Банк, санхүүгийн салбартаа хэдийнэ танигдсан ч олон нийтэд төдийлэн танил болоогүй ажил хэрэгч эмэгтэй, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Загдхүүгийн Нарантуяаг “GoGo cafe” булангийн зочноор урилаа.
Тэр бол Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургуулиас Эрхүүгийн их сургуульд элсэн төгсч, Монголбанкинд эрх зүйчээр ажиллаж эхэлснээс хойш тасралтгүй сурч, өөрийгөө хөгжүүлсээр санхүүгийн салбарт мэргэшсэн хуульч гэж хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчин. Мэргэжилдээ эзэн болж нэр төртэй ажиллахын мөн чанарыг харуулсан хичээнгүй, дайчин эмэгтэйг уншигч тантай уулзуулъя.
-Та хуульч хүн атал яаж яваад эдийн засагч мэргэжил рүү хэлбийчихэв ээ?
-Төвбанкинд ажиллаж эхэлснээр энэ салбар руу татагдсан хэрэг. Тухайн үед Эрхүүгийн Их сургуулийн хуулийн факультетийг гайгүй сайн төгссөн цөөхөн оюутны нэгд тооцогддог, асспирантурт сурах зорилготой байсан. Эрхүүгийн их сургуулийг захиргааны хуульч мэргэжлээр төгсч ирээд, Төр эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орохоор болов.
Гэтэл ”Авмаар байдаг, төсөв алга. Он гарч, төсөв батлагдахаар ирээрэй” гэлээ. Хэдэн сар хүлээсэн ч бүтэх шинжгүй. Тэгж явтал Төвбанкинд хуульч авна гэсэн зар гарсныг нэг найзаасаа сонсоод анкетаа өгчихлөө. Хэд хоногийн дараа “Ирж уулз” гэхээр нь очтол Хяналт шалгалтын газарт хуульчаар авлаа гэсэн. Төвбанкны Ерөнхийлөгч нь Н.Золжаргалын ах Жаргалсайхан ерөнхийлөгч байсан. Би банкны талаар юу ч мэдэхгүй.
Төвбанк, арилжааны банкаа ч ялгахгүй амьтан 1992 оны хоёрдугаар сард ороод ямар дүрэм журамтай газар вэ? гэдгийг судлахаас ажлаа эхэлсэн. Банкны тухай ганц хуультай, Төвбанкны нэг дүрэмтэй, бусад зохицуулалт нь Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэр, Улсын банкны ерөнхий хорооны тушаалаар хийгддэг газар байв.
Долоо хоног Засгийн газрын кодификацийнхантай сууж, Сайд нарын зөвлөлөөс гаргасан Улсын банкны Ерөнхий хороотой холбоотой бүх дүрэм журмыг шүүж, өөртөө гарын авлага болгож бичиж авсан маань сүүлдээ бүр манай ажлынхны лавлагаа болсон.
Системийн хувьд тогтолцоо нь өөрчлөгдөж шинэ шинэ хууль, дүрэм, журам хийх ажил ундарч өгсөн дөө. Хяналт шалгалтын газарт ажиллаж байсан учраас нягтлан бодох, дансны төлөвлөгөө, заавар гээд танихгүй ойлголт их байсан учраас эдийн засаг, санхүүг судалж суралцаж эхэлсэн.
-Тухайн үед арилжааны цөөхөн банктай байсан биз?
-Төвбанк, арилжааны банк гэсэн хоёр системт тогтолцоо руу дөнгөж шилжиж байсан үе. Улсын банкны гадаад тооцооны газар Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө оруулалтын газар Хөрөнгө оруулалт шинэчлэлийн (ХОТШ) банк болж салаад байв. Инфляци 300 гаруй хувьтай байсан, картын барааны үе шүү дээ.
Гэхдээ Төвбанк Австрийн Засгийн газрын зээлээр байраа засчихсан шил толь шиг л гоё газар байлаа. Хүмүүс нь гадаадад их сурдаг, хэл ус сайтай, ер нь боловсон хүчин сайтай байсан. Энэ салбарт мэргэшиж, тэдэн шиг салбараа мэддэг болохсон гэсэн хүсэл эрмэлзлэлийг өдөөхөд хамт ажиллаж байсан хүмүүсийн нөлөө их байсан гэж боддог юм.
Шинэ тогтолцоо руу дөнгөж шилжиж байсан болохоор тэр үед олон улсын байгууллагууд монголчуудыг зах зээлийн шинэ зарчимд суралцахад туслах, зөвлөхүүдээ ирүүлэх, ялангуяа мөнгөний бодлогын арга хэрэгслийг нэвтрүүлэх, банкны салбарын хууль тогтоомжийг сайжруулж, хяналт шалгалтын зөв тогтолцоог бүрдүүлэхэд их анхаарч байсан. Бүгд л ажлаа хийх явцдаа суралцаж байлаа.
Монголд дуусаагүй маш олон барилга, хөдлөх хөрөнгө, техник хэрэгслүүдээ мөнгө хөрөнгө дутсанаас болоод гүйцээж, ашиглаж чадахгүй үхмэл хөрөнгө болгоод хараад сууж байна. Энэ мэт хөрөнгийн үнэ цэнийг унахаас хамгаалж, хөдөлгөөнд оруулж, дахин хөрөнгөжүүлэх, сэргээх, дуусгах, бусдад худалдах, үнэт цаас болгож, эх үүсвэр олж, дуусгах ажлыг нь хийж өгдөг олон арга бий.
-Тэгэхээр та бусад мэргэжил нэгт хуульчдаасаа давуу нь эдийн засагч-хуульч болчихож?
-Миний үндсэн мэргэжил хуульч ч гэсэн ажилласан салбар маань банк, санхүүгийн орчин байсан учир энэ салбартаа мэргэшсэн хуульч болсон. Эдийн засагч-хуульч байхын давуу тал нь бизнесийн бодит орчин нөхцлийг сайн ойлгодог болчихдог учраас хийж байгаа гэрээ хэлцэл, боловсруулж буй хууль, дүрэм журмын үг, өгүүлбэр бүрийн цаад утга, агуулгын үр дагаврыг амархан олж хардаг.
Аливаа асуудлаар хуулиудад өөрчлөлт оруулах нөхцөл бий боллоо гэхэд ямар хуульд юу гэсэн найруулгатай хэсэг, зүйл, заалт нэмэх хэрэгтэй, томьёолол нь ямар байх хэрэгтэйг гадарлана аа. Олон хууль боловсруулахад оролцож, текстийг нь бичсэн.
Энэ нийгэмд бүтээсэн зүйл чинь юу вэ гэвэл өнөөдрийн байдлаар гар бие оролцож бичилцсэн 10 гаруй хуулиа хэлнэ. Ихэнх нь банк, санхүүгийн салбарын хуулиуд. Сайн хуулийн төсөл бичихийн тулд их юм судлах хэрэгтэй болдог. Тэр хэрээр асуудлаа сайн ойлгоход хялбар болдог.
-Сүүлийн үед ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?
-Санхүүгийн үйлчилгээний тухай хууль, Санхүүгийн чөлөөт бүсийн тухай хууль, Санхүүгийн захын зохистой хяналт зохицуулалтын тухай хуулиудын төслийг боловсруулж байна. Эдгээр хуулиудтай холбоотой өөрчлөх зайлшгүй шаардлагатай Компанийн, Татварын, Иргэний, Банкны, Төвбанкны гэх мэт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэд хэдэн дагалдах хууль бий.
Санхүүгийн зах дээр маш олон шинэ бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Тухайлбал, байгууллага бүр л тодорхой хэмжээний авлагатай байдаг. Тэрийгээ авах гээд жил сараар ажлаа алдаад, хуульч хөлсөлж зардал гаргаад явна. Гэтэл энэ авлагыг нь мэргэжлийн арга барилтай, мэргэшсэн хүмүүс хийгээд өгдөг факторингийн үйлчилгээ байдаг.
Энэ хүмүүс тодорхой хувиар хямдруулаад худалдан авах ч юм уу, эсвэл дараа суутгаж авахаар тохиролцон, санхүүжүүлж бизнесийг нь дэмжиж өгөх зэрэг олон хэлбэрээр үйлчилдэг. Үүнийг нарийвчлан ойлгомжтой зохицуулах, ийм үйлчилгээг дэмжсэн хууль хэрэгтэй байгаа юм. Тодорхой зохицуулалтгүйгээс энэ үйлчилгээ манайд төдийлэн сайн хөгжихгүй байна.
КАРЬЕР ХӨӨХ НЬ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙГИЙНХ БИШ ЮМ
Мөн дуусаагүй маш олон барилга, хөдлөх хөрөнгө, техник хэрэгслүүдээ мөнгө хөрөнгө дутсанаас болоод гүйцээж, ашиглаж чадахгүй үхмэл түгжмэл хөрөнгө болгоод хараад сууж байна. Эдгээр хөрөнгийн үнэ цэнийг унахаас хамгаалж, хөдөлгөөнд оруулж, дахин хөрөнгөжүүлэх, сэргээх, дуусгах, бусдад худалдах, үнэт цаас болгож, эх үүсвэр олж, дуусгах зэргийг нь хийгээд өгдөг олон арга бий.
Үүгээр мэргэшиж, маш ашигтай бизнес болгох эдийн засгийн нөхцөл нь бүрдчихээд байхад эдгээр активуудыг хэн, хэрхэн яаж удирдах хамгаалалт, зохицуулалт нь дутуу байна. Энэ талаар олон хуульд холилдсон заалтууд байгаагаас хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа юм.
Сайн түүхтэй бизнес эрхэлж байсан компаниуд түр зуурын хямралаас болоод хүнд байдалд ороход өнгөрсөн хугацааных нь бүтээсэн бүх хөдөлмөр, брэнд нь алга болох жишээтэй.
Компаниуд өөрийн орон зайг хадгалахын тул нэгдэх, нөгөө нь нэгдүүлж авах гэх мэт бизнесийн үйл явцуудыг мэргэжлийн түвшинд аль алиных нь эрх ашигт тохируулж хийж өгдөг хөрөнгө оруулалтын банкуудын ажил үйлчилгээ үнэхээр их хэрэгцээтэй.
Түүхий эдэд суурилсан эх үүсвэр, санхүүгийн хэрэгслүүд санхүүгийн зах дээр арилжаалагдах сайн бүтээгдэхүүн болж болохоор байна. Энэ мэт бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд эдийн засаг дахь олон төрлийн активуудыг эргэлтэд оруулах гол механизм нь учраас дээрх хуулиудыг гаргачихвал санхүүгийн зах зээлийн хөгжилд том дэвшил авчирна.
-Та яагаад Төвбанкнаас гарч арилжааны банкинд ажиллах болов?
-2004-2005 онд Америкт Колумбын их сургуульд Олон улсын эдийн засгийн бодлогын удирдлага сэдвээр мастерийн зэрэг хамгаалж ирээд, 2006 оноос арилжааны банкны салбарт ажиллаж үзье гээд гарсан. Гурван ч банкнаас ажлын санал ирсэн. Тэр үед хөдөө орон нутагт хамгийн олон салбартай нь “Монгол Шуудан” банк байсан учир сонгосон.
Тэнд жинхэнэ банкны хүн болсон доо. Шуудан банкинд дөрвөн жил ажиллах үед хөдөө орон нутагт маш олон салбар нэгж байгуулж, санхүүгийн үйлчилгээг сумын түвшинд өрсөлдөөнд оруулсан. Хүү бууруулах, үйлчилгээний шуурхай байдлаараа иргэдэд хурдан хугацаанд таалагдаж, итгэлийг нь хүлээсэн банк болж байлаа.
-Та ямар бодол зорилготойгоор улс төр сонирхож эхэлсэн хэрэг вэ?
-Төв банкинд байхаас би хуулийн төсөл боловсруулж, олон жил УИХ-ын гишүүд, Тамгын газрынхантай хамтарч ажилласан. УИХ-ын гишүүн бол хуулийн төсөл боловсруулдаг, бодлогын баримт бичиг гаргадаг л ажил. Миний хийж чаддаг, дадлагажсан ажил бодлогын баримт бичиг боловсруулах.
Дэлхий даяараа хүйсийн ялгаа харгалзахгүйгээр эмэгтэйчүүд нийгэмдээ хувь нэмрээ оруулж, утга учиртай амьдарч, бүр манлайлж байхад монгол эмэгтэйчүүд юугаараа дутна гэж.
Олон түмэн итгээд сонгодог бол энэ л миний хийх ажил юм байна гэж боддог байсан. Ур чадвар шаардсан нарийн мэргэжлийг эзэмшээд төрийн мэргэшсэн ажилтан хийгээд л байж болно. Гэхдээ хүн улс орныхоо хөгжилд тус болох бодлогын шийдвэр гаргах процесст оролцох юмсан, үзсэн сурснаа тэр салбарын хөгжилд зориулах юмсан гэж бодож байгаа бол улс төрийн амьдралд орж байж л биелүүлэх боломж бүрдэнэ.
Итгэл үнэмшил чинь хатуу бол зориглох хэрэгтэй. Карьер хөөх нь албан тушаалд дуртайгийнх ч бас биш юм, туйлын зорилгодоо хүрэх л арга. Тэр утгаараа улс төр сонирхох болсон. Бас миний оюутан байхдаа сонирхож судалдаг байсан спецкурс маань төр, эрхийн онол, төрийн захиргааны эрх байсан нь нөлөөлсөн болов уу.
Сүүлд бас эдийн засгийн бодлогын асуудлаар магистр хамгаалахдаа бодлого боловсруулдаг техник, аргачлалын талаар чамгүй мэдлэг хуримтлуулсан. Судалгаа шинжилгээ, өгөгдөл нь шийдлээ гаргана шүү дээ.
-Төрийн бодлого боловсруулагч, улстөрчид их ухаантай, улс орондоо хайртай хүмүүс шиг ярьцгаадаг. Өнөөдөр үнэндээ төрийн бодлого зөв байна уу гэвэл эргэлзээтэй шүү дээ?
-Эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй, тэгж ингэж хөгжүүлнэ гээд хүн бүр л ярьж, хувилбарууд санал болгож чаддаг. Гэтэл бодлого болгож буулгахдаа өөрөөр тусгачихсан байдаг. Улс төрчдийг бүгдийг муу хүнээр төсөөлж, элдвээр хэлэх цаг болж. Уулын мод урттай богинотой байдаг шиг сайн, муу хүн хаана ч байна.
Хэвлэлийнхний харах өнцөг, хэлж ярьж байгаагаар нь өнгөц дүгнэхээсээ өмнө хэлсэн, хийсэн нь нийгэмд ямар тусыг хүргэв гэдгээр нь энэ хэдэн гишүүдээ дүгнэж бичдэг бол бас ч бүтээсэн гавьяатай нь цөөнгүй байна аа. Ёс зүйтэй, хариуцлагатай, туйлбартай улстөрчид олноор гарч ирвэл энэ яриа үгүй болох биз дээ.
-Эмэгтэй улс төрчдийн талаарх таны бодол. Өнөөдөр таны харьяалагдаж байсан АН-ын эмэгтэйчүүдийн чуулган болж байна. Та Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр нэр дэвшиж байснаа яагаад больчихов?
-Хуулиар би нэр дэвших хориотой. Нөгөө талаас энэ том намын гишүүдийн 50 гаруй хувийн төлөөллийг тэргүүлэх хүн нийгэмдээ танигдсан, ард түмнээс ядаж нэг удаа сонгогдож итгэлийг авч чадсан хүн байх нь зохимжтой гэж бодож байгаа.
Эмэгтэйчүүд улс төрд илүүц, гэртээ суувал барав гэдэг хандлагатай үзэл бодол нийлдэггүй. Хүн тухайн цаг үе, нийгэмдээ л нийцэж амьдарна. Дэлхий даяараа хүйсийн ялгаа харгалзахгүйгээр эмэгтэйчүүд нийгэмдээ хувь нэмрээ оруулж, утга учиртай амьдарч, бүр манлайлж байхад монгол эмэгтэйчүүд бид юугаараа дутна гэж.
Хийсэн бүтээснээрээ л үнэлэгдэнэ. Улстөр мэдээж өрсөлдөөний талбар. Ёс зүйтэй, цэвэр л өрсөлдөх хэрэгтэй. Бие биеэ хараар будаад байвал бүгдээрээ муухай харагдаж, үнэлэмж нь унана. Нийгэмд үнэлэмжээ унагаах ажлыг улстөрчид өөрсдөө л хийсэн.
-Та яагаад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөв. Нэгэнт нэр хүндээ алдсан УИХ-д суухыг Та яагаад хүсээд байгаа юм бэ. Төрийн албаа хашаад, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзсэн нь дээргүй юү?
-Өнөөдөр хүн бүхэн хүссэнээрээ амьдарч болж байна. Бүх зүйлийг төр засаг бэлдэж өгөх ёстой, сонгогдсон 76 гишүүн бүхнийг хийх ёстой супер хүмүүс гэж ойлгочихоод болох, болохгүй бүх зүйлийнхээ үр дагаврыг энэ хүмүүстэй холбож ойлгоод байгаа нь буруу.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч 76-гаас өөр бичих сэдэвгүй юм шиг бүх анхаарлыг тэдэн дээр тавьж бичээд байна шүү дээ. Түүнээс энэ 76-тай, 76-гүй амьдрал явж байна. Энэ салбарт мэргэшсэн, энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө өөрийн гэсэн хувилбартай, шийдлийн тодорхой гарцуудтай хүний хувьд шийдлээ бодлого болгож, гарцаа ажил болгохын тулд шийдвэр гаргах түвшинд нь очмоор байна.
Салбартаа мэргэшсэн, ажлаа гартаа оруулсан ямар ч хүнд ийм амбийц гарна. Тэгээд салбартаа үнэнч ажиллаад байна гэвэл цаг хугацааны эрхээр дараагийн сайд, дарга гарна. Тэр үед чи тэнд ахлах мэргэжилтнээрээ л ажиллаад үлдэнэ. Тэгэхээр өөрийнхөө хувь нэмрийг нийгмийн хөгжилд оруулъя гэвэл шийдвэр гаргах түвшинд ажиллах л хэрэгтэй болно. Тийм л амбийцаар улс төрийг сонгосон.
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж арилжааны банкууд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлүүдээ зогсоолоо. Энэ тухайд та өөрийн байр суурийг илэрхийлж байсан. “УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар зээлийн тухай ярьж байхад Нарантуяа энд юу хийж байгаа юм бэ?” гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуай шүүмжилж байгаа харагдсан. Энэ салбар Таны ажилтай яаж холбогдож байна вэ? -(Инээв) Яригдаад байгаа ипотекийн бүх зээл чинь одоо хоёрдогч зах зээлийн бүтээгдэхүүн бонд болчихсон.
Боломж үргэлж байдаг. Хүмүүст боломж байгааг ойлгуулах нь их чухал.
Тэр бондын эргэн төлөлтийн найдвартай байдлыг хангаж байгаа баталгаа нь нөгөө ипотек (барьцаа гэсэн үг) нь болчихсон байгааг Нямдорж гуай ойлгоогүй, мэдэхгүй байх шиг байна. Санхүүгийн зохицуулах хороо бонд гаргахыг нь зөвшөөрөхдөө эргэн төлөлт нь хэр найдвартай байгааг тооцоолж, шийдвэрээ гаргадаг хуультай.
Ипотек анхны зээл олгогчоосоо хамааралгүйгээр хөдөлдөг, шилждэг болчихоор зээл нь төлөгдөх найдвар муутай болж байна гээд банкныхан санаа зовж байгаа шиг л бондын төлбөр найдваргүй болох вий гэдгээс сэргийлэх гэж л тэнд сууж байсан хэрэг.
Аливаа улсад санхүүгийн хямрал ихэвчлэн хөрөнгийн захынхаа савалгаанаас эхэлсэн байдаг. Зах нь үнэт цаасныхаа үнэ ханшийн тогтворгүй байдлаас болж савалгаанд орно. Өнөөдрийн тухайд манай хөрөнгийн зах хүчтэй нөлөөлөлгүй учраас хүмүүст ач холбогдолгүй санагдах байх. Гэхдээ үндсэн зарчмын зохицуулалтыг нь эвдэж болохгүй.
ЗЭЭЛИЙГ БОЛОМЖ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
-Монголчууд өр зээл тавихаас айдаг. Зээлтэй байх нь тийм муу зүйл гэж үү. Ер зээлээс айдаг сэтгэлгээ зөв үү?
-Зээлийг үр ашигтай зарцуулах чадварт суралцвал зээл бол бизнес эрхэлдэг хүмүүс бизнесээ томруулах, жижиг аж ахуй хөтөлдөг хүмүүс аж ахуйнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх боломж. Зээлийн үйлчилгээг боломж гэдэг талаас нь хараад, энэ боломжийг зөв ашиглаж чадвал хүн бүхэнд хэрэгцээтэй. Үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулсан тохиолдолд энэ бол айх зүйл биш.
-Төрийн өмчит компаниуд хувьцаагаа бирж дээр гаргаж байна. Хэр амжилттай арилжигдаж байна вэ?
-Ашигтай төслүүдэд үндэслэж бонд гаргадаг, бондоор дамжуулан эргэлтийн хөрөнгө олдог болох хэрэгтэй байна. Энэ онд Эрчим бонд гарлаа. Барилгын компани эргэлтийн хөрөнгөө босгохын тулд анх удаа даатгагдсан бонд гаргасан нь маш амжилттай арилжаалагдсан.
Монголын цахилгаан холбоо компани төрийн мэдлийн 34 хувиа амжилттай зарчихлаа. Энэ бол сайн эхлэл. 2016-2017 онд долоон компани бас хувьцаагаа гаргана. Хөрөнгийн зах зээл дээр бүтээгдэхүүн гаргаад байвал хөрөнгө оруулагчид байна гэдгийг эндээс харж болно.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 10 гаруй IPO хийж байсан бол ирэх хоёр жилд л 5-6 IPO хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Хүмүүст биржийн арилжаа, санхүүгийн үйлчилгээний утга агуулгыг ойлгуулж сургах, өөртөө үр ашиг болгож хэрэглэж сурах санхүүгийн боловсрол хэрэгтэй байгаа. Ялангуяа орон нутагт ажиллах сайн ажиллагаатай үнэт цаасны компаниудыг дэмжвэл энэ ажлыг компанийн ажилтнууд л хийчихнэ.
-Улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг та эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засаг ойлгодог хуульчийн нүдээр гэвэл дээр болов уу (инээв). Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл хүнд байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийг тогтвортой байлгах суурь чухал бодлогуудыг энэ удаагийн УИХ баталж чадсан.
Энэ нь ирээдүйд огцом хямралд ороод байхгүйн баталгаа болох байх. Сүүлийн гурван жилд төсвийн зарлагад зарчмын шинэчлэл хийлээ. Төсвийг хэмжээ хязгааргүй хөөрөгдөж төлөвлөн хууль гаргадаг байсан бол одоо орлогоо зөв тооцож, орлого, зарлага хоёроо тэнцвэртэй баталдаг хуулийн зарчимд шилжсэн.
Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл хүнд байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийг тогтвортой байлгах суурь чухал бодлогуудыг энэ удаагийн УИХ баталж чадсан. Энэ нь ирээдүйд огцом хямралд ороод байхгүйн баталгаа болох байх.
Үр ашиггүй, бодлогогүй маш олон хөрөнгө оруулалтыг царцааж, урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тулгуурлаж жил жилийнхээ нэн чухал хэрэгцээтэй, харилцан уялдаатай, үр дүнгээ өгөх төсөлд л хөрөнгө оруулалт хийж байх шинэ хуулийн орчин бүрдүүллээ. Гол нь хуулиа баримталж л чадвал дараагийн хямралд бага өртөж, сэргийлж чадна.
-Иргэд хамтарч хөрөнгө босгоод үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ажилд Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргасан. Яагаад тэр вэ?
-Энэ бол хөрөнгө босгох нэг төрлийн үйл ажиллагаа мөн. Үүнийг улс бүр янз бүрээр зохицуулдаг. Хууль тогтоомжийн хүрээнд нь яривал өнөөдөр Монгол Улсад хөрөнгө босгох үйл ажиллагааг зөвхөн Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хийхээр хуульчилсан. Crowd funding-аар дамжуулж, хөрөнгө босгох эрхзүйн орчин бүрдээгүй байна.
Ер нь үүнийг бүрдүүлэх үү, үгүй юү. Бүрдүүлбэл ямар хэлбэртэй байх вэ? гэдэг нь судалгааны шатандаа яваа. Эрсдэлээ бодвол мэргэжлийн хүмүүсээс итгэлийг нь олж, хөрөнгийг авч, өгөөжтэй активт байршуулж байж ашиг хүртэнэ. Тэгэхгүй хэн дуртай хүн би хөрөнгө босгож байна, надад мөнгөө өгөөрэй гэвэл санхүүгийн сахилга батгүй үйлдэл болох учир болгоомжлох хэрэгтэй.
Хэн нэгэн хүн би хэвлэх үйлдвэрийг авлаа. Та нар надтай хамтраад хөрөнгө босгоод хувьчлалд оролцъё гэвэл иргэд сонирхож болно. Тэр хүн хэвлэх үйлдвэрээ авч чадахгүй бол яах вэ, авлаа гэхэд зөв менежмент хийж ашигтай ажиллуулж чадахгүй байвал яах вэ, иргэд мөнгөө алдчихвал хэнээс олж авах юм. Үүнийг зохицуулсан хууль тогтоомж манайд хараахан алга.
Төрийн гаргаад өгсөн хууль нь юу вэ гэвэл хөрөнгө оруулалтын сангуудад мөнгөө байршуулах, тэр сангууд нь 12 төрлийн үнэт цаасанд таны хөрөнгийг байршуулж, өгөөж гарвал өг гэсэн хуулийг гаргасан. Мөн итгэлцлийн үйлчилгээгээр мэргэшсэн санхүүгийн байгууллагуудад хөрөнгөө өгөөд өсгүүлж болно гэж зааж өгсөн. Эсвэл банкуудад хадгалуулаад хадгаламжийн хүүгээр өсгөж болно гэсэн гурван хувилбарыг хуулиар зохицуулсан.
-Манай улс уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай. Эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байна. Эхний удаад аль салбарыг дэмжих нь зүйтэй вэ?
-Улс орнууд ерөнхийдөө урт хугацааны хөгжлийн бодлогоо яаж тодорхойлж байгаагаас харахад үндсэн 7-8 салбартаа анхаарсан байна. Эдийн засаг, бизнесийн орчноо чөлөөт өрсөлдөөний нөхцлөөр хангаад, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, санхүүгийн салбар зэрэг мөнгө олох салбарууддаа эхэлж хүрэх зорилт, тоон үзүүлэлтээ тавих нь зөв.
Манай улсын хувьд зам харилцаа, цахилгаан эрчим хүч, барилга байгууламж зэрэг дэд бүтцийн салбарууд нь суурь салбар гэж би хардаг. Суурь салбаруудынхаа хөгжлийг дэмжих гол зорилтын хүрээнд хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй. Хязгаарлагдмал эх үүсвэрээ үр ашигтай зарцуулах гэсэн санаа.
Энэ салбаруудынхаа үр дүн, олсон мөнгөний хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бусад салбаруудаа дэмжиж, хүний нөөцөө хөгжүүлэх нь чухал. Хүний нөөц нь эргээд хөгжлийн гол хөшүүрэг болж, үндсэн салбарууд,үйлчилгээ зэрэг дагалдах бусад салбараа чирээд явдаг цикл байна. Иймэрхүү алсын хараа, vision дутагдаад байгаа нь ажиглагддаг.
1072 ХУВЬЦААГАА ЗАРЖ, ҮРЭХ ХЭРЭГГҮЙ
-Тэгвэл боломжийн тухайд?
-Боломж үргэлж байдаг. Хүмүүст боломж байгааг ойлгуулах нь их чухал. Хувьцаатай мөртлөө зарж арилжиж, эргэлтэд оруулдаггүй, тэр ч бүү хэл хувьцааных нь үнэ ханш нэмэгдэж бүхэл бүтэн нэг их наяд төгрөгийн баялаг бий болгосон байгааг мэдэхгүй л яваад байсан тохиолдол гарсан.
Монгол хүн бүр идэвхтэй хөдөлгөөнд ордог хувьцааны данстай байх нөхцлийг бүрдүүлэх нь л бидний дараагийн зорилго. Ер нь манай монголчууд залхуу гэхээсээ илүү тухайн зүйлийг мэдэж, таньж ойлгоогүйгээс, нөгөө талаас юманд хайнга, хариуцлагагүй ханддагаасаа болж ядуу зүдүү байдалд ордог.
Жишээлбэл, даатгалын ажил үйлчилгээний ач тусыг ойлгохгүй, эсвэл хэдхэн төгрөгийн хураамжийг нь төлөхийг хүсдэггүйгээс зуд болоход бүх малаа алдчихлаа гээд байдаг. Гэтэл эрсдэлээс хамгаалж бүх малаа даатгуулсан бол нөхөн төлбөрөө авна. Цөөхөн малтай айлын хувьд хураамжийн төлбөр хэцүү байж болох юм. Гэхдээ энэ нь олон зуу, бүр мянган малтай айлд ч байдаг үзэгдэл.
Чухал биш зүйлийг битгий зээлээр аваад, зээлээс зээлийн хооронд амьдар. Тэвчиж болох зардлаа тэвч. Зээлийг яг хэрэгтэй, өгөөжөө өгөх зүйлд л ав, хэрэггүй хүү төлж байхын оронд хуримтлал үүсгэх хэрэгтэй.
Би хоёр аймагт очиж “Санхүүгийн ажил үйлчилгээ буюу таны амьдралаа дээшлүүлэх боломж” нэртэй хэлэлцүүлэг хийсэн. Тайлбарлаж өгөхөд хүмүүс маш сайн ойлгож байна. Хэрэггүй зүйлд битгий зээл аваад, зээлээс зээлийн хооронд амьдар. Тэвчиж болох зардлаа тэвч.
Зээлийг яг хэрэгтэй, өгөөжөө өгөх зүйлд л ав, хэрэггүй хүү төлж байхын оронд хуримтлал үүсгэх хэрэгтэй гэх мэт олон сэдвээр ярьсан. Энэ бол санхүүгийн ажил үйлчилгээг зөв ойлгуулж, хэрэглэж сургах боловсрол олгох их том ажлын эхлэл юм.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны үнэ цэнийг иргэд төдийлэн ойлгохгүй байгаа. Иргэн бүрт өгсөн энэ хувьцааг яах вэ?
-Төрөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүллээ. Тодорхой хугацааны дараа энэ компанийн ашиг орлого нэмэгдэж, уурхайгаа ашиглаад ирэхэд хувьцааных нь үнэ ханш нэмэгдэнэ. Төр бодлогоороо иргэн болгондоо хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан.
Өнөөдрийн хувьд компани ажиллаж эхлээгүй, та бидний хувьцаа үнэ цэнэд хүрээгүй байна. Тэглээ гээд энэ хувьцаагаа зарж үрэх хэрэггүй. Дансаа нээлгээд, өөрийнхөө нэр дээр хувьцаагаа бүртгүүлээд байж байхыг зөвлөдөг. Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн бүрийн нэр дээр хувьцааг нь бүртгүүлсэн.
Хоёрдогч арилжаанд оролцохын тулд үнэт цаасны компанид дансаа нээлгэх хэрэгтэй. Тэр дансыг нээхийн тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг учир иргэд төдийлэн нээлгэхгүй байх шиг. Хоёрдогч харилцаа эхлэх үед энэ байдал арилна. Одоогоор 2.4 сая иргэний нэр дээр хувьцаа нь бүртгэлтэй байгаа. Хувьцаанаасаа татгалзаж нэг сая төгрөгөө сургалтын төлбөртөө тооцуулсан, эсвэл бэлнээр авсан иргэд бий.
ӨНӨӨДРӨӨРӨӨ Л АМЬДРАХ САЙХАН
-Та хүсэл мөрөөдөлдөө хүрсэн үү. Аз жаргал гэдэг таны хувьд ямар ойлголт вэ?
-Хүн өнөөдрөөрөө л амьдрах хэрэгтэй гэж би боддог. Өнөөдрийнхөө амьдрал, гэр бүлийн орчиндоо сэтгэл хангалуун байвал түүнээс илүү аз жаргал гэж хаана байхав. Би өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог.
Үр хүүхдүүд минь өсөж том болоод, ажил мэргэжил эзэмшиж байна. Гэр бүл минь элэг бүтэн орой бүхэн хамт сууж хоолоо идээд, өдөрт болсон зүйлээ хамтдаа хуваалцаад, нэгэндээ тохиолдсон бүхнийг хамтаараа үүрэлцээд явж байна. Энэ нь л аз жаргал. Ийм сайхан тайван амгалан оронд төрсөн нь бидний аз. Монгол шиг амгалан тайван орон дэлхийд ховор байх.
-Та хуульч мэргэжлийг сонгоогүй бол ямар хүн болох байсан бол?
-Урлагийн хүн, эсвэл сэтгүүлч болох байсан. Урлаг, спорт хөөсөн, янз бүрийн медаль цуглуулсан нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа.
Дунд сургуульд байхдаа ёочин, шанз зэрэг ардын хөгжмүүдийг тоглодог, сонсгол сайтай байсан. Эрхүүд оюутны таван жил хөгжмийн зохиолч Цэцэрлэг эгч бид хоёр нэг нь аккордиан, нэг нь шанз, ёочин бариад оюутны урлаг, уран сайхны ажилд их оролцдог байлаа.
Хэрэв хуульч болоогүй бол яг үнэндээ муугүй хөгжмийн зохиолч болох байсан ч юм билүү гэж бодогддог шүү (инээв). Завханы урлагийн гавьяатууд Жамъян, Цэвээнравдан, Батсүх зэрэг томчуудтай арван жилийн хүүхэд байхдаа аймгийн театрт болдог тоглолтуудад хамт оролцож, ноот заалгах завшаан тохиосон.
Том оркестрийн гол ёочин дээр суугаад Уран хас бүжгэн жүжгийн хөгжим, Жюль Вердийн хөгжмүүдээс есдүгээр ангийн жаахан хүүхэд сонсголоороо л тоглочихдог байлаа. Бодвол гайгүй сонсголтой байсан шиг байгаа юм.
-Одоо хөгжим тоглодог уу?
-Хааяа гитар тоглож дуулдаг. Манайд ёочин, шанз алга, хийл, төгөлдөр хуур хүүхдүүддээ авч өгсөн, бага зэрэг оролдоно оо. Хоолой нэг их хүчтэй биш ч эвлэгхэн.
-Та салбартаа хэдийнэ танигдсан хэр нь олон нийтэд танил болоогүй хүн юм. Ийм удаан нууцлагдмал явсны нууц нь юундаа байна?
-Хүн хийсэн юмтай байж бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Юмны түрүүнд би тэгсэн ингэсэн гэж яриад байх сонирхолтой биш. Ер нь ажлын үр дүн нь ардаа харагдаж байдаг учир үнэлэх хүмүүс нь тухайн цаг үедээ үнэлээд л явна биз дээ. Тиймээс хэвлэл мэдээллээр дахин дахин гараад байдаггүй. Улс төр сонирхож байж пи-ар муутай гэж шүүмжлүүлдэг. Тэр шүүмжлэлийг би хүлээн зөвшөөрнө өө.
-Та өмгөөлөгч мэргэжлээрээ ажиллаж байв уу?
-Хувийн салбарт ажиллаж эхлэхдээ шалгалт өгсөн, өмгөөллийнхөө эрхийг сэргээсэн. Энэ үеэс эхлээд бизнесийн салбарынхан бизнес, санхүү, төлбөр тооцоо, валюттай холбоотой хэрэг маргаануудад өмгөөлөгчөөр ажиллаач гэхэд нь зөвлөгөө өгөөд л явж байсан. Би Монголынхоо компанийн эсрэг нэг ч хэрэг маргааныг өмгөөлж байгаагүй.
Эргэж харахад дандаа гадаадын хөрөнгө оруулагчдаас үндэснийхээ компаниудыг хамгаалсан хэрэг маргаанд илүү их орж байсан юм билээ. Жишээлбэл, Номарангийн хэрэг гэж Солонгосын хөрөнгө оруулагч Монголд ирээд олон компанид мөнгөө өгчихсөн, энэ мөнгөний хариу төлбөрийг зөвхөн “Монгол Шуудан” банкнаас гаргуулахаар нэхэмжилсэн. Тэр мөнгийг “Монгол Шуудан” банк гарга гэсэн Арбитрын шийдвэр гарчихсан.
Тэрийг гаргавал үндэсний хэмжээний том банк дампуурах эрсдэлд хүрэхээр байсан. Энэ хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд 1.6 жил ажилласан. Ямар ч байсан Монголынхоо хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалж гарч чадсан. Энэ мэт гадаад, төлбөр тооцоо, гэрээ контрактаас үүссэн олон хэрэг дээр мэргэжлийн өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлж байсан.
-Монголчууд гаднынхантай бизнесийн харилцаанд орохдоо юун дээр алддаг вэ?
-Дараачийн үр дагавар нь ямар байхыг судалж, ойлгохгүйгээр гэрээ хийчихдэг. Зээл, мөнгө авах нь чухал ч хожмын үр дагавар нь авснаасаа хэд дахин их хохирол амсахаар байхад ямар ч ойлголтгүйгээр гэрээ байгуулчихсан хэд хэдэн тохиолдлыг мэднэ.
Ямар нэг ажлыг хийхэд мэдлэг боловсрол дутахаас илүү сэтгэл зүтгэл дутдаг. Хүн бүхнийг мэддэг байх албагүй. Тэрийг мэдэх, хийхийн төлөө зүтгэл, сэтгэл байвал ямар ч ажлыг хийчихдэг.
-Энэ том хэрэг, маргаануудад Та хуульчаас гадна эдийн засагч мэргэжил, мэдлэгээ ашиглаж амжилттай ажиллажээ?
-Тийм ээ. Манайд санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар мэргэшсэн хуульч цөөхөн. Жишээлбэл, Манай иргэний хуульд аккредитивын төлбөр тооцоотой холбоотой ганцхан заалт байдаг. Одоо бүх гадаад төлбөр тооцоо аккредитиваар эсвэл векселээр явж байна. Гэтэл дотоодын хуульд зохицуулалт байхгүй.
Дандаа олон улсын аккредитивын дүрэм журам, аккредитив 500, 600, Векселийн олон улсын конвенци гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгслээр төлбөр тооцоо хийгдэж байна. Олон улсад хийгддэг төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ, баталгаа, батлан даалттай холбоотой зохицуулалтуудыг манай хуульчид тэр бүр сайн мэдэхгүй байна.
Гэтэл энэ зохицуулалтаар бүх ажил үйлчилгээгээ явуулдаг ахисан түвшний мэдлэгтэй хүмүүс бидэнтэй бизнес хийх гээд, маргаанаа манайхнаар шийдүүлэх гэж байна шүү дээ. Зохицуулалтын онцлогийг мэдэхгүйгээсээ болж буруу шийдвэр гаргаж, дотоодынхоо компаниудыг хохироож байсан жишээнүүд байна.
Олон улсын дүрэм журам, конвенцийн талаар мэдлэг мэдээлэлтэй, тэрийг хэрэглэж чаддаг дадлагатай болсон байхыг зах зээл нь шаардаж байна л даа. Хурдан мэргэшвэл өөрийн хөрөнгө оруулагчдаа хамгаална. Гаднын хөрөнгө оруулагчдыг ч хохироохгүй зөв шийдэл гаргана.
-Та олон жил удирдах ажил хийжээ. Хүн ажиллуулдаг зарчим тань юу вэ. Нэлээд хатуу шаардлагатай хүн шиг санагдлаа?
-Ерөнхийдөө хатуу талдаа. Өөртөө ч хатуу шаардлага тавьдаг. Ямар нэг ажлыг хийхэд мэдлэг боловсрол дутахаас илүү сэтгэл зүтгэл дутдаг. Хүн бүхнийг мэддэг байх албагүй. Тэрийг мэдэх, хийхийн төлөө зүтгэл, сэтгэл байвал ямар ч ажлыг хийчихдэг. Өндөр боловсролтой, олон гадаад хэлтэй хүн байлаа гээд ямар ч сэтгэл зүтгэл гаргахгүй бол тэр хүний хэрэг огт байхгүй.
Энэ байгууллагад ирээд тэр зарчмаараа ажилласан. Манайх санхүүгийн зах зээл дээр маш том зохицуулагч, нэр хүндтэй байгууллага байх ёстой. Бусад улсад Санхүүгийн зохицуулах байгууллага Төвбанк шиг нэр хүндтэй зохицуулагч гэдгээр хүлээн зөвшөөрөгддөг.
Гэтэл манайд бол энэ байгууллагын нэр хүнд хэдэн хоршоодыг зохицуулдаг байгууллага болтлоо унасан байна. Зохицуулалтад нь байдаг байгууллагууд ч, төрийн бусад байгууллагууд нь ч нэг их тоож сонсдоггүй байсан. Боловсон хүчин, санхүүгийн чадавх талдаа нэлээд анхаарах шаардлагатай. Тиймээс хуулиа зоригтой өөрчлөхөөр ажиллаж байна.
-Таны гоёл юу вэ?
-Жижигхэн биетэй болохоор жижиг л чимэг зүүлт зүүдэг.(инээв) Биедээ тохируулаад дэгжин хувцаслахыг хичээнэ. Нэг их үнэтэй цайтай, брэнд энэ тэр гээд хөөцөлдөөд байдаггүй.
-Та охиддоо өөрийнхөө ямар талыг өвлөөсэй гэж хүсдэг вэ?
-Гэр бүлсэг чанар. Гэр бүлийн дулаан уур амьсгал хамгийн чухал.
-Гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг вэ?
-Байнга гоо сайхны салонаар үйлчлүүлээд байх цаг завын боломж муу. Гэхдээ боломжийн хэрээр гоо сайхандаа анхааралгүй яахав. Сайн унтаж амрахыг боддог. Хагас сайн өдөр болж л өгвөл амарна. Гадуур ажил төлөвлөхийг хүсдэггүй. Амралтын хоёр өдрийг гэр бүлдээ, өөртөө зориулмаар байдаг.
-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.
Гэрэл зургийн эх сурвалж: МPA.mn