Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийг хамгаалж чадах уу гэдэг сэдвээр хүний эрх хамгаалагч Б.Болорсайхантай ярилцсан юм. Энэхүү ярилцлагыг долоодугаар сарын 14-ний өдөр хийсэн болно.
-Сайхан наадаж байна уу? Амралтын өдрөөр цаг гаргаж, бидэнтэй ярилцах болсонд баярлалаа. Энэ үед ч гэсэн тал талын дуу хоолойг сонсох нь чухал тул ийнхүү хандаж байна. Хүний эрх хамгаалдаг төрийн бус байгууллагуудын хувьд одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд иргэний нийгэмд байгаа харилцан адилгүй, олон зуун мянган төрийн бус байгууллагыг төлөөлж дуугарах боломжгүй. Гагцхүү хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажилладаг хувь хүн – хүний эрх хамгаалагчийн хувиар санал бодлоо хуваалцмаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байна. Тэр дундаа Хууль тогтоож, хөгжлийг тодорхойлдог Улсын Их Хурал, тухайн шийдвэрийг гардаж биелүүлэх, бодит үйл болгох Засгийн газар, шударга ёсыг тогтоож, хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийддэг шүүх, мөн нутгийн удирдлагыг улам боловсронгуй болгох санаачилга шингээсэн. Та асуултдаа хүний эрхийг хамгаалдаг этгээд төслийг яаж харж байна вэ хэмээн тодруулсан. Би хувьдаа төрийг үр нөлөөтэй удирдахад тулгарч байгаа саад, бэрхшээлээ арилгахад чиглэсэн, ямар нэгэн далд утга илэрхийлэх, эсвэл үзэл санаа, үзэл баримтлалаас ангид зүйл ороод ирэхгүй бол бидний өнөөгийн хэрэгцээнд зохих хувилбар гэж бодож байна.
-Та өнөөгийн хэрэгцээ гэдгээ тодруулбал...
шударга ёсгүйгээр ардчилсан ёс, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөө бүр хөгжил дэвшил ярихгүй шүү гэдгийг олон нийт шаардаж байна
-Манай Үндэсний статистикийн хорооноос 2017 онд нэг тайлан гарсан. Түүнд Үндсэн хуулиа өөрчлөх талаар анх удаа зөвлөлдөх санал асуулга явуулж, үр дүнг нэгтгэн, олны хүртээл болгосон байдаг. Санал асуулга 6 бүлэг бүхий 80 асуултын хүрээнд монголчууд юу хүсэж байгааг тодруулж лавлахад бараг 90 орчим хувь нь шүүх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хараат бус байдлыг хангах ёстой гэсэн байна. Мөн 2017 оны зун зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр 330 гаруй мянган иргэдийн зүгээс шударга, хараат бус шүүх нийгэмд маш чухал болохыг онцолсон байна. Товчоор шударга ёсгүйгээр ардчилсан ёс, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөө бүр хөгжил дэвшил ярихгүй шүү гэдгийг олон нийт ухаж, шаардаж байна гэж хэлж болно.
-Цөөнгүй жилийн өмнө Шүүхийн багц хуулийг баталж, таны хэлж байгаачлан шударга, хараат бус шүүхээ улам бэхжүүлэх талаар төрөөс анхаарсан санагдана. Үр дүнгүй байсан уу?
-Хууль тогтоомжийг боловсруулах, баталсны дараа хэрэгжүүлэхэд алдаа, хийдэл гардаг. Үүнийг ‘The devil is in the detail’ гэж хэлц үгээр илэрхийлдэг. Махчилбал ‘Жижиг, нарийн, анзаарамгүй зүйлсийн цаана ад зэтгэр бий’ гэх байх. Энгийн нүдээр хөнгөхөн гүйлгэж харахад хэвийн мэт харагдавч бодитоор ажил хэрэг болгоход асар их цаг, хүч шаардах үйлийг илэрхийлдэг. Манайхаар “нэг таслал, үгийн цаана нүгэлт үйл нуухгүй шүү” гэсэн утгаар буулгаж болох юм. Ялангуяа хүнээс хамааралгүйгээр албан тушаалтныг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилохоор зарчмын хувьд тусгасан ч хэрхэн хийхийг алхамчилж журамлаагүй, явцуу тайлбарлах боломж олгох нь аюултай. Шүүгчийн ёс зүйн асуудал хариуцсан зөвлөл ажилладаг. Гэхдээ анх байгуулахдаа, ямарваа нэгэн маргааныг шийдэхдээ шударга ёсыг хамгаалж шийдэх дүрэм, журам, хэм хэмжээг нь сайтар боловсруулаагүй учир дутагдал бий. Сайн үр дүн бол гарсан. Олон сайн үр дүн нийлж, үр дагавар болно. Эерэг үр дагавар олноор гарвал олон нийтэд, тэдний амьдралд үр өгөөжтэй. Гагцхүү олон сайн үр дүнгийн хажуугаар мэр сэр саар үр дүн гарсныг иргэд одоо олж харчихаад, шаардаж байна гэсэн үг.
Эерэг үр дагавар олноор гарвал олон нийтэд, тэдний амьдралд үр өгөөжтэй.
-Бусад гурван хэсэгт юуг хөндөж байгаа вэ? Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
-Миний хувьд нутгийн удирдлагын талаар мэргэшээгүй тул зарчмын талаас хэдэн зүйл хэлье. Хот гэдэг ойлголтыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үүднээс илүү амьд, эко тогтолцоо гэж ханддаг болсон. Зөвхөн цементэн барилга, төмөр хашаа, сараалж, машин нь л давхих замуудын нийлбэр биш. Хот, тосгон “амьд” юм бол түүний “эд эс” болсон оршин суугч иргэдийн өмнө хариуцлага хүлээж, үүрэг биелүүлэх этгээд тодорхой байх ёстой. Албан тушаалын давхцал, нутаг дэвсгэрийн нэгжийг заагийг салгахад тустай гэж бодож байна. Эрх мэдэл төвлөрч байгааг оновчтой задлах замаар эрх барьсан намд бус, оршин сууж байгаа иргэдэд үйлчилдэг, тэдэн рүү чиглэсэн үйлчилгээг сайжруулахын төлөө зүтгэдэг нутгийн удирдлагатай болох хөрс бүрдэнэ. Үүний зэрэгцээ мөнгөтэй, эрх мэдэлтэй, явцуу ашиг сонирхолтой этгээд үйлчлэхээс давхар сайтар сэргийлэх ёстой.
-Тэгвэл Улсын Их Хурал, Засгийн газрын тухайд...
-Би төрийн үүрэгтэй холбож санаагаа хэлье. Аливаа төр нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хүлээдэг. Үүгээрээ юу илэрхийлж байна вэ гэвэл төр гэсэн бодитой, энэ ширээ шиг хатуу зүйл байхгүй ч төрийн байгууллага, түүний бүрэлдэхүүнд байгаа эрх мэдэлтэн, албан тушаалтан, алба хаагчдын үйл ажиллагаагаар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалж, хангаж байгааг харна гэсэн үг. Төрийн алба хаагч олон чиг үүрэг хүлээвэл сэтгэл нь сайхан байж болох ч нөөц, боломжийн талаас үнэхээр алд бие хүрэхгүй, ажил явахгүй, цалгардана, хийдэл гарна. Иймээс нэг этгээд өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох нь зүйн хэрэг. Үүгээрээ “Хүний эрхийг төр өөрөө санаачилж зөрчихгүй, зөрчих нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэдгээр хүний эрхийг хүндэтгэж байна” гэсэн үг. Ажил цалгардаж, хийдэл гарсан бол хүний эрхийг хүндэтгэхгүй байна, хүний эрх зөрчих үндэс, нөхцөл бүрдүүллээ гэж харна.
Хүний эрхийг төр өөрөө санаачилж зөрчихгүй, зөрчих нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэдгээр хүний эрхийг хүндэтгэж байна
Хүний эрхийг хангана гэж санхүүгийн, техникийн, хүний нөөцөө зүй зохистой хувааж, ажил үүргийг хуваарилах замаар богино хугацаанд маш олон эерэг үр дүнг нийгэмд сайн үр өгөөж өгөхийн тулд ажиллах, зүтгэхийг хэлнэ. Хүний эрхийг хамгаалах бол парламент, засгийн газраар тогтохгүй, тэр дундаа шүүх эн тэргүүнд үлгэрлэж, жишиг тогтоон ажиллах ёстой байдаг. Нэг үгээр Улсын Их Хурал, Засгийн газар хүний эрхийг хүндэтгэж, хангаж байгааг хянадаг, зантайгаад байвал жаазанд нь барьдаг, суудалд нь тавьдаг, “ухамсрын шанаа” байтугай хариуцлага тооцдог, Үндсэн хуулийн үнэт зүйл, зарчим дагадаг, ард түмэнд үйлчилдэг этгээд, байгууламж бол шүүх тогтолцоо. Үүнд нь манай Цэц ч орно. Иймээс хувь хүнийхээ түвшинд шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах өөрчлөлт бол Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн гол сүнс гэмээр байна.
-Яагаад та ийнхүү дүгнэж, бүр “гол сүнс” гэж хэлэхэд хүрэв?
-Хүний эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах, гэмт этгээдийг тогтоох, түүнд хариуцлага тооцох бүрэн эрх, чиг үүрэг нь шүүхэд л зөвхөн байдаг. Өмнөх түүхэнд омгийн ахлагч, хаан, дангаар ноёрхох нам нь хэн буруу үйл хийсэн, буруутайг тогтоож байсан уламжлал, туршлага бий. Гэхдээ түүхэнд. Өнгөрснөөс сургамж авч бид нэг хүнээс хамаарахгүй, субьектив хандахгүй шударга ёсыг тогтоохдоо ном дүрэм журмын дагуу шалгаж шийдсэн байхыг л илүүд үздэг болсон. Гэтэл бодох бодол, хэлэх үг, эшлэх заалтаа бусдаар заалгавал утсан хүүхэлдэй, оосортой бичнээс ялгарахгүй. Томилгооны сонсгол яагаад хийх ёстой вэ гэвэл үүнтэй холбоотой. Маш чухал, хариуцлагатай, шүүх тогтолцооны нэг хэсэг болохоор нэр дэвшиж буй тэр хүн ямар зам мөртэй хүн бэ, хэнээс юунаас хамааралтай байсан, байгааг сонсож, мэдэх нь эхний алхам. Зүй ёсны алхмын нэг. Нөгөө талаас хараат бус, шударга шүүхгүй байх нь цөөн тооны хүнд ашигтай байж магад. Гэхдээ бидэнд, иргэдэд, олон нийтэд ямар ч хэрэггүй, тусгүй, бүр хумсын чинээ үр өгөөжгүй.
Шударга хүн очиж байгааг нээлттэй, алхамчилж зааварласан, хэзээ хэрхэн шалгах, нэр дэвшүүлэх, томилох нь хүнээс хамааралгүй, сайтар нягтлан хуулиар баталгаажуулсан байх ёстой
Та төсөөлөөд үз дээ. Та аж ахуй эрхэлдэг. Нэг албан тушаалтан таны эрхийг хүндэтгэхгүй буюу хуульд заасан ажлаа хийхгүй, жишээлбэл аж ахуй эрхлэх гэрчилгээг хоёр долоо хоногт гаргахгүйгээр сар алга болоход та гомдол гаргана. Удирдах дээд албан тушаалтанд нь гомдлоо бичив. Таг чимээгүй. Таны асуудал байсаар байна. Энэ үед таныг хамгаалах этгээд бол хараат бус, бие даасан байгууллага байх ёстой. Та салаа замын уулзварт ирнэ. “Угаасаа шүүх миний талд шийдэхгүй, хараат бус юм чинь авлига өгье дөө” хэмээн ухрах, эсвэл “Хэлээ хүрэх газар хэлж, хөлөө хүрэх газар явна” гэж итгэлтэй алхах уу? Шүүх шударга ёсыг сахин хамгаалж байгааг тэнд шударга хүн ажиллаж байгаагаар хэмжинэ. Шударга хүн очиж байгааг нээлттэй, алхамчилж зааварласан, хэзээ хэрхэн шалгах, нэр дэвшүүлэх, томилох нь хүнээс хамааралгүй, сайтар нягтлан хуулиар баталгаажуулсан байх ёстой. Үүнгүйгээр бид хөгжих ч үгүй, хүний эрх, ардчилал, парламентат ёс гэж ярих ч үгүй. Аливаа улсын хөгжлийн зам тэр бүр адилгүй ч нийтлэг шинж байдаг. Хууль дээдлэх ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдаг. Энэ гурвыг сахин хамгаалж, нийгэмд бодит үйл болгодог, хийхгүй бол шаарддаг, шахдаг, тулгадаг нийгмийн байгууламж нь шүүх эрх мэдэл. Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээ хянасан шиг хянах ёстой. Тиймээс л би дахин дахин манай улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дотор хараат бус, хариуцлагатай шүүх чухал шүү гэж хэлээд байна. Мөн иргэн бүр энэ үед шүүхээ хэрхэн улам шударга, хараат бус, бие даасан болгож, бэхжүүлэх вэ гэдгийг шүүлтүүр байдлаар хараасай гэж хүсэж байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.