниссэн билээ.