Би хоёр нутагтан болчихсон мэт л байдаг. Улаан-Уулд ирэхээр Хөвсгөл далайг, Хатгалд очихдоо Хорьдол Сарьдгаа санадаг юм.
Жалын Төмөрсүх
“Тэр эгэл хүн лав биш” гэх үгийг сонсоод нээрээ л яг ямархан хувь заяаг онож төрсөн юм бол гэх дэвэрсэн бодол дотроос түрнэ. Тэр эгэл биш нэгэнтэй таван хором ярилцах завшаан надад тохиосон юм. Ихийг өгүүлэх жижиг хар нүд алсыг ширтэн, шазруун байрын уруулынх нь цаанаас тэгш цагаан шүд яралзан “Дархадын цэнхэр хязгаар гэж агуу нутаг бий” гэж хэлэх үест хоолой нь үл мэдэх чичирхийлж байлаа. Тийм ээ, энэ бол үнэн биширсэн, тэр нутгийн төлөө бүхнээ зориулсан хүний итгэл дүүрэн хариулт байсан юм. Хөвсгөлийн ноён сүмбэр уулс шигээ дүнхийсэн тэр эрийн дотор тийм гэх аргагүй зангирсан их эрчим, бахдал, гуниг, санаашрал буй нь амаргүй атлаа зүрх жаргаам уулзалтад намайг соронз шиг л татсан.
*****************
Танхим дүүрэн хүн суудлаасаа өндийж нэгэн зэрэг зогсолтгүй алга нижигнүүлнэ. Харь улсын тэр олон хүний зарим нь уйлж, зарим нь алмайж, үзсэн зүйлдээ итгэж чадахгүй байгаа нь илэрхий. Үзвэр дууссаны дараа үзэгчид киноны гол дүрийн баатрыг бүчиж робот биш биз гэж гарыг нь ээлж дараалан атган, зураг хөрөг даруулж сүйд болжээ. Энгийн хүн лав ингэж чадахгүй энэ яг ямар хүн бэ гэх асуулт ар араасаа хөвөрнө.
Баавгайн гурван бамбаруушийг эргэхээр балар тайгад хань бараагүй ганцаар явах хижээл насны эр хориод метрийн өндрөөс хөл алдан, дүүгүүрийн чулуу шиг доош шидэгджээ. Золоор ургаа чулуунд тулж тогтоход хөл нь бүтэн эргэчихсэн дотор зарайм бэлцийн улайж байсан аж. Алхах нь бүү хэл өндийж чадамгүй байхдаа тэрээр суугаа зүтгүүлсээр отог дээрээ арайхийн хүрчээ. Хөөж хавдсан хөл нь яс янгинатал өвдөхөд модоор чиг барьж боон, суга таяг тулан хээрийн амьтдын тоо бүртгэж, ажих камерыг суурилуулж, зэрлэг амьтны мөр сонжин ажилласаар байсан аж. Түүний сэтгэл, тэсвэр тив тивийн байгаль хамгаалагчид, цугласан олны зүрх рүү хүрхрээ адил цутгасан нь энэ. Хамид Сардар найруулагчийн “Баавгайн хөндий” баримтат кино Францын кино наадамд эхний үзвэрээ толилуулснаар Жалын Төмөрсүхийн амьдралын хагас зууны түүх Монголын төдийгүй дэлхийн нийтийг дуу алдуулсан юм.
Би олон орны байгаль хамгаалагчтай уулзаж байлаа. Гэхдээ Ж.Төмөрсүх шиг хүнтэй хэзээ ч таараагүй. Гаднаа хатуу чанга мэт харагдах ч дотроо дэндүү зөөлөн хүн. Хээрийн зэрлэг амьтны араас өөрийгөө үл хайрлан зүтгэх зориг, тэдний төлөө уярч асгарах нулимсыг нь хараад би сэтгэлээ барьж чадаагүй. Хөл нь тэгтэл хавдсан байтал буцъя гэж нэг ч үг унагалгүй ажилласаар байхыг хараад баатар хүн л ийм байдаг биз гэж бодож байлаа. Монголын хамгийн хэцүү ажлыг байгаль хамгаалагчид л хийдэг шиг санагдсан. Тэдний торгон мэдрэмж, эх дэлхийтэйгээ холбогдсон онцгой шүтэлцээг би бишрээд буцсан гэж Францын ARTE телевизийн найруулагч Хамид Сардар толгой сэгсрэн хэлж байлаа.
Чухам энэ эрхэм бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын улсын тусгай хамгаалалттай газрын дарга Жалын Төмөрсүх. Анчин, адуучин, нэгдлийн гавшгай ажилтан, агент Жалын арван нэгэн хүүхдийн найм дахь нь. Ж.Төмөрсүх долоон настайгаасаа тайгын хавцлаар алзахгүй жирийлгэж, Гунын голын мөсийг хар цоохор болтол тэшүүрдэн, цана чаргаар гулгадаг байжээ.
Тэр хүүхэд ахуй наснаасаа амьтанд их хайртай. Уул хадаар явахдаа амьтны мөр сонжин, шувууны бяцхан дэгдээхийг дээлийн хормойгоор хучин авчирч гэрийнхээ модон саравчид нуун тэжээнэ. Хэрийн зүйлээс дөлж бэргэхээ мэдэхгүй тэр хүүгийн сүнсээ зайлтал айдаг юм нь тариур. Гэхдээ тэр их шартай. Сургуулийн бүх хүүхэд арьс өнгөний үзлэгт ордог байсан үе.
Наймдугаар ангийн том жаал ээлжээ хүлээн дугаарлана. Тэр үед нэг удаагийн тариур ч байсангүй хэд дамжуулж хайлтал буцалгасаар мохоо болсон зүүгээр арьс зумлатал тарина. Эгнээ урагшилж Ж.Төмөрсүхийн урдах охин тариулах үедээ айхтар чарлажээ. Үүнийг харсан тэр сүнсээ зайлтал айж ухарсаар ухарсаар гарч зугтан, ууланд хоёр хоног бүгсэн түүхтэй. Оргодол хоч авсан энэ хүү ангийнхаа хими физикийн “гавал”, урлаг спортын гойд авьяастай нэгэн байв.
***************
Амьдралын нарийнхан жимийг тод зам болгон дурайлгах хувь бүгдэд бий. Тэр аравдугаар ангиа төгссөн жилээ МУИС-ийн химийн ангийн хуваарь авч, ижийнхээ өгсөн 10 төгрөгийг халааслан нийслэлийг зорьжээ.
Тэр цаг 1982 он. Их сургуулийн эхний улиралд лабораторийн хичээлд өмсөх цагаан халаадаа худалдаж авах мөнгөгүй учир хичээлээсээ хөөгдөөд гарна. Харин улирлын шалгалтад ангийн 30 сурагчаас хоёр сурагч л онц авчээ. Тэр хоёр сурагчийн нэг нь Хөвсгөлөөс ирсэн Ж.Төмөрсүх. Аливааг амархан тогтоодог, учир зангилааг нь ухаж ойлгох ажигч гярхай тэр хичээлээ хаалганы завсраар сонсож, дотуур байрандаа давтчихдаг байж. Улирлын шалгалтаас хойш Ж.Төмөрсүх ангидаа ч, сургуульдаа ч, хүлээн зөвшөөрөгдсөн шаггүй сайн оюутан болсон аж.
Багадаа мөс мөлийтөл тэшүүрдэж явсан хүү их сургуулийн тэшүүрийн шигшээ багийн тамирчин болов. Өвөл нь шигшээ багаараа “Идэр” ресторанд данстай, зун нь хөнгөн атлетикийн тамирчидтай бэлтгэлд гарна. Хагас бүтэн сайн бүр спортын сонины нэрэмжит тэмцээн болоход тэрээр эхний тавд баталгаатай багтана.
Улсын шигшээ багийн гурван тамирчны араас Ж.Төмөрсүхийн нэр нэхэж л явдаг байж. Тэмцээн алгасалгүй байр эзэлдэг учир дор хаяж 40 төгрөг, дээд тал нь 100 төгрөг халаасалчихна. Түүгээрээ хоол хүнсээ аваад үлдвэл ном худалдаж авдаг. Хээрийн дадлага, хөдөлмөрийн ажил бол Ж.Төмөрсүхийн ноёлдог орон зай. Хөдөөний ажилд гавшгай учир ангиа цаашлаад сургуульдаа тэргүүлнэ.
МУИС-ийн дотуур байранд байхдаа тэр Наранцэцэг гэх Архангайн даруухан бор охинтой танилцжээ. Ар гэрээсээ хол оюутнууд нутаг усны сонин сайхныг хуучилж, тогоо хоолоо хуваан иднэ. Тэдний дунд Наранцэцэгийн хийсэн хоол гойд амттай. Ийн оюутны эгэл бор өдрүүдэд тэд яриа нийлэн, өрөөгөөрөө орж гаран удалгүй дотносжээ. Сэтгэл л нийлсэн бол итгээд хамт зүтгэдэг дэндүү үнэнч, нандин үеийн оюутнууд.
Хамтдаа номын санд сууж хичээлээ давтана, Ж.Төмөрсүх бэлтгэлээ тараад ирэхэд байгаа хүнсээрээ хөлс урсам амттай хоол хийчхээд Наранцэцэг угтана. Ингэж л Архангайгаас ирсэн охин гэнэ сэрэггүй сэтгэлээ тайгын залууд зориулснаар хэсмэл эрийн гэр гийгүүлэгч болох заяаг түшсэн аж. Их сургуулиа төгссөн залуу хосын нэг нь Сүхбаатарын томилолт авч, нөгөө нь Улаанбаатарт НАХ яаманд ажиллах болов.
Гэхдээ тэр яагаад байгаль хамгаалагч болчхов?
Дөнгөж төгссөн оюутан ажлын эхний өдрөө хүлээн, Дунд голын захад байх хамаатны айлдаа амарч байжээ. Дулааны улирал хотын дуу чимээ, бүгчим нэхүүн агаарт давчдан хэвтэхдээ сэрүү татсан хязгаар нутаг, сүрлэг өндөр уулс, ижийнхээ чанадаг тос хаялсан сүлэрсэн цайг бодно. Ийн байтал морь янцгаах чимээ хажууханд сонстож шалавлан гарсанд эрдэнийн цагаан хүлэг толгой шилгээн над руу хараа чиглүүлэн тургисан юм гэж Ж.Төмөрсүх цэвэр баяр хөөрөөр инээмсэглэн ярьж байлаа.
Дотроос нэг юм огшиж эх орон, элгэн нутаг минь намайг дуудах шиг л санагдсан. Энэ бол цаасан томилолтоос илүү үнэтэй үүрэг шүү дээ гэж бодогдон тэрээр яаманд очиж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд замын унаагаар Хөвсгөлийг зорьжээ. Тэр энэ нутгийг онож мэндэлж, нутаг нь түүнийг урин дуудаж, түүгээр дутсан мэт.
Хүний залуу нас гэдэг амьдралын олон дурдатгал дундаас хамгийн тод өнгийг өвч шингээсэн байдаг. Лабораторийн цагаан халаад өмсөөд хуруу шил харшуулж хэмжилт хийсэн шигээ зогсох ёстой химич залуу хэдэн сар өдрөөр чимээ анир, бараа сураггүй аглагших байгаль хамгаалагч болчих юм чинээ хэн санах билээ. Багын моринд эрэмгий, ажилд гавшгай хүүгээ нутгаа зорьж ирсэнд аав ээж хоёр нь үг унагасангүй.
Ж.Төмөрсүхийг нутагтаа очоод жил тойрсны дараа Наранцэцэг хоёр сартай хүүгээ тэврээд Хөвсгөлийг зорив. Утас ч цохиж яриагүй, ирнэ гэж төсөөлөөгүй байтал хүрч ирсэнд нь Төмөрсүх баахан гайхжээ. Ийн тэдний амьдрал ганц ортой албаны байшингаас эхэлсэн түүхтэй. 1990-ээд онд “Далай ээж цаазын тавцанд” хүрч нефть, геологийн олон үйлдвэрийг татан буулгах ажил ид өрнөж байв. Энэ үед хорь гаруйхан настай байгаль хамгаалагч залуу идэвхийлэн оролцож байлаа.
Хөвсгөл далайг тойрсон чимээ шуугиан удтал намдаж Хатгал тосгон эзэнгүйдэх дөхөхөд Ж.Төмөрсүх “Мөсний баярыг” санаачлан аялал жуулчлалын баазыг хөгжүүлсэн нь бий. Эцэст далай ээж олны анхааралд орсноор 25 жил ажилласан Хатгал тосгоноо, ар гэр төвхнөсөн амьдралаа орхиод тэрээр явахаар шийдэв. Түүний хүрэн зүрхэнд Хорьдол сарьдаг, унаж төрсөн Улаан-Уул сум нь уяатай явсаар иржээ. Энэ түүх их сонин.
2012 он. Өлийн халзан даваагаар цүнхэндээ нэг ээлжийн солих хувцас, хуучин хар компьютер хийж үүрсэн ганц эр давав. Түүний зүрхэнд Хөвсгөл нутгийн хойд алсад тусгай хамгаалалтын сүлжээг бий болгож, онгон зэрлэг байгалийг хэвээр авч үлдэнэ гэх ганц хүсэл оргилж байжээ.
Учир нь хээрийн амьтны мөрөөс өөр ул мөргүй байсан дагшин газарт 7000 нинжа алт ухаж, хулгайн анчид үүрлэн, ашиг олохын тулд нэг дор арваад буга хядаж өмхийрүүлээд, хүдрээр хашаа татан их тайгыг сүйдэлж байжээ. Тэр цагт Ж.Төмөрсүх дарга мөөг ургасан хуучин байшинд Хорьдол Сарьдгийг хамгаалдаг дөрвөн байгаль хамгаалагч, нэг нягтлантайгаар ажлаа эхлүүлсэн аж.
Туурайтан, дугуйтан хүрэхгүй уул хад, өвдөг тулсан хөр цастай давааг давж, архи дарс уусан, ашиг хонжоондоо шунахайрсан, элдвийн ааштай нинжа нарт шаардлага тавих тийм ч амар байгаагүй нь лав. Энэ тухай дурсан ярихдаа ч толгой сэгсэрч байсан юм. 200 цагдаа нийлээд ч буулгаж чадаагүй хууль бус гэтэгчдийг Ж.Төмөрсүх хамтран зүтгэгчдийнхээ хамт гэр лүү нь буцааж чадсан.
Одоо Улаан-Уул сум хөгжил тааруу, аймгийн төвөөс ч хол илүү. Сүмбэр уулс, их харгуйн дундах цэлгэр газарт цэгцтэй нь аргагүй хаяалж барьсан дүнзэн байшингууд бүхий томоо сум цэнхэртэнэ. Тэр дундаа Тусгай хамгаалалттай газар гэх тэмдэг бүхий хашаа нүдэнд тод тусна. Байгалийн ногоон өнгөөр будсан саун, музей, тэмдэг тэмдэглэгээний цехтэй. Албаны бололтой шавар байшин нь тохитой дулаан. Бие засах газар нь хүртэл төвийн паалантай суултуураас дутах зүйлгүй.
Бүүдэн харанхуйд ч өдөр мэт тодрох гэрэлтэй аж. Хамгаалалтын захиргааны сургалт соёлын төвд баяраар, эсвэл хаа нэг байгаль хамгаалагчид тэдний гэр бүлийнхэнд зориулсан бүжиг болно. Ж.Төмөрсүх гуай бүжигт их авьяастай хүн юм билээ. Цасны хар, эсгий бор гутлаа тайлаад гялайтал тосолсон хар ботинк өмсчихнө. Тэгээд хөнгөн хөнгөн гишгэлээд, намс намс эргэнэ. Бас болоогүй чөлөөт бүжгийн ая явахад хоёр тийш займчин их эвтэй хөдөлнө гээч. Мөн түүний цогтой чанга хоолойгоор шүлэг дуудах нь сүрдмээр гоё. Уул ус, нутаг орны тухай шүлэг унших ахуй нүд нь тод гэрэлтэж, цээж нь дүнхийнэ.
Цаст уулын хүү төрлөө
Цамба гутал санаа алдсан
гэж тэрээр “Би” гэх шүлгээ асаж дүрэлзсэн омог бардам залуу төрхөөр дуудаж байсан юм.
Дэгсдүүлэх зүйлгүй ээ, энэ алс бөглүүд жинхэнэ амар амгалан тогтож. Гэвч энэ сум өнөөгөөс арван жилийн өмнө ийм байгаагүй. Дайжмаар бэрх байсныг мартаж үл болно.
Энэ нутгийн унаган төрхийг эргүүлэн авчрахын тулд Ж.Төмөрсүх хамаг залуу нас, бүхий л үйл хэргээ зориулсан, зориулсаар ч яваа. Тэр ажлынхаа модон конторт зургаан жил үстэй дээлээр тулмаадаж унтдаг байсныг одоо хамтран ажиллагсад нь ч, тэр өөрөө ч бахдан, халган ярьдаг юм билээ. Гал ноцохгүй, дүлий пийшинтэй хүйт даасан амбаарт дагдчин хонох нөхрөө дулаан оронтой болгохын тулд Наранцэцэг, байгаль хамгаалагчидтай үгсэн тохирч нэг л өдөр тэвш дүүрэн ачаа ачсаар Хатгалаас хүрээд ирж. Урьтаж хэлбэл Төмөрөө дургүйлхэнэ. Тэр түүний занг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Ингээд гурав хоногийн дотор жижиг дүнзэн байшин босож, Төмөрөө дарга албанаасаа өрх тусгаарласан түүхтэй. Тэр өдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 06. Байшингийнх нь ханан дээр жижиг дурсгалын жаазанд он сарыг нь сийлж ийн хадсан байв.
Энэ нутгийн хүмүүс бүгд түүнийг Төмөрөө дарга гэж дуудна. Тэр хүмүүсийг ажиллуулсан шиг ажиллуулж бас урамшуулж чаддаг. Байгаль хамгаалагчийн эхнэрийг жилдээ хоёр удаа цуглуулж, нөхрийнх нь ажлыг таниулах сургалт явуулна. Агуу нутгийг хамгаалах гэж байгаль хамгаалагчид хэрхэн ажиллаж буйг, ар тал нь бат найдвартай байхын сайхныг эхнэрээрээ иш татан ойлгуулдаг. Тэр бүхнийг сонсоход нөхрөө илүү ойлгох сэтгэл төрдгийг нутгийн байгаль хамгаалагчийн эхнэр хэлж байлаа.
-Төмөрөө даргатай хэрийн хүн эгнэхгүй. Даргын ямагт шинийг санаачилж юухнаар ч юм хийж чадах уртай байдлыг биширмээр. Ганц бидэнтэй ажиллаад зогсохгүй ахуй амьдралын асуудал бүрийг мэдэрч, гүйцээж чаддаг. Ямартай л цаг агаарын бэрхэд олон хоногоор хээр хөдөө явдаг байгаль хамгаалагчдын ар гэрийг бодож бүгдэд нь модон байшин барьж, хаягдлаар нь тавилга босгоод өгчихсөн.
Хот хүрээ, гадаад дотоод явахдаа хүүхдүүддээ амттан өвөртөлж ирдэг аав шиг л эсгий гутал ер уул хаданд явахад юу хэрэгтэй тэр бүгдийг цуглуулаад ирнэ. Бид түүнийг аав л гэж боддог. Тийм л нөмөртэй хүн дээ гэж Хорьдол Сарьдгийн дархан цаазат газар хорь гаран жил байгаль хамгаалагч хийж буй н.Нямхүү ярьсан юм.
Та сайн байгаль хамгаалагч бас их сайн удирдагч юм.Харин өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ гэж Ж.Төмөрсүх ахаас асуусан юм. Хариуд тэр эрүүгээ хэд илсхийгээд жилийн 365 хоногийн тэн хагаст нь гэрийн бараа хардаггүй хүн шүү дээ би. Отгон хүүгээ төрөхөд л хамт байснаас том гурвыгаа сар болсны дараа л харж байлаа гээд инээвхийлэх аядав. Тэгж хором хэр сууснаа харцаа өргөж, “Гэвч гэр бүл гэдэг хөвч тайгад ч надтай хамт байдаг юм.
Нараа бол мундаг ажилсаг эмэгтэй, дээр нь их зоригтой. Ар давхрын мухарт дөрвөн хүүхдээ ганцаар өсгөсөн. Хийж үлдээсэн шувуун бууг дэргэдээ тавиад шөнө цурам хийлгүй хонодог байсан. Ахуйн буулганаас намайг чөлөөлсөн болохоор агуу нутгаа хамгаалахад хүчээ бүрэн өргөж яваа даа ах нь” гээд тогтуун харж толгой дохиж байлаа.
Тэтгэврийн нас нь дөхөх үед тэр хувийн амьдралаа хөөж, Хатгалдаа төвхнөн, хэдэн сайн морь уяж, эхнэртэйгээ өтөл насаа хамт өнгөрүүлэх бодолтой байжээ. Гэвч 30 гаруй жил, амьдралын утга учраа болгосон энэ газраа хэнд, юунд итгэж хариуцуулах вэ? Хээр гадаа, шөнө орой тувт энэ бодол л түүнийг зовоох аж. Сэтгэлд нь хүрэх залгамж халаа одоо даан ч алга гэх. 1.6 сая га энэ онгон тайгыг хяналтдаа байлгана гэдэг оюун ухаан, санаа сэтгэл барсан нүсэр хүнд ажил. Байгаль хамгаалагч тэшүүр, цана, чарга, явган нойтон явж чаддаг элдэвтэй байх ёстой. Одоо түүний энд хүрэх нь бүү хэл бэлд нь хүрэх байгаль хамгаалагч гарч ирээгүй л байна.
Дөчөөд жил өнчин ишигний ч эрх ашиггүй, хэдэн төгрөгийн цалин авч буйгаа ч анзаарч харахыг чухалчлалгүй гагц Хөвч тайгаа гэх хүрэн зүрхнийхээ цохилтоор тэр энэ нутагт ажиллаж ирэв. Хяруун дунд хөл даарахад үхрийн баасанд дулаацуулж, хуурай гишүүгээр гал ноцоож, бээрсэн хуруугаа ээх ердийн энэ үзэгдэл ч түүнд ертөнцөөс мэдрэх хамгийн том таашаал. Ж.Төмөрсүх хэрийн хүний гоё үгэнд хөөрөх нь үгүй. Тэгсэн атлаа хөвч тайгадаа явах үест маш хүчтэй араншинтай болж, огшдог, уярдаг бүр уйлдаг.
Эх орон гэдэг үгний утгыг хорин хэдтэй залуухан байгаль хамгаалагч байхдаа тэрээр тултал мэдэрсэн гэх. Өвдөг тулсан хөр цасанд Бярангийн тайга гэх үхэж ч мэдэх бартаат газар эгээ ганцаар явж байгаад Оросын хилийн шугаман дээр тулж очмогц зог тусжээ. Тэр цааш нэг алхам ч гишгэж зүрхэлсэнгүй. Ердөө цементэн ганцхан шон надад эх орон гэдэг үгний үнэ цэнийг тэгж мэдрүүлсэн юм даа гэж асаж цоолдсон харцаар бахдангуй хэлж байлаа.
Хүний амьдралын дөчин жил богино хугацаа биш. Тэр хоёр охин, хоёр хүүтэй. Аавыгаа өвч дуурайсан хөвгүүд нь бэрх атлаа бахдам энэ замыг эргэлтгүй сонгож. Сайн байна гэж барагтай хэлэхгүй, болж өгвөл өөрөөр нь арга эвийг олуулж, зүтгүүлдэг тэрээр хүүхдүүдээ биеэ даалгаж хүмүүжүүлсэн. Тийм ч учраас гаргасан шийдвэр, сонгосон замыг нь үгүйсгэж байсангүй. Хүний хорвоод амьдарсан шиг амьдарч яваа гүндүүгүй энэ эрхэмд зүрх бутарч, хэнхдэг хоосортол харамссан мөч бий. Дүүрэн орон зай дундарч, байсан хүн байхгүй болох шиг хөндүүр амьдралд өөр юу байх билээ.
Түүний том хүү Ж.Лхагвасүмбэрэл эх байгалийнхаа төлөө эрс эрмэгхэн зүтгэж яваад хөрст газартаа үүрд шингэн Монголын ард түмний хүү болж үлдсэн. Амаргүй цаг хугацаа... Шил дарсан заналхийлэлд тэсэж, тэмцэж явах үед нь ганц удаа ч болов - Миний хүү боль, нутагтаа ир гэж хэлэх минь ч яав даа гэж санаж бэтгэрсэн эцгийн нүдэнд гуниг хураад үг дуугүй хэсэг суусан юм.
Давчидсан, санаа сэтгэл барсан үед тэрээр уул хадаар явж тайвширдаг. Харин хүүгээ алдсанаас хойш хээрээр явах ч түүнд өр эмтэлсэн хөндүүр болж байсан гэх. Цэвэр баяр хөөр нь үгүй хариугүй эмзэгхэн сэтгэл...Хүүгийнх нь зорилго, амийг шингээсэн Тост тосон бумбын нурууг Ж.Төмөрсүх гэр бүлийн хамт өнгөрсөн зун зорьсон. Зорих зорихдоо Тусгай хамгаалалттай газар гэх тэмдэг бүхий самбарыг босгож, дүрийг нь хаднаа сийлээд иржээ.
Цан, хөлсөндөө дарайж, нар хурд илэгдсэн даавуун хөх дээлээ өмсөн, дархад цагаа адуугаа давриулж, бараантан дүнхийх Улаан тайга, өнгө алаг Тэнгис Шишгэд, Ян өндөр оргилоо хэрэн сүлжих эгэл нэгэн байгаль хамгаалагчийн амьдрал уудлаад баршгүй энгүүн аж. Нутгаа тэр бахдан, дурсан, дуудан ярьж, Монголын Швейцар гэж зүйрлэн хэлэх дуртай. Үгийн уртай зохиолч, найрагчид ирээд онож зүйрлэмгүй нутаг юм аа гэж дуу алдан буцдаг аж. Чухам хараа булаам энэ нутгийг мэдрэхээс өөрөөр илэрхийлж баршгүй ээ.
Тэртээд Монгол нутгийн хойморт сүндэрлэх Хорьдол сарьдаг газраас тэнгэр өөд цоононо. Улсынхаа зулайд орших уулсыг Дархадын хотгор нутгийн төлөө амьдарсан, амьдарч яваа, амьдарсаар ч байх тайгын хүн ширтэж зогсоно. Хүний хүч чадал сэтгэл зүрхэндээ оршдогийг өөрийн уудлаад баршгүй амьдралын түүхээр гэрчлэх нь хүмүүний утга учрын тод илэрхийлэл болох аж. Жир бишийн онцгой, хүй байгалийн тансаг үнэрээр сүрчиглэсэн Улаан-Уул сумын Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Жалын Төмөрсүх. Тэр бол байгалийн хүн. Хөвч тайга нь хүрэн зүрхэнд нь зүйл бүртэйгээ бүхэлдээ багтдаг уужмаас уужим оршихуй.